Categories
мэдээ цаг-үе

Тод манлай уяач Д.Ононгийн “Түмний эх” галаас сурвалжиллаа

Зуны эхэн сарын цагаан нохой өдөр манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Довын адаг”-ийг зорилоо. Морьдоо давхиулж бай гэсэн юм шиг талбиун сайхан нутаг юм. Энэ нутагт Д.Онон манлайнх өнөө жилийн наадмаар давхиулах морьдоо сойж байгаа юм. Замд бороо ганц нэг дусаад, зам хөндлөн адуу хөөсөн залуу орж ирээд, аараг толгодын дундаас адуу янцгаах нь аялгуу лимбэдэх шиг, аав минь айргийнхаа сөнгийн дэргэд налайж суух шиг тийм сайхныг Баянцагааны буурал талд мэдрэгдэнэ. Адуутай, хөдөөтэй өвгөдийн удам болох бидний цөөхөн монголчууд руу “Та монгол хүн шүү” гэдгийг маань ганц мэдрүүлдэг монгол наадам болох өдөр ирж явна.

“Наадмын өмнөхөн

Нар манхайсан Бөхөгийн голоо өгсөж нэг үзлээ

Уяа морьдын сувдан хөлс нугын цэцгэнд шүүдэрлэж

Уулсын цэнхэр бэлээс айраг адуу үнэртэнэ

Тэнгэрийн заадасны үзүүр баримжаанаас их сунгаа эргэж

Тээгийн арын толион дээр хөөстэй амгай татна” гэсэн Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийн мөрүүд аманд өөрийн эрхгүй орж ирж байна. Наадам болоход нэг сар л үлдсэн юм байна шүү дээ. Д.Онон манлайн уяа харагдах алдад гурван гэрийн гадаа адуу багширч, уртын урт суналзтал татсан уяа шузаг эгнэж харагдав. Морьдынх нь хүүхдүүд бололтой жаахан бор юмнууд эмээлээ тэврэн таахалзан алхацгаана. Угаасаа хурдан морины хүүхдүүд хар багаасаа хэрсүүжсэн, биеэ тоомрууд байдаг юм. Уяаны дэргэд очиж, амар мэндээ мэдээд удаагүй байгаа над руу хөхөл сүүлийг нь боосон сайхан хээр азарга унасан жаахан хүү “Алив эгч тэр ташуур аваад өг” хэмээн зарлаа. Тэр мөн том байнаа, би ч дуулгавартайяа зарагдаж газар хэвтсэн ташуурыг нь авч өгвөл “Өшиглүүлчихэв, холхон байгаарай” гэж өнөө биеэ тоомор чинь бас загнах аятай байна. Түрүү жил зээрд соёолонгоо улсад аман хүзүүдүүлсэн Д.Онон гуайн ач хүү мөн дөө гэж багцааллаа. Тэр ерөөсөө тийм нэг пээдгэр нөхөр байгаа юм. Гэхдээ биш ч байж магадгүй.

Ийнхүү биднийг очсон даруй “Түмний эх” галынхны хурдан морьдоо ёслох зан үйлийн ажил эхэллээ. Тэдний уяан дээр нас насны нийлсэн 70 гаруй адуу байна. Паалайсан сайхан монгол адуунууд ч байна. Тогоруу угшилтай болов уу, ерөнхийдөө цус орсон болов уу гэмээр зэгзгэрдүү, босоо ястай үрээнүүд ч харагдана. Юу гарцаагүй үнэн гэвэл энэ цаг үеийн их уяач Дамбадаржаагийн Ононгийн энэ уяан дээрээс энэ жилийн наадмын морьдын өнгө тодорхойлогдох нь үнэн юм. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын хоёр түрүү, дөрвөн айраг энэ уяанаас тодорсон юм. Шинэ ногооноор уяа морьдынхоо хорыг гаргаад, бүрэн онгойлгоод авчээ. Одоо наадмын нарийн уяа руугаа орох гэнэ. Заримыг нь зөөлөн хөдөлгөөд, тарлаад, дундын сунгаа ч хийгээд эхэлсэн бололтой. Цаг нэг мөр тавираад, толгод нов ногоон болох ойрын өдрүүдэд холын давхил хийгээд ямар ч амьсгаагүй болгох тухай тэнд байгаа уяачид ярьж байна. Үүний дараа үзүүрийн цуцаа арилгах том ажилдаа орох гэнэ.Тэр нь юу гэхээр бага адуунууд бариан дээр дав­хиж ирээд нам суудгийг л арилгана гэсэн үг аж. Үүний арилгадаг арга нь өдөр бүр ойр хавийнхаа уул толгод өөд тар хийх. Энэ мэтээр хурдан мориныхоо уяа заслын талаар ярих тэдний үгс их аж. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон зуны тэргүүн цагаагчин могой сарын гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр морьдоо ёсоллоо хэмээн ярьж байна. Тэднийх жил бүрийн нохой өдрийг сонгож морьдоо ёсолдог уламжлалтай юм байна. Морь барьж ёслоход морьтой ивээл жил буюу но­­хой, гахай, бар өдрийг сон­го­дог ёс жаягтай ажээ. Морьдоо ногоолж ханаад Эр­дэнэ сум руу нутаг сэлгэх гэнэ. Тэдний галтай саахалт “МАКС”-ын Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэдийн гал, өн­гөрсөн жилийн улсын наадмын их насны түрүү Амарбат болон уяач Мөнхбат нарынх айлсжээ. Тэд морьдынхоо ажлыг хийж байгаа ч ёсолгоогоо дараагийн сайн өдөр хийхээр төлөвлөсөн сурагтай.

Д.Онон манлайн туслах уяачид морьдоо барилж, хө­хөл сүүлийг нь боож, арц хүжээр ариулж, уяа тойруулан хийморийг нь сэргээж байх зуурт гэрийн эзэгтэй М.Мөнгөнцэцэг хоёр бэр, тус­лах уяачдын эхнэрийнхээ хамт гэрт хоол цай, идээ будаа бэлтгэж харагдана. М.Мөнгөнцэцэг “Энд ирээд хугацаа алдаж байхаар гээд эгч нь өчигдөр шөнө Өлзийтөд хоёр бэртэйгээ салат хийгээд ирсэн. Одоо мах чанаад, бууз хийхэд л болно” гээд том тавагныхаа идээ будааг засч эхлэв. Ийнхүү борви бо­хис хийлгүй арын ажлыг ам­жуулах зууртаа “Онон уяа эхэлчихээр гэртээ орж ирнэ гэж байхгүй. Уяан дээрээ л өнждөг юм, морьдынхоо дэргэд амьдарчихдаг хүн шүү дээ” гээд инээх. Тогоонд мах үйж, бууз чимхэх зуур эр­чүүд морьдоо барьж дуус­чээ. Энэ үеэр Д.Онон ман­лайн бага хүү О.Батболд Төв аймгийн Баянбараатаас хоёр лам залж ирэв. Лам нар “Түмний эх” галын морьд, унаач хүүхдүүдийг даатгаж ном уншлаа. Морь, хүүхэд хоёр мэнд сайхан уралдахын зам мөрийг ингэж тэгшилдэг байна.

Д.Онон манлай гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү нь хоёулаа уяач болжээ. Түүний том хүү О.Батбилэг энэ жил аавыгаа баярлуулж, сайн уяач гэдгээ баталж “Монгол Улсын манлай уяач” цол хүр­­тээд байгаа билээ. Онон манлай уяагаа тойрч алхангаа хүүхдүүддээ зааж зөвлөнө. Д.Онон манлайн дэргэд уяаны эр­­дэмд нь суралцан хоёр хүү нь, цаана нь моринд сэтгэлээ өгсөн гурван сайхан залуу байдаг ажээ. Тэд Сүхбаатар, Булган, Төв аймгийн Аргалант сумаас өөрсдийн морийг аваад иржээ. Онон манлай “Юм суръя гээд ирж байгаа хүүхдүүдийг хэн цааш гэхэв, чад­лынхаа хэрдээ л илүү үглэдэг юм” гэж сууна. “Түмний эх” гал таван унаач хүүхэдтэй бө­гөөд гурав нь түүний ач нар. Үлдсэн хоёр нь Д.Онон манлайн цэргийн найзуудын ач, зээ нар нь гэнэ. Тод ман­лай уяач маань “Хүүхдүүд монгол ахуйтайгаа ойр өсөх хэрэгтэй. Хоёр хүү минь ч морь унаж өссөн хүмүүс. Манай найзууд хүүхдүүдээ юм сураг гээд аваад ирдэг юм. Зөв л дөө” гэлээ. Морины хүүхдүүд уяа заслын ажлаа дуусгаад гэрт гүйлдэн орж ирлээ. М.Мөнгөнцэцэг эгч “За та нар мордохоосоо өмнө бушуухан салат ч болсон идээд ав. Ирэхэд чинь сайхан бууз болчихсон байна” гээд хүүхдүүдийг идэх юмаар баа­хан шахлаа. “Морины хүүх­дийг өлсгөж болдоггүй юм. Шөнө нь сайхан амрааж байх хэрэгтэй. Хүний өөрийн энэ олон нялх амьтдыг чинь хоол ундаар бялхуулж, гараа руу хөдлөхөд нь мэддэг хэдэн мааниа л уншиж сууна шүү дээ эгч нь. За тэгээд түрүүлж айрагдах нь яахав, барианы зурхай руу мэнд сайхан ороод ирэхээр нь сая нэг санаа амраад хоол цайг нь бэл­дэнэ дээ” хэмээн ярилаа.Бид хоёрын яриаг анзаарч бай­гаа юм ч алга, хоорондоо хөг­жилтэй инээлдэн бие биеэ харж хурдан идэж аваад гарч гүйлээ.

Морь цаг болж ёслол эхлэх үед уяан дээр ширээ засч бүгд цугларчээ. Лам нар арц уугиулж нэг аяганд архи, нэг аяганд сүү хийж тавилаа. Лам нар “Түмний эх” галын хурдыг хангай дэлхийд даатгаж номоо ун­шиж эхэллээ. Уяаны дэргэд ширээ тойрч суусан хүмүүс бүгд сүслэн залбирна. Номоо уншиж дууссаны дараа аяганд хийсэн архи, сүүг Д.Онон гуай хангай дэлхийдээ өргөлөө. Бас идээ будааныхаа дээжийг өргөв.Том хүү, манлай уяач О.Батбилэг уяагаа ариуллаа. Үүний дараа хүүхдүүд сүү амсаад мориндоо мордон уяагаа тойрон морины тарни уншиж гийнгоолж эхлэв. Уяагаа тойрон гийнгоолох хүүхдийн дуу морьдын сэт­гэлийг сэргээнэ.

Монгол Улсын тод манлай уяач Д.Онон “Өөрийнхөө хүүх­дээр морио унуулаад унаган адуу түрүүлж ирэхэд их сайхан байдаг юм. Анх 1989 оны улсын наадмаар зээрд халзан морио долоон настай хүүгээрээ унуулаад айрагдуулж байлаа. Тэр үе их сайхан санагдаж байсан. Тэр халзан морины эхийг нь би 20 настай байхад нь 10-аад адуугаар авсан юм. Надад нэлээд хурд өгсөн дөө. Үр төлөөс нь одоо энэ уяан дээр ч бий. Уясан морьд маань заавал айрагдаж, түрүүлэх нь гол биш. Төрийнхөө наа­дамд тоосыг нь өргүүлж тү­­мэн олонтойгоо сайхан наад­чихвал болно доо. Уяач бид чинь түмэн олноо наадуулах үүрэгтэй хүмүүс” гэв. Манлайн адууны угшил Төв аймгийн Сэргэлэн сумынх аж. Тэрээр “Ер нь адууны угшил гэдэг ганцхан хүнээс хамаарахгүй олон хүний хөдөлмөр. Адуу чинь азаргаар биш гүүгээр сайжирдаг юм. Уг муутын тугал муу гэдэг шиг хамгийн чухал нь эх. Эхийнх нь удмыг сайн мэдэж байх ёстой. Удмыг нь мэдэж байж л адуугаа үржүүлж адуу сэргэдэг юм. Би морин тойруулгаас их морь авсан даа. Одоо гайгүй байгаа нь тойруулга цус ор­сон адуунууд маань их дав­хиад байгаа” гэж хуучлав. Тэр­бээр “Хамар цагаан адуу буян хишиг далладаг. Манай уяанд хамар цагаан адуу гараад байдаг юм” гээд уяан дээр зогсох морь луу ширтэв. Онон манлай гийнгоолж яваа хүүхдүүд рүү хараад “Миний хүүхдүүд жаахан зайтай явцгаа. Азарганууд чинь нэг­нийгээ өшиглөнө” хэмээн сэрэмжлүүлэв.

Энэ бүх ёс заншил, дэг жаягийн дараа бүгд гэрт цу­гла­лаа. Гэрийн эзэгтэй М.Мөн­гөнцэцэг хүүхдүүдэд бэлэг тарааж өгөв. Хүүхдүүд бэлгээ уудалцгаана. Тэдний уяан дээр морины хүүхдүүд, ач, зээ нар нь гээд олон жаахан амьтад байна. Тэд ирээдүйд энэ их уяаг авч явах эзэд. Энэ их уяачийн уяаны эрдмийг өвлөн авах хүмүүс. Ирээдүйн монгол наадмын дэвжээг чи­мэх эрчүүд. Д.Онон манлай ач, зээ нараа эрхлүүлж өвөр дээрээ суулган жаргалтай суух зууртаа, “Манай энэ хэд бүгд суурин хүмүүс болчихвол миний насаараа хийсэн хөдөлмөр талаар өн­гөрнө шүү дээ. Би нэг хүүгээ малынхаа эзэн болгоно гэж бодож байгаа. Би долдугаар ангиасаа мал дээр гарсан ч буруудсан юм алга л байна. Энэ ер нь малын дүйтэй хүн байгаа юм“ гэж зээрд унасан жаахан хүү рүү заалаа. Түүнийг Амартүвшин гэдэг бөгөөд тэрээр таван настай гэнэ. Д.Онон манлай “Би энэ хүүгээ найман настайд нь сургуульд оруулъя гэж бодоод бай­гаа юм. Ер нь монгол ахуйд нь ойр л байлгана” гэж инээгээд “Сайхан адуу дагаж сайхан сэтгэл явж байдаг юм. Энэ довон дээр халхын олон ч сайхан алдартай уяач өвгөдийн үг сургаал сонсож морь уяж ирлээ. Тэдгээр их өвгөд ”Морь уяж байгаа хүн атаа жөтөөнөөс хол байж л өөрт нь муу зүйл ирдэггүй юм” гэж ярьдаг байлаа. Тэд бас нэг голынх нь морь гайгүй давхиж байвал өөрийнх юм шиг баярладаг байсан юм. Өвгөдийнхөө энэхүү өндөр ёс заншил, зан чанарыг ирээдүй хойч нь дагаж явах ёстой юм” гэж ярив. Уламжлал, ёс заншил дотор маань л ухаан, зөв явах сургаал ор­шин байдаг гэдгийг хурдан морьдын торгон хийморьийн­хүү мэдрүүлэх шиг.

С.АРИУНЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *