Categories
гадаад мэдээ

Трамп Солонгост айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сард БНСУ-д айлчлахаар болжээ. Ингэхдээ тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жү Интэй БНАСАУ болон хоёр талын харилцаа холбооны талаар хэлэлцэх юм байна.

Д.Трамп “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсыг зорих үеэрээ БНСУ-д айлчлах аж. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, талууд айлчлалын хуваарийн талаар дахин хэлэлцэх ажээ.

“Хоёр орны удирдагчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах замаар Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох арга замын талаар хэлэлцэнэ” гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ко Мин Жүн мэдээлсэн байна.

Түүнчлэн, “Д.Трамп, Мүн Жэ Ин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд гаргах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, АНУ-БНСУ-ын харилцаа холбоо, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.

БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтуудын талаарх хурцадмал байдал дээд цэгтээ хүрч байх үед буюу 2017 оны 11 дүгээр сард Д.Трамп БНСУ-д айлчилж байсан билээ.

Өнгөрсөн онд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарч, Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар гурван удаа уулзсан бол АНУ-БНАСАУ-ын удирдагчид анх удаа уулзсан юм.

Трамп, Ким нар энэ оны хоёрдугаар сард Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсан боловч уг уулзалт хэлэлцээргүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа билээ.

Мүн Жэ Ин өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Трамптай уулзахаар АНУ-д айлчилж, хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн юм. Харин БНАСАУ тавдугаар сарын 4 болон 9-ний өдрүүдэд Дорнод тэнгис рүү пуужин харвах туршилт хийсний дараа хурцадмал байдал дахин сэргэжээ.

Үүний зэрэгцээ БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт холбогдуулан саатуулснаа АНУ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *