Categories
мэдээ нийгэм

Ц.Баатархүү: Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 100 хоногт хийсэн үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ сэтгүүлчдэд танилцууллаа.

Хурлын эхэнд НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид Засаг дарга С.Батболдыг эхний 100 хоногт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар санаачлагагүй ажилласан гэдгийг онцолсон юм. Мөн энэ хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд “хойрго” ажилласан гэлээ.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад том өрөөнд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулснаас эхлэн, харьяа агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч ажилласан. Мөн 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгсөн. Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Цаашид ч олон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байгаа” гэв.

Мөн тэрээр “Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of the beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэсэн” гэдгийг онцоллоо.

Харин Э.Бат-үүл томилогдоод 100 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, төв замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлөн өгч, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээв.

Мөн хууль зөрчсөн газар олголтыг таслан зогсоох, зөрчилтэй барилга байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх ажлыг эхлүүлсэн. ЕБС-ийн хүүдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд зориулж, гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэн, алслагдсан дүүргийн сурагчдыг сургуулийн автобусаар явуулах гэх зэрэг олон ажлуудыг хийсэн гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа.

Тэд Засаг дарга С.Батболдын үйл ажиллагааг муу ажилласан дүгнэж байгаа шалтгаанаа “Э.Бат-Үүл эхний 100 хоногт 219 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 119 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага,зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргасан” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн хурлын төгсгөлд НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргаж, 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчилж байгаа нь АН-ын үед хэрэгжүүлж байсан ажлыг үгүйсгэсэн явдал боллоо.

Нийслэлчүүдэд өнөөдөр нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал байна.Нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор”, түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачлагагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *