Categories
гадаад мэдээ

​”Токио 2020″ зуны олимпийн наадмын нээлт болох стадионд хүчингийн хэрэг гарчээ


“Токио 2020” зуны олимпийн наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг наадмын нээлт болох Үндэсний Стадионд хүчингийн хэрэг гарчээ.

Уг хэргийн сэжигтэн болох Узбекистанаас ирсэн 30 настай оюутан залууг Ням гаригт цагдаа нар баривчилсан байна.

Тэрбээр өнгөрсөн Баасан гаригийн орой стадионд нээлтийн бэлтгэлийг үзсэнийхээ дараа үзэгчдийн суудалд 20 гаруй насны япон эмэгтэйг хүчиндсэн гэнэ.

Сэжигтэн, хохирогч хоёр хоёул олимпийн наадмын зохион байгуулалтад оролцож буй гэрээт ажилчид байжээ. Тэд стадионд өөр өөрийн ажлаа дуусгасны дараа үргэлжлүүлэн нээлтийн бэлтгэлийг үзэж сонирхсон юм байна.

Сэжигтэн эрэгтэй стадионд ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэнд хоол хүргэж иржээ.

Хохирогч эмэгтэй хэргийн талаар Бямба гаригт цагдаад мэдэгдсэн байна. Харин сэжигтэн өөрийгөө буруугүй, эмэгтэйг эсэргүүцэл үзүүлээгүй гэж цагдаад мэдүүлснийг NHK суваг мэдээлжээ.

Түүнийг 2014 онд Айчи мужийн нэгэн их сургуульд суралцахаар Японд ирсэн, одоогоор сургуулиасаа завсардаад байгааг Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон “Токио 2020” зуны олимпийн наадам энэ долоо хоногийн Баасан гаригт эхлэх юм. Баасан гаригт 68.000 хүний суудалтай үндэсний стадионд болох нээлтийн ажиллагаа ганц ч үзэгчгүй зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *