Categories
гадаад мэдээ

Террорист В.Путин геноцид үйлдсэн DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден олон нийтэд хандан Айова мужид үг хэлж төгсгөлд нь Оросын Украины эсрэг үйлдсэн дайныг анх удаа геноцид буюу аймаглан устгах гэмт хэрэг гэж нэрлэв. Тэрээр “Та нарын гэр бүлийн орлого, машины түлшээ авах боломж дэлхийн нөгөө талд дайн дэгдээж, геноцид үйлдэж буй дарангуйлагчаас хамаардаг байж болохгүй” гэж хэлсэн юм.

Түүнийг илтгэлээ дуусгасны дараа сэтгүүлч энэ асуудлыг дахин тодруулан асуухад тэрээр “Тийм. Би геноцид гэж хэлсэн. Сүүлийн үед ирж буй мэдээнүүд Путин украинчуудыг газрын хөрснөөс арчих зорилготой болохыг батлан харуулсаар байна. Украинд оросууд ямар аймшигтай харгислал үйлдсэн нь улам тодорхой болж байна. Харамсалтай нь бид үүнээс ч илүү аймшигт мэдээнүүд хүлээн авах байх. Мэдээж олон улсын шүүхийнхэн геноцид мөн эсэхийг эцэслэн тогтооно.

Гэхдээ тэд оросууд Украинд геноцид үйлдсэн гэж дүгнэнэ гэдэгт өөрийн хувьд бүрэн итгэлтэй байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Өнөөдөр олон хүн Владимир Путин тэргүүтэй оросуудын үйлдлийг геноцид гэж нэрлэж байгаа нь зөв дүгнэлт гэж би хувьдаа бодож байна. Тэд орон сууцны хороолол, энгийн иргэдийг хэрхэн устгаж, охид эмэгтэйчүүдийг хүчиндэн энгийн иргэдийн эсрэг дайны зэвсэг болгон ашиглаж байгааг бид харж байна” гэж хэлэв. Польш, Латви, Литва, Эстони улсын төрийн тэргүүнүүд Украинд айлчилсны дараа хийсэн хэвлэлийн хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн террорист гэж албан ёсоор зарлав.

Мөн Буча хотод мөрдлөг явуулж буй НҮБ-ын Олон улсын гэмт хэргийн шүүхийн ерөнхий прокурор Карим Хан Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг “Бид эндээс эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой олон улсын гэмт хэрэг болсныг бүрэн батлах баримтууд цуглуулаад байна. Бид дайны манан дундаас үнэн бодит байдлыг ил болгон гаргаж ирэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Украинд 40 гаран улсын прокурорын хөндлөнгийн шинжээчид Олон улсын гэмт хэргийн шүүхийн прокуроруудтай хамтран дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

Норвег улсад 100 мянган цэрэг оролцсон сарын хугацаатай NATO-гийн хуурай цэргийн хээрийн сургууль явагдаж байгаа бол оросууд Украинд геноцид үйлдсэн гэж барууны улсуудын төрийн тэргүүнүүд мэдэгдсэний дараа NATO цэргийн флотоо Балтийн тэнгист оруулав. Энэ нь АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс “Украинд хийсэн дайн нь амжилтгүй болсон тохиолдолд Оросын ерөнхийлөгч В.Путин тактикийн, эсвэл бага хүчтэй цөмийн бөмбөг ашиглах магадлалтай байна” гэж саяхан мэдэгдсэнтэй холбоотой бөгөөд оросууд цөмийн бөмбөг хэрэглэхээр бэлдэж эхэлбэл NATO түрүүлж цөмийн цохилт хийхээс өөр аргагүй болно гэсэн үг гэж олон улсын судлаачид дүгнэж байна. Учир нь В.Путин дэлхий нийтийг атомын бөмбөгөөр сүрдүүлсээр ирсэн бөгөөд ОХУ-ын төрийн телевизийн “Россия 1” сувгийн хөтлөгч Ольга Скабеева Украины цэргүүд Владимир Путины Хар тэнгисийн тэргүүлэгч “Москва” хөлгийг живүүлснээр дэлхийн III дайн эхэлсэн гэж мэдэгдээд “Оросын эрх баригчид бодох зүйл байхгүй, хариу өгөх ёстой” гэж энэ сарын 14-нд Путин цөмийн зэвсэг ашиглах ёстой гэдгийг телевизээр шууд зарласан юм. Ольга Скабеева “ Манайхан цөмийн зэвсэг ашиглан Киев хотод ганц бөмбөг хаяхад л бүх зүйл дуусч бид ялна” гэсэн билээ. Аль ч флотын тэргүүн хөлөг бусад хөлгүүдээ элдэв янзын халдлагаас бүрэн хамгаалж байх үүрэгтэй байдаг бол “Москва” хөлөг өөрөө бусдаасаа түрүүлэн Украины пуужинд сөнөсөн нь В.Путины хувьд цэрэг, эдийн засаг гэхээсээ улс төрийн хувьд нэр хүндээ шороотой хутгасан явдал болоод байгаа билээ.

NATO нь үнэндээ Европ тивд дайн дахин гаргахгүй гэсэн зорилгоор бий болсон байгууллага бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү зорилгоо хатуу баримталсаар ирсэн байдаг. Харин барууны нөлөө бүхий улсууд ОХУ-ыг аймаглан устгах гэмт хэрэг болох геноцид үйлдсэн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэн террорист ерөнхийлөгч В.Путин үүнийг зохион байгуулсан гэж албан ёсоор зарласан нь цөмийн мөргөлдөөн бодитой болсон тохиолдолд энгийн иргэдийн эсрэг геноцид үйлдсэн террорист этгээд NATO-гийн цохилтод түрүүлж өртөх олон улсын хууль, эрх зүйн төдийгүй ёс суртахууны үндэслэл бий болсон гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *