“Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж” сэдэвт хурал боллоо. Хурлын үеэр Эмпасофт ХХК-ийн менежер Ц.Баатартай ярилцлаа.
-Хурлын зорилго ач холбогдол юу вэ?
-Дижитал шилжилт гэж ойлголт яваад байгаа. Энэ шилжилтийн эргэн тойронд яриа өрнүүлж байгаа гэж ойлгож болно. Гаднаас гурван илтгэгч оролцож байна. Microsoft-ийн бүс хариуцсан захирал “Microsoft өөрөө дижитал шилжилт гэдэг зүйл дээр ямар агуулгаар байгууллага хүмүүст тусалж, нэвтрүүлэх ажилд оролцох, ямар байдлаар технологийг дэмжиж ажиллах, Microsoft дижитал шилжилт гэдэг зүйлийг яаж харж байгаа вэ” гэдгийг тайлбарлаж байна. Мөн Энэтхэгээс Bank of America зэрэг томоохон байгууллагын удирдах түвшинд ажиллаж байсан Прасар гээд төлөөлөгч ирсэн байгаа. Энэ хүн мэдээлэл технологийн засаглалын талаар илтгэл тавьсан. Байгууллагын засаглал, компанийн засаглал гэдэгтэй ижилхэн компанийн засаглал дотроо мэдээлэл технологийн засаглалын нэг хэсэг нь IT-ийн засаглал. Үүний талаар ойлголтууд өглөө. Гурав дахь төлөөлөгч маань Лионид оросын томоохон IT компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Дижитал шилжилт хийх явцад байгууллагууд юун дээр алддаг вэ, юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар илтгэл тавилаа. Бид зөвхөн IT чиглэлийн хүмүүсийг хамруулаагүй. Хүний нөөц үйл ажиллагаа гээд байгууллагын аль болох дотоод зохион байгуулалтад ажилладаг хүмүүсийг хамруулахыг хичээсэн. Илтгэлийн сэдвүүд маань ч гэсэн техник хүрээнд биш илүүтэй ерөнхий байдлаар явж байгаа.
-Энэ чиглэлийн судалгаа хийсэн үү?
-Эмпасофт академийн зүгээс сүүлийн 1-2 жил хийсэн сургалтуудаасаа судалгаа хийсэн. Судалгаагаар технологийн чиглэлийн сургалтууд дээр ямар зүйлүүд ажиглагдаж байна гэдэг статистик талаас нь үзүүлэлтүүд гарсан. Манай хоёр харилцагч байгууллага энэ хуралд оролцож илтгэл тавьсан. Өөрсөд дээрээ хэрэгжүүлсэн дижитал шилжилттэй холбоотой өөрсдийнхөө туршлагыг хуваалцлаа. Нэг нь “Мобиком” компани. “Мобиком” компанийг манайхан анх Microsoft-ийн клуб шилжилт рүү шилжихэд нь туслах үйлчилгээ үзүүлсэн. Түүн дээр ямар асуудлууд гарав гэдэг кейсүүд ярьсан.
-Голдуу IT чиглэлийн компаниуд байгаа юм байна. Тэгэхээр энэ чиглэлийн хамгийн сүүлийн үеийн шинээр нэвтэрсэн технологиуд юу байгаа вэ?
– Microsoft-ийн CEO-гийн хэлсэн үг бий. “Ирээдүйд бүх компаниуд “Softwаre” болно. Яагаад гэвэл бүх компаниуд бизнес модель гэдэг зүйлээ өөрчлөөд ямар нэг байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээний технологидоо уялдуулсан хослуулсан эсвэл үүгээр дамжуулсан хэлбэр рүү явна” гэж хэлсэн. Тэгэхээр үүн дээр бизнесийн байгууллагууд зах зээл нь тэлээд ирэхээр юугаараа хоорондоо өрсөлдөх вэ гэхээр хэн технологитой уялдаж хамгийн зөв загвар гаргаж ирж чадаж байна түүгээрээ ямар нэгэн платформ ашиглаж байна уу гэдгээс хамаарсан өрсөлдөөн бий болох нь. Тиймээс энэ салбарт яг энэ шийдэл болно гэсэн зүйл байхгүй. Жишээлбэл, тээвэр ложистикийн салбарт ийм шийдэл байна. Энэ хамгийн сүүлийн үеийн маш сайн технологи гээд авч хэрэглэхээр дараагийн компани нь түүнийг нь адилхан аваад хэрэглэчихдэг. Тэгэхээр бие биенээсээ ялгарах зүйлгүй болчихно. Ялгарахгүй болоод ирэхээр бизнесийн давуу байдал байхгүй болчихож байгаа юм. Байгууллага бүр өөрийн гэсэн бизнес загвараар ялгарахын тулд өөр өөрийн гэсэн тодорхой “know how” шингээсэн software платформ ашиглах хэрэгцээ байна. Монголд хамгийн их ажиглагддаг салбар банкны салбар. Банкууд бүгд нэг төрлийн software ашиглаад ирэхээр нэг нь нэг бүтээгдэхүүн шинээр гаргахаар бүгд маргааш нь дагаад гаргачихдаг. Тэгэхээр хамгийн анх санаачилсан хүмүүсийн хүч хөдөлмөр үгүй болдог. Банкууд эргээд бие биенээсээ ялгарах платформын системүүдийг эрэлхийлдэг болсон. Тэр нь нэг ёсондоо бизнесийн нууц болж байна гэж ойлгож болох нь.
-IT салбар дараагийн шатанд яаж дэвших боломжтой юм бол?
-Одоогийн явуулж байгаа бизнес процесс дээрээ анализ хийгээд бусад ижил төстэй гадны байгууллагууд яаж явж байна, манай орны нөхцөлд явж байгаа процесс дээр бидэнд юу нь илүү их цаг зав үрсэн, зардал ихтэй байна гэдэг дээр анхаарч, хэрэглэгч харилцагчдаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхдээ хаана яаж цаг хэмнэх, хүртээмжтэй олон хүнд хүргэх вэ, үүн дээр технологийг яаж ашиглах вэ гэдэг дээр сэтгэлгээний өөрчлөлттэй байх хэрэгтэй. Тухайн байгууллагын хүн бүр ялангуяа удирдах түвшний хүмүүс байнга технологийн тал дээр ойлголт аваад бизнес загвар дээрээ илүү ажиллаад яаж өөрчилж болох уу, энэ технологийг ашиглаад бид цаг хугацааг яаж хэмнэх үү, зарцуулж байгаа зардлаа яаж багасгах уу, цөөн хүнээр яаж илүү хүртээмжтэй ажиллах вэ гэдэг зүйлүүд технологийн тусламжтай өөрчилж болох уу гэдэг талаас нь анхаарч байж дараагийн шат руугаа ахина.
-Монголд дижитал салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд юу байгаа вэ?
-Технологи талаасаа манайх харьцангуй сүүлийн үеийн технологиудыг хэрэглэж чаддаг. Жишээ нь, 3G, 4G интернэтийг хаа сайгүй хүртээмжтэйгээр хэрэглэж байна. Хүн бүр тодорхой хэмжээгээр смарт утас ашигладаг болчихлоо. Техник, технологи талаасаа манайх дэлхийгээс хоцроод байгаа юм байхгүй. Зарим улсуудаас бүр түрүүлээд явж байгаа. Гол нь энэ зүйлүүдээ яаж хүртээмжтэй, үр дүнтэй ашиглах вэ гэдэг дээр хүмүүсийн оролцоо чухал байна. Оролцоо байхын тулд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Байгууллагуудад тийм соёл бий болгох хэрэгтэй. Технологи ашиглалтын соёл ч гэдэг юмуу. Энэ нь л чухал.
-Тэгэхээр тэр талын мэргэжилтэн ч юмуу ажилтан бэлтгэх боломж бий юу?
-Энэ нь нэг хүн сургалт хи йгээд сурчихдаг зүйл биш. Ерөнхийдөө хүн бүр шинэ технологийн талаар мэдээлэл авахыг хичээдэг байх хэрэгтэй. Гадаад хэлтэй байх юм бол технологийг сурах маш их боломж бий. Янз янз платформууд байна. Энэ платформуудаас маш хямдаар сурах боломжууд бий. Интернэтээс хараад сурчих зүйлүүд нээлттэй. Заавал нэг анги танхимд суугаад багшаас сургалт аваад байхаас илүүгээр хувийн зүгээс хичээхэд сурах боломж нөхцөлүүд бүрэн байна.