Categories
гадаад мэдээ

Томоохон хотуудад хэвлэлийн эрх чөлөөг нэхэн жагсаж эхэллээ

Францын Парис хотноо болсон аймшигт халдлага дэлхий нийтийг цочроолоо. Тус хотын “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт зэвсэглэсэн этгээдүүд халдаж 12 хүний амийг хороож, 11 хүнийг шархдуулсан явдал өчигдөр болсон юм. Амиа алдсан хүмүүсийн 10 нь сэтгүүлч, хоёр нь цагдаагийн ажилтан байлаа. Зэвсэгт этгээдүүд сэтгүүлийн байр луу дайрч орсныхоо дараа шууд л галлаж эхэлсэн гэж гэрчүүд ярьжээ. Өчигдөр тус улсад орон даяар онц байдал зарласан. Ерөнхийлөгч Франсуа Олланд ойрын хугацаанд дахин ийм төстэй халдлага гарч болзошгүйг иргэддээ сэрэмжлүүлэв.

Гурван хэрэгтний нэг нь бууж өгчээ

“Шарли Эбдо” сэтгүүл нь энэ долоо хоногийн дугаартаа “2022 онд муслимууд Францын Засгийн эрхэнд гарах нь” номыг бичсэн зохиолч Мишель Оллелебекийг зочноор урьж оролцуулсан нь халдлагад өртөх шалтгаан болсон байж магадгүй гэсэн таамаглалыг албаныхан дэвшүүлжээ. Террористуудын нэг нь сайн дураараа бууж өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мөн мэдээлж байна. 18 настай Хамид Мурад гэгч нь цагдаагийнханд өөрийгөө хүлээлгэн өгчээ. Харин тэдний ах болон дүү нар хаана байгаа нь тодорхойгүй байна. Тэдний зургийг тарааж эрэн сурвалжилж байгаа юм. Алан хядагчид хүмүүсийг хороож байхдаа “Аллах акбар. Бид гэгээнтний өшөөг авч байна” хэмээн хашгирч байжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Парист болсон халдлагатай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад эмгэнэл илэрхийлэн, терроризмын аюултай хийх тэмцэлд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Томоохон хотуудад жагсаж эхэллээ

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улсын хэмжээнд гашуудал зарлаад байна. Улсынхаа тугийг гурав хоногийн турш хагас налуутай буулгах зарлигийг мөн гаргалаа. Парис хотод төдийгүй дэлхийн бусад томоохон хотуудад хэвлэлийн эрх чөлөөний төлөө иргэд жагсаж эхэлжээ. Тухайлбал, Мосвка, Вашингтон, Лондон, Токио хотноо “Бид айхгүй байна, Би бол Шарли” гэсэн лоозон барьсан иргэд жагсаж байна. Парис хотод 30 мянга гаруй хүн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Түүнчлэн цахим ертөнцөд хэвлэлийн эрх чөлөөг шаардсан хөдөлгөөн өрнөж эхэллээ. “Би бол Шарли” гэсэн шошго бүхий профайл зургийг олон зуун хүн сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *