Categories
мэдээ цаг-үе

Ц.Адъяасүрэн: Озоны давхарга 10 жил тутамд нэгээс гурван хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоосон

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Озоны давхаргын нөхцөл байдал ямар байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал, доктор профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхарга нимгэрч, хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байгаа талаар 2000-аад онд хүчтэй яригдаж байсан. Харин өнөөдөр энэ нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-Озоны молекул хүчилтөрөгчийн гурван атомаас тогтдог дэлхийн агаар мандлын нэг бүрэлдэхүүн хэсэг. Хэдийгээр озон агаар мандалд тун бага хэмжээтэй байдаг ч хүн, амьтан, ургамал, тэдний экосистемийн эрүүл оршин тогтноход хамгийн чухал үүрэгтэй. Нарнаас ирдэг их энергитэй хэт ягаан туяаг энэ давхарга өөртөө шингээж газрын гадаргад ирэхээс сэргийлж шим мандлыг хамгаалж байдаг. 1980-аад оны дунд үед эрдэмтэд нарнаас ирдэг хэт ягаан туяаг өөртөө шингээдэг дэлхийн озоны давхарга байх ёстой хэмжээнээсээ нимгэрч, хүний эрүүл мэнд болон дэлхийн эко системийн тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэдсэн. Озоны давхарга хомсдоход хүрсэн шалтгаан ердөө хүний үйл ажиллагаатай холбоотой байсан. Хүний хэрэглэж байгаа зарим химийн бодис давхраат мандалд хүрч, озоны молекулуудыг задалж байгааг тогтоосон байдаг. Эрдэмтэд озон задалдаг химийн бодисын зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйг олж нээснээр 1987 оны есдүгээр сарын 16-нд “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг батламжилсан түүхтэй.

Одоо бол Монреалийн протоколыг дэлхийн бараг бүх улс батламжлаад байгаа. Озоны давхаргыг хамгаална гэдэг хүн төрөлхтний эрүүл мэнд, манай гаригийн эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалахын төлөө хийж байгаа үйл ажиллагаа юм. Энэ хамтын ажиллагааны үр дүнд озоны давхарга сэргэж, сайжрах хандлагатай болсон. Энэ бол хүн төрөлхтний, өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнуудын хамтран ажиллаж чадвал ямар амжилтад хүрч болдгийн тодорхой сайн жишээ. Манайхны ярьдгаар амьд жишээ гэсэн үг. Дэлхий дахины гэрээ конвенцууд дотор хамгийн сайн хэрэгжиж байгаа нь Монреалийн протокол юм. Түүнээс гадна Цөмийн зэвсгийн тухай, Цөмийн зэвсгийг хориглох тухай конвенц гээд олон бичиг баримт бий.

-Озоны давхарга сэргэж сайжирч байгаа гэлээ. Яг таг тодорхой хэлэх үр дүн юу байна?

-Байлгүй яахав. Монреалийн протокол сүүлийн 30 гаруй жил хэрэгжихдээ озон задалдаг 100 орчим бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж чадсан. Ингэснээр озоны цоорхой эргэн нөхөгдөж эхэлсэн. 2018 оны байдлаар озоны цоорхой 2000 оноос хойш арван жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоогоод байна. Ер нь протоколын талууд хүлээсэн үүргээ цаашид амжилттай биелүүлж чадвал хойд туйлын озоны давхаргын хэмжээ 2030 онд, өмнөд туйлын озоны давхарга 2060-аад онд гэхэд өмнөх 1980 оныхтой ижил хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж судлаачид таамаглаж байгаа юм. Озон задалдаг бодисууд бүгд хүчтэй хүлэмжийн хий учир хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихэсч дэлхийн дундаж температур одоогийнхоос нэмэгдэх байсан гэж байгаа.

-Дэлхийн дулаарлаар зогсохгүй хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах байсан гэдэг шүү дээ. Та үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Озоны давхарга цоорох буюу хэмжээ нь багассанаар газрын гадаргад ирэх нарны хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдэж, шим мандалд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүний эрүүл мэнд талаас арьсны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг, нүдний болор цайх өвчин үүсгэнэ. Дархлааны системийг сулруулдаг. Монреалийн протоколын ачаар 2030 он гэхэд дэлхий даяар жилд дунджаар хоёр сая орчим хүн арьсны хорт хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ гэсэн тооцоолол гараад байгаа юм.

-Тэгвэл Монгол Улс озоны давхаргыг хамгаалах үйлсэд хэрхэн гар бие оролцож байна вэ?

-Монгол Улс 1996 онд УИХ-ын тогтоолоор Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон. Ингээд 1999 онд озоны давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэж, 129 дүгээр тогтоолоороо баталсан юм шүү дээ. Энэ тогтоолын хүрээнд Озоны үндэсний алба гэж байгуулж ажиллаж эхэлсэн. Озоны үндэсний алба байгуулагдаад 20 жил болж байна. Монгол Улс дэлхийн шим мандлыг нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас хамгаалах бамбай болсон озоны давхаргыг хамгаалах үйлсэд дэлхийн бүх улстай мөр зэрэгцэн хүчин зүтгэж ирлээ. Манай улс Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш озон задалдаг бодисын импорт, хэрэглээнд хяналт тавьж, түүнийг үе шаттай бууруулах хууль эрх зүйн орчныг бий болгож олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнээс гадна Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батламжилж “Идэвхжүүлэх үйл ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Азийн бүсийн Озоны албадад зориулсан “Озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг хэрэглээнээс гаргах явцад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг орлуулах, бууруулах” ажлыг идэвхжүүлэх олон улсын хуралдааныг Улаанбаатар хотдоо анх удаа зохион байгууллаа. Бид 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодис, технологитой бүх төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа тоног төхөөрөмжийг шинээр импортлохыг хориглох эхний алхмыг хийхээр төлөвлөж байна.

-Дэлхий нийт озоны давхаргад нөлөөлдөг химийн бодисын зохисгүй хэрэглээгээ яаж зохицуулж байна вэ?

-Озоны давхаргыг хамгаална гэдэг озоны давхаргад нөлөөлөөд байгаа хэрэглээг зүй зохистой болгох, хэрэглээний технологийг өөрчлөх асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, озон задлахад нөлөөлж байгаа гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг дэлхийн дулааралд нөлөөгүй өөр төрлийн бодисоор орлуулах шинэ технологиуд сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа. Тэр технологийг ажил болгож хэрэгжүүлэхэд засварын техникчдийн үйл ажиллагаа маш чухал байдаг. Хөргөлт, хөлдөөгч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийнэ гэсэн үг шүү дээ. Гол нь тэд мэргэшсэн, мэргэжлийн байхыг шаарддаг. Манай улсын хувьд 1999 оноос хойш озоны давхаргыг хамгаалах талаар эрх зүйн үндсээ маш сайн бүрдүүлж ирсэн. Хууль тогтоомжууд, холбогдох журмаа маш сайн гаргасан. Дараагийн ажил нь энд шаардлагатай хүмүүсийг сайжруулах стандартууд байгаа юм. Ингэхийн тулд гол төлөв евро стандартыг Монголын нутагт нутагшуулах ажлыг хийж эхэлж байгаа. Нэг стандарт батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн. Дээр нь 4-5 стандарт орчуулгын шатанд явж байна. Ирэх жилийн өдийд ажилд нэвтэрсэн байх болов уу. Мэргэжилтнүүдийн хувьд гэвэл мэдлэг чадвар нь олон улсын хэмжээнд тавигдаж байгаа стандартын хэмжээнд хүрч байгаа эсэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Мэргэжлийн боловсролын үнэлгээний төв үнэлгээ хийж гэрчилгээжүүлж байна. Дэлхийн бүх орнуудад гэрчилгээжүүлэх ажлыг хийдэг. Нэг үгээр бид найдвартай хүмүүст засвар үйлчилгээгээ хийлгэх ёстой.

-Озоны давхаргыг хамгаалахад олон улсад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Озон задалдаг бодисын хэрэглээг цаашид зохицуулахад шинэ төрлийн хэрэглээнүүд их гарч ирж байна. Энэ төрлийн бодисыг хөргөгч, хөлдөөгчинд хэрэглэдэг байсан бол одоо барилгын салбарт хөөсөнцөрт их хэмжээгээр хэрэглэдэг болсон. Манай голлох импортлогч орон БНХАУ байдаг. Тиймээс өмнөд хөрштэйгөө хамтран ажиллаж энэ ажлыг зохицуулах талаар анхаарч байгаа. Түүнчлэн манайхны хувьд хэрэглэгчид тоног төхөөрөмжийнхөө судалгааг бага хийдэг нь асуудал дагуулж байна. Хилээр хориглодог бодистой тоног төхөөрөмж оруулж ирэхийг завддаг, эсвэл нууцаар оруулж ирээд хэрэглээнд нэвтрүүлэх гэдэг. Автомашин дээр гэхэд монголчуудын унаж байгаа автомашинууд “69”-өөс бусад нь эйркондейшнтой. Манайд зуны улиралд зургаа, долдугаар сараас халж эхэлдэг. Энэ үед автомашиных нь эйркондейшн эвдэрсэн үед цэнэглүүлэх хэрэг гардаг даа. Манайхан бол хаана ч хамаагүй цэнэглүүлчихдэг. Учир нь энд тэндгүй “Эйркондейшн цэнэглэнэ” гэсэн “Би чадна”-ууд байдаг. Тийм хүмүүсээр цэнэглүүлж болохгүй. Тэд дотроо өөр бодис хольчихсон, хуурамч бодисоор машиныг чинь цэнэглэчихдэг. Тэр нь нэг юм уу, хоёр сар яваад ажиллахаа болино. Хөргөлт явуулж чадахгүй болно. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх мэргэжлийн үнэлгээний төвийн үнэлгээ хийх эрхтэй хүмүүсээс цэнэглүүлж байхыг зөвлөж байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *