Categories
мэдээ цаг-үе

Ц.Баасандорж: Манайх бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн программаа хамгийн олон хэрэглэгчдэд нийлүүлж чадсан


“Эм Эс Пи Ди Ти” ХХК-ийн захирал Ц.Баасандоржтой ярилцлаа.


-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Байгуулагдаад хэр удаж байгаа бол?

-Манайх 2015 оноос эхлэн бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид бөөний худалдаа эрхлэгчдэд зориулсан борлуулалтаа хянах системийг хөгжүүлдэг. Тодруулбал, бөөний худалдааны салбарынхан энэхүү технологийн шинэ дэвшлийг ашиглаад борлуулалтаа хянаж чаддаг болсон гэсэн үг. Биднийг энэхүү системээ нэвтрүүлж байх үед азтай ч гэж болохуйц зүйл тохиолдсон нь төрөөс мэдээллийн технологийн чиглэлээр хоёр үйл ажиллагаа авч хэрэгжүүлсэн явдал байлаа. Энэ хоёр үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр манай компанийн “DManager” программ зах зээлд нэвтрэх, өсөж хөгжихөд чухал дэмжлэг болсон.

“ТАЛХ ЧИХЭР”, “ТЕСО”, “ГАЗАР ШИМ”, “МАКСИМУС”, “СТИМО” ЗЭРЭГ ТОМООХОН КОМПАНИУД МАНАЙ ПРОГРАММЫГ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ БАЙНА

-Төрөөс мэдээллийн технологийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд нь юу байв?

-Нэгдүгээрт, Монгол Улс 2016 оноос эхлэн Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn системийг хэрэгжүүлсэн. Энэ нь улсын төсөв санхүү, татвар хураалтад сайн нөлөө үзүүлэхээс гадна Монголын IT-гийн хөгжилд түлхэц болж, маш том давалгаа үүсгэсэн. Энэ хүрээнд хувь хүн, аж ахуй нэгжийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Манайхтай ижил үүлэн технологид суурилсан программууд зах зээлд нэвтрэх боломжтой болсон юм. Бид энэ боломжийг ашиглаж зах зээлд хялбархан нэвтэрсэн. Хоёрдугаарт, 4G технологийн нэвтрэлт чухал нөлөө үзүүлсэн. Хуучин 3G технологитой байх үед мэдээлэл дамжуулах хурд нь удаан, гар утасны цэнэг амархан дуусдаг гэх мэт хүндрэлүүд ч гардаг байсан. Энэ нь манай “DManager” аппликейшныг ашигладаг борлуулалтын ажилтнуудад ч бэрхшээл болдог байв. Харин 4G нэвтэрсэнээр апп дээр гардаг маш олон асуудлыг шийдсэн. Энэ хэрээрээ манай хэрэглэгчийн тоо хурдтайгаар нэмэгдсэн юм.

Энэ хоёр шиг том өөрчлөлт нэг хэсэгтээ гарахгүй учраас шинэ програмуудад гарч ирэхэд хэцүү байх болно. Том өөрчлөлттэй манай үйл ажиллагаа эхлэж таарсныг аз гэж боддог.

-“DManager” аппликейшныг өнөөдөр хичнээн аж ахуй нэгж ашиглаж байна вэ?

-“Талх чихэр”, “Тесо”, “Газар шим”, “Максимус”, “Стимо” зэрэг томоохон компаниуд манай программыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Товчхондоо, манайх бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн програмын зах зээлийн хамгийн их хувийг эзэлдэг. Энэхүү программаа хамгийн олон хэрэглэгчдэд нийлүүлж чадсан цорын ганц компани болоод байна. “Эм Эс Пи Ди Ти” ХХК маань ч 40-өөд ажилтантай болж өргөжин тэлсэн байна.

БОРЛУУЛАЛТЫГ ДОР ХАЯЖ 20 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР ӨСГӨДӨГ

-Энэ зах зээлд өөрсдийн байр сууриа хэдийнэ олж, үнэнч хэрэглэгчидтэй болж чаджээ. Ийнхүү онцгойрч чадаж байгаагийн нууц нь юу вэ. Та бүхэн хэрэглэгчдэд ямар давуу талыг бий болгож чадаж байна вэ?

-Бөөний худалдааны байгууллагуудад борлуулалтаа бүрэн удирдах боломжийг олгодог. Жишээ нь бид 50 хүний бүрэлдэхүүнтэй борлуулалтын албанаас асуудаг. Зах зээлийнхээ хэдэн хувийг хамарч, борлуулалт нь үр өгөөжтэй байна уу? гэж. Зарим нь үүнд хариулж чаддаггүй. Зах зээлд хэр хэмжээг эзэлж байгаагаа мэдэхгүй, зах зээлийнхээ 80-аас дээш хувийг хамарч чадахгүй байвал борлуулалтын албанд нь асуудал байна гэж хэлж болно.

Харин манай программыг ашигласнаараа зэх зээлийнхээ хэдэн хувийг хамарч байгаагаа мэдэж чадна. Хаана асуудал байгааг ч бид “оношилж”, алган дээр тавьсан мэт маш тодорхой болгож өгдөг. Дээрээс нь манай системт нэвтэрснээр тухайн компани борлуулалтаа бүрэн хянаж чаддаг. Борлуулалтын ажилтнуудын ажлын гүйцэтгэл, хаана, хэрхэн ажиллаж байгааг удирдлага хаанаас ч хянах боломжтой. Эдгээр нь борлуулалтын үйл ажиллагааг эрс сайжруулж, борлуулалтын дүнг нэмэгдүүлдэг давуу талтай юм. Борлуулалтыг дор хаяж 20 болон түүнээс дээш хувиар өсгөдөг гэдгийг ч онцлох нь зүйтэй байх.

-Тодорхой үр дүн гарсан жишээнүүдээс дурьдахгүй юу?

-Өмнөх хэдэн жилүүдэд эдийн засаг хямарсан. Энэ үед манай программыг ашигладаг дээрх компаниудын борлуулалт байнга өсч байсан. Энэ бол хамгийн том жишээ, үр дүн. Эдийн засаг хямрах үед хүмүүс зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаагаа мэдэхгүй, баримжаагаа алдчихдаг юм билээ. Хямраад байгаа учир борлуулалт буурч байна л гэж ойлгоод байдаг. Яг бодит амьдрал дээр технологийн хөгжлийг ашиглаад өрсөлдөгч нь илүү сайжирч, чангарч, бусад өрсөлдөгчиддөө нөлөөлөөд байгаа хэрэг юм.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ЗАХИАЛСАН БАРААГАА 24 ЦАГИЙН ДОТОР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖОЙ БОЛНО

-Цаашид ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Бөөний худалдааны байгууллагуудын өрсөлдөөн маш ширүүн. Тиймдээ ч тэд зах зээлээ тэлэх, улмаар тэсэж үлдэхийн тулд байнгын шинийг эрэлхийлэгч байдаг. Шинэ технологи, шинэ арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь тэдний өрсөлдөөнт зах зээлд тун чухал. Энэ онцлог нь ч бидэнд үргэлж шинэ технологийг судалж, ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг гарган харилцагчдадаа нийлүүлэхийг шаардаж байдаг юм. Бид программаа тасралтгүй хөгжүүлэхээс гадна шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Энэ нь “ОНЛАЙН ДИСТРИБЮШН” гэх гурван үндсэн үйлчилгээ, бусад нэмэлт боломжуудыг агуулсан цогц систем юм. Эхний үндсэн үйлчилгээ нь жижиглэн худалдаа эрхлэгчид хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр захиалах, захиалсан бараагаа 24 цагийн дотор хүлээн авах боломжийг олгоно. Манай системийг ашиглан онлайнаар захиална гэсэн үг. Энэ нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажлыг хөнгөвчилж, нөөцөө зөв тодорхойлоход нь хөтөч болж чадах юм. Нөгөө талаас бөөний худалдаа эрхлэгчдэд зах зээлийн эргэлтийг мэдээлж, зөв цагтаа, зөв газраа, зөв бараагаа байрлуулах боломжийг олгох давуу талтай.

ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ 14 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ХҮҮ, ШИМТГЭЛГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО

-Тэгвэл хоёр дахь үйлчилгээ нь юу байх вэ?

-Хоёр дахь үндсэн үйлчилгээ нь мөн жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулагдсан. Тодруулбал, жижиглэн худалдаа эрхлэгчид манай системээр дамжуулан худалдан авалт хийвэл байнгын нэг хувийн урамшуулал авах юм. Мөн үнэнч хэрэглэгчдэдээ 14 хоногийн хугацаатай ямар нэгэн хүү, шимтгэлгүй зээл авах боломжийг ч бид олгоно. Бөөний худалдаа эрхлэгчид манай системийг ашиглан бараагаа зээлээр, бэлнээр зарснаасаа үл шалтгаалаад мөнгөө шууд авч болно. Түүндээ ямар нэгэн хүү, шимтгэл төлөхгүй. Үндсэн үйлчилгээний гурав дахь нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх явдал юм. Компани бүрт харилцагчийн сан бүрдүүлэх ажил хийгддэг. Зарим групп компаниуд охин компаниудынхаа дунд тусгай нэгж байгуулаад, харилцагчдын нэгдсэн сан үүсгэсэн байдаг. Бид энэ үйл ажиллагааг нь хялбарчлаад Монгол Улсад байх бүхий л жижиглэн худалдаа эрхлэгчдийн сан байгуулж, өөрсдөө хариуцаж ажиллая гэж байгаа юм.

“ОНЛАЙН ДИСТРИБЮШН” ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ УЛААНБААТАР ХОТООС АЛСЛАГДСАН 12 АЙМАГТ НЭВТРҮҮЛСЭН

-Энэ систем хэзээ нэвтэрч, жижиглэн худалдаа эрхлэгчид ашиглах боломжтой болох вэ?

-Манай харилцагч нарт нэг онцлог байдаг. Аливаа зүйлийг бөөрөнхийлөхгүйгээр шууд хариугаа хэлчихдэг. Муу шийдэл санал болгоод үгүй гэдэг хариулт авчихвал ахин зөвшөөрүүлэх санал авна гэдэг тун хүнд гэсэн үг. Энэ утгаараа бид үйлчилгээнийхээ давуу талыг харилцагчдадаа мэдрүүлэхийн тулд туршилтын хувилбарыг санал болгосон. Эхлээд “ОНЛАЙН ДИСТРИБЮШН” үйлчилгээгээ Улаанбаатар хотоос алслагдсан 12 аймагт нэвтрүүлсэн юм. Есдүгээр сард 12 хувь, аравдугаар сард 17 хувь өссөн нь чамлахаар үзүүлэлт биш. Арваннэгдүгээр сарын борлуулалт өмнөх сараас 15 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Бидний тооцоолсончлон энэхүү үйлчилгээ маань үр дүнгээ өгч, борлуулалтын дүн нэг сарын хугацаанд гурван тэрбум төгрөгөөс дээш гарч, зах зээлийнхээ нэг орчим хувьд хүрэхэд бид анхны хувилбар гэж нэрлэх болно. Улмаар улс даяар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Шинэ үйлчилгээ маань борлуулалтыг хангалттай өсгөхгүй ч харилцагч нарт шинэ нөхцөлд дасахыг шаардана. Хамгийн гол нь ажилтан очоод ятган борлуулалт хийхгүй учир маркетингийн үйл ажиллагаагаа өөрчлөх боломжийг олгоно. Энэхүү үйлчилгээ нэвтэрсэн аймгуудад бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарах ч боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *