Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа.
Тус дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын удирдлагууд, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тус тус хүсэлт гаргасны дагуу өнөөдрийн хуралдаан боллоо. Томъёоллын дэд ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэлбичгийн ухааны магистр Н.Нарангэрэл оролцов.
Улсын Их Хурлын байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуралдаануудын явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн томъёолж ажиллаж байгаа талаар Э.Түвшинжаргал дарга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүр нь утга агуулгатай байдаг тул томъёолол бүрийг нарийн шүүж, ээлжит хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой учир үүн дээр хэлбичгийн мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын удирдлагууд тэмдэглэж байсныг тэрбээр хэлж байв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхэд санал бүрийн томъёоллын талаар санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүдийн 3/4 буюу 57 гишүүний дэмжлэг авсан тохиолдолд төсөлд тусах хуультай учир энэхүү өндөр босгыг давж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдах томъёолол бүр утга агуулга, найруулгын алдаа мадаггүй байх ёстой гэдгийг дэд ажлын хэсгийн дарга тэмдэглэн хэлсэн. Цаашид Улсын Их Хурлаар төслийн томъёоллын асуудлыг нарийвчлан хэлэлцэх юм байна.
Ингээд Томъёоллын дэд ажлын хэсгийн дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн болон хууль зүйн техникийн хувилбар тус бүрийг, хоёр дахь шатны хэлэлцүүлгийн явцад Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналууд, тэдгээрийн тайлбар, үндэслэл, хэлэлцүүлгийн шатанд нээлттэй үлдээд буй найман асуудлаарх 10 заалтыг хамтад нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэлбичгийн ухааны магистр Н.Нарангэрэлд хүлээлгэн өгөв.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь 2015 оны хоёрдугаар сард батлагдсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, нийтээр хэвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болохыг Н.Нарангэрэл дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол, найруулгын алдаа мадаг, зөв бичгийн дүрмийг хянаж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ. Цаашид төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ямар хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцох хүсэлтээ илэрхийлсэн.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь”-ийг батлан хэвлүүлж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд Улсын Их Хуралтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбар дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн өнөөдрийн хүлээлгэж өгсөн төслийн эх болон бусад материалуудыг судалж үзээд, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах боломжтой гэлээ.