Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тооноороо дээж өргөдөггүй

Монголчууд цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө малгай өмсөх юм уу алчуур зүүж, гэрээсээ гарч сайн сайхан зүйлийг шившин шивнэн цацлаа өргөдөг. Орчин үед ихэнх айл орон сууцанд амьдардаг болсон. Харамсалтай нь орон сууцнынхаа цонхоор дээж өргөчихдөг хүн дэндүү олон байна. Ингэснээр доод давхрын айлын цонх тэр чигээрээ халтардчихна. Цонх угаах тийм ч амар ажил биш. Мөн хэн нэгэн байрны цонхон дор явж байвал эрхэм эмээ, ээж, эгч нарын золиос болж шалба норно. Байрны гадаа тавьсан машинууд цагаан халтар толботой болж дээж өргөгсдийн хийсэн хэргийг гэрчилнэ. Орон сууцны цонх бол монгол гэрийн тооно гэсэн үг. Хэзээ байтлаа монгол хүн тооноороо дээж өргөж байлаа.

Цай сүү өргөж байгаа хүн үргэлж буян бодож өргөдөг. Харамсалтай нь таны цонхоороо өргөсөн дээж заавал хохирогчтой болоод байна. Хүнийг хохироон байж буян үйлддэггүй юм. Цонхоороо дээж өргөж байгаа хүн бол бусдын эд хөрөнгөд халддаг хулгайч нараас нэг их ялгаагүй. Хулгайч нар машины толь, дугуй аваад явчихдаг, хохирогч мөнгө төлж дэлгүүрээс дахин худалдаж авдаг. Харин цонхоороо цайны дээж өргөдөг эрхэм та хэн нэгнийг машин угаалгын газарт мөнгө төлөхөд хүргэдэг. Хамгийн багадаа арав гаруй мянган төгрөг. Өдөр бүр ингээд байвал тэр хүн эдийн засгаараа хэр хохирох билээ. Цаг хугацаагаар яаж хохирохов. Тэгэхээр таны үйлдэл хэн нэгний түрийвчнээс хулгай хийснээс ялгаа алга. Дөнгөж угаалгасан машинаа дахин угаалгах болсон хүн уурлаж уцаарлаж, хамаг муу муухай үгийг л хэлнэ. Сүүний толбыг яаж ч угаалгасан халтардаж үлдээд машины будгийг муухай болгодог. Буян бодсон цацлаа цонхоороо өргөснөөс болж үр дүн нь нүгэл болж хувирах нь тэр. Нэмж хэлэхэд урьд цагт хар гэрт хоригдогсод хатавчаараа сүү өргөдөг байсан гэнэ лээ. Арга ядахдаа л тэр. Харин та буян бодсон бол цайны дээжээ гэрээсээ гарч өргөөрэй.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *