Дэлхийн 30 гаруй орны Төр засгийн өндөр албан тушаалтнууд, БНХАУ-д суугаа элчин сайдын яамдын дипломатчид болон аж ахуй нэгжийн 200 гаруй төлөөлөл оролцсон “Торгоны замын ач холбогдол” сэдэвт БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын 4 дүгээр их хурал энэ сарын 16-17-ны өдөр Бээжин хотноо болж өндөрлөв.
Хуралд манай улсаас Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат тэргүүтэй Монгол улсын ЗТХЯ, ГХЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЭХЯ, МХЕГ, Шадар сайдын ажлын алба, МҮХАҮТ зэрэг яам агентлагийн болон ТББ, аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Энэхүү хурлын зорилго нь БНХАУ-ын дарга Си Жинпиний дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын ач холбогдлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх явдал юм.
Мөн энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт” болж Хятадын “Маомин этилен үйлдвэрлэлийн групп”-ээс санаачлан дэвшүүлж буй “3+2” төслийг танилцуулав. Төслийн гол зорилго нь Монгол-Хятад-ОХУ гурван улсыг өндөр хурдны галт тэрэг, авто замаар холбох явдал юм.
Тус хурлын талаар Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат ярихдаа “Торгоны замын ач холбогдол” сэдвийн дор болж буй энэхүү хөрөнгө оруулалтын уулзалт амжилттай болж байна. Энэ чуулга уулзалтаар манай талаас “Талын зам”, Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахын тулд бид бүхэн өөрсдийн боловсруулсан төсөл, ТЭЗҮ-ээ танилцуулж, хөрөнгө оруулалтыг татах, улмаар бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр Хятадын талтай хоёр талын болон гурван талын уулзалтыг амжилттай хийж байна. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаж эхлүүлнэ. Манай засгийн газар энэ дөрвөн жилдээ зарим төсөл, хөтөлбөрүүдийг дуусгахаар зорин ажиллаж байна. Мөн бид бүхэн “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай санхүүжилтийн асуудлаар хоёр талын уулзалтыг амжилттай хийлээ. “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн бид Замын үүд-Алтанбулаг чиглэлийн автозамыг хэсэгчлэн сайжруулж засна. Эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн 235 км авто замыг 4 эгнээтэй цемент бетонон хучилттай барихаар төлөвлөөд, урьдчилсан ТЭЗҮ-г манай үндэсний компани боловсруулж байна” гэв.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн Эрхт элчин сайд Д.Ганхуяг энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтын ач холбогдлыг дүгнэж хэлэхдээ “БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, Эдийн засгаа сэргээх, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг сайжруулах болон гурван талын томоохон төслийг хэрэгжүүлэх эхлэл боллоо гэж харж байна. Тэгэхээр бид энэхүү төслийг Засгийн газар болон УИХ-даа танилцуулна. Хоёр талаас аль болох хурдан хэрэгжүүлэх саналтай байгаа. Хятадын талын компанийн өгсөн мэдээллээр энэхүү төсөл нь үндсэндээ гурван жилийн хугацаанд хэрэжих боломжтой гэж үзэж байна” гэлээ.