Categories
мэдээ цаг-үе

Тори хөдөлгүүртэй машин эзнээ 100 жил “гар хүргүүлэхгүй”

Зураг дээрх энэ “Cadillac” машин ердөө найман грамм тори (Thorium)гаар 100 жил ажиллана. Өөрөөр хэлбэл 482800 км туулахдаа байгальд ямар ч хортой утаа хаяхгүй. Эрдэмтдийн тооцоолсноор нэг грамм тори 28390 литр бензинтэй тэнцэх хэмжээний энергийн агууламжтай аж. Тори их хэмжээний энерги үүсгэж, автомашин төдийгүй бусад төхөөрөмжүүдийн зайг хангалттай цэнэглэнэ. Тори нь уранаас дөрөв дахин их нөөцтэй учир атомын салбарт ашиглавал олон зуун жилийн турш хүн төрөлхтний эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой юм байна.

Одоогоор нэг кг торийн үнэ ойролцоогоор 80 долларын үнэтэй. Лазерийн эрчим хүчний системийн гүйцэтгэх захирал Чарльк Стивенс “Тори хөдөлгүүрийн загвар нь харьцангуй авсаархан, ердөө 225 кг жинтэй. Дундаж автомашины хамар дор багтана. Машин нь эвдэрлээ ч хөдөлгүүр нь байж л байна. Нэг ёсондоо машин нь хөдөлгүүрээсээ өмнө элэгдэнэ гэсэн үг” гэжээ. Тиймээс зохион бүтээгчид нь машины агрегат нь мотортойгоо ойролцоо насжилттай байх ёстой гэж үзэж, хэт хүчтэй тийрэлтийг тэсвэрлэдэг, удаан эдэлгээтэй материалыг ашиглахыг зорьж байгаа юм байна. Саdillаc WTF (World Thorium Fuel) буюу торийн хөдөлгүүрт энэ машиныг унасан тохиолдолд 100 жилийн турш ямар ч засвар хийлгэхгүй бөгөөд жолооч нь засварын асуудлыг бүрмөсөн мартана гэж зохион бүтээгчид нь хэлжээ.

Саdillаc WTF гэх энэ машин могойн хэл, эсвэл сэрээтэй сум адил хэлбэртэй. Харахад дөрвөн дугуйтай мэт ч дугуй тус бүр нь зургаан дугуйнаас бүрддэг. Нийтдээ 24 дугуйтай. Дугуйнууд нарийхан ч гэлээ тус бүртээ индукц мотортой. Тэдгээрийг нь солих шаардлагагүй, харин таван жил тутамд тохируулах ёстой. Дугуйнууд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тохируулж энерги зарцуулах тохиргоотой. Цөмийн реакторыг уг машины арын хэсэгт суурилуулсан нь аюулгүй байдлыг харгалзан үзсэнтэй холбоотой. Хэрвээ осол аваар, ямар нэг золгүй явдал болбол реактортой тэр хэсэгт чухам юу болох вэ гэсэн сонирхолтой асуулт урган гарна.

Үүнд төслийн дизайнерууд одоогоор ямар нэг тоймтой хариу өгөөгүй байгаа юм. Энэ машины нэг том дутагдалтай тал нь зөвхөн дулаан, хуурай уур амьсгалтай улс орнуудад л ашиглах боломжтой. Бас нэг дутагдал нь жолооч болон энэ машины эргэн тойронд буй хүмүүсийг цацраг туяанаас хэрхэн хамгаалах нь тодорхой бус. Хамгаалалтын бүрхэвч нь өдөр тутамд унадаг гэр бүлийн хэрэгцээний машины хувьд хэт хүнд, нүсэрдэх учир инженерүүд үүн дээр анхаарал хандуулж, цацраг туяанаас хамгаалах бүрхэвчийг улам боловсронгуй болгох өөрчлөлт, сайжруулалтыг хийж байгаа юм байна.

Хэрвээ Саdillаc WTF төрлийн ийм машинууд амьдралд нэвтэрвэл хүн төрөлхтний хувьд газрын тосноос хараат байдлаас гарна гэсэн үг. АНУ, Энэтхэг, Австрали гэсэн энэ гурван улсад дэлхийн торийн нийт нөөцийн 30 гаруй хувь нь буюу бараг нэг сая тонн нөөц бий. Тиймээс эдгээр улс үнийн бодлого тогтоох боломжтой.

Саdillаc WTF бол одоогийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад байгальд ээлтэй, удаан эдэлгээтэй, түлш хэмнэлт сайн, засвар үйлчилгээнд нэмж мөнгө гарздахгүй гэх мэт олон давуу талтай. Торийн цөмийн түлшээр ажилладаг машин дэлхий даяар дэлгэрвэл нефтийн баячууд, сэлбэг хэрэгсэл, шатахуун борлуулагчид ажилгүй болох магадлалтай.

ТОРИ ГЭЖ ЮУ ВЭ

Англи нэршил нь Thorium. Байгальд тохиолддог, цацраг идэвхтэй химийн элемент бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт их хэмжээтэй байдаг. Торийн тэмдэглэгээ Th, атомын дугаар нь 90 бөгөөд атом нь 90 протон, 90 электронтойгоос дөрөв нь валентын электрон юм. Анх 1828 онд нээгдэж, Норвегийн аянга цахилгааны бурхан гэгддэг Торийн нэрээр нэрлэгджээ.

Байгальд тори232 (100.00%) байдаг. Тори альфа бөөмөө бага багаар алдсаар задардаг. Тори-232-ын хагас задралын хугацаа нь ойролцоогоор 14.05 тэрбум жил. Энэ нь дэлхийн гадарга дээр ураныг бодвол 34 дахин удаан оршино гэсэн үг юм. Тори нь монацит элснээс газрын ховор элемент олборлох үед гардаг дайвар бүтээгдэхүүн юм. Хуучин өргөн хэрэглэдэг байсан боловч цацраг идэвхтэйн улмаас хэрэглээ нь багасч байгаа.

Тори-232 нь цөмийн түлш уран233ыг баяжуулахад ашиглагддаг байсан. Туршилтын реакторуудын ихэнх нь өдгөө ашиглагдахаа больсон ч аюулгүй байдал талаасаа цөмийн эрчим хүч гарган авахад тохиромжтой гэдэг утгаар Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсад хэрэглэсээр байгаа. Цэвэр тори нь агаарт тэсвэртэй, металлын гялалзлагаа хэдэн сараар ч хадгалж чаддаг мөнгөлөг цагаан өнгөтэй метал юм байна. Цэвэр тори нь зөөлөн, давтагддаг, сунгаж болдог шинж чанартай. Тори нь 14000Ст талдаа төвтэй куб бүтцээс төвдөө төвтэй куб бүтэц рүү шилждэг. Нунтаг метал тори нь өөрөө аяндаа шатдаг тул маш хянамгай ажиллагаа шаарддаг. Агаарт халаахад метал тори нь ноцож, цагаан өнгийн дөл үүсгэн шатдаг. Тори нь хайлах болон буцлах температурын зөрүү өндөртэй металл юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *