Categories
мэдээ нийгэм улс-төр

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

ТЕГ-ын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг саатуулжээ

Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулна.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга уг зөвлөлийг тэргүүлдэг.

Монгол Улс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлд анх удаагаа үндэсний хөтөлбөртэй болох бэлтгэл ажил хийгдэж байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг дунд хугацааны бодлогын хэмжээнд авч үзэн өргөн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл;
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хими, биологи, цөм, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ;
  • Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалын нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам;
  • Цаг үеийн хэрэгцээ, шаардлагын дагуу зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороог шинээр оруулах санал зэргийг тус тус хэлэлцүүлнэ.

Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлийн хуралдаанд оролцогчдыг 2 метрээс багагүй зайнд суулгаж, халдварын сэргийлэлт хяналтыг чанд мөрдөн, хүн бүрт ариутгах, хамгаалах хэрэгсэл өгч аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулахаар Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмж, зөвшөөрлийн дагуу бэлтгэл ажлыг хангаад байна.

ТЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *