Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Тойргуудад хуваадаг мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулна

“2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.

2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулсан. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэнэ. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

2023 оны нэгдсэн төсвийн төслийг харахад шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үнэндээ өмнө нь 76 хуваагдаж, аймаг, сумын соёлын төв, сургуулийн дээвэр, довжоохон зассан болж зарлагадаад дуусдаг төсөв анх удаа аахар шаахар зүйлүүд рүү бус улсын цөөн том бүтээн байгуулалт руу л зарцуулагдах, Хөгжлийн төсөв болж гэжэдийн засагчид үнэлж байна.

“Төсөв үрэлгэн боллоо, төсвийн алдагдал их байна” гэсэн шүүмжлэл жилийн жилд гардаг. Олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл “2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм” хэмээн Сангийн сайд тодотгож байсан.

Ирэх жилийн төсвийн хуулиар төрийн байгууллагууд тэр дундаа аймаг, сумдад нэмэлт орлого олох, захиран зарцуулах боломжийг олгохыг зорьж байгаа аж. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийгдэнэ. Эдийн засгийг тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээнд төсвийн реформ, орлогын реформ, зарлагын реформ багтаж байгаа аж.

2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцжээ. Өмнөх жилээс 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн бариад байгаа юм.

Д.Гэрэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *