Categories
мэдээ нийгэм

Товчоодод халдваргүйжилтын пост ажиллана

“Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөл хэлэлцээд нийслэл тойрсон товчоодод халдваргүйжилтын пост ажиллуулах шийдвэр гаргав.

Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн таван аймгийн 24 суманд онош нь батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдан урьдчилан сэргийлэх тандалтын ажил зохион байгуулах үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Цэцэг өвчин таван аймгийн 24 суманд гарсан онош нь батлагдсан. Мөн Багахангай дүүргийн хил залгаа Төв аймгийн Баян, Налайх дүүргийн хил залгаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цэцэг өвчин гарсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Багахангай, Налайх, Багануур дүүргүүдийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг өвчний тохиолдол илрээгүй байна. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор Нийслэлийн есөн дүүргийн 162322 толгой хонь үүнээс хээлтэгч 79118 толгой онь тоологдсон байна. Улаанбаатар хот орчмын мал бүхий иргэдийн хонийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулахад 241440 тун вакцин шаардлагатай гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хэллээ. Мөн Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Багахангай дүүргийн замын цагдаагийн пост, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын дэргэд халдваргүйтгэлийн постыг ажиллуулах зардлыг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу шаардлагатай хөрөнгийг гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт цэцэг өвчин дэгдэхгүй байхад онцгой анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой комисст үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *