Categories
мэдээ нийгэм

Тэрбум мод тарих ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нэгдлээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин манлайлан оролцож байна. Тухайлбал, Батлан хамгаалах яам, харьяа байгууллагын алба хаагчид болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэрбум мод тарихад хувь нэмрээ оруулж байна. Тэгвэл өчигдөр Зэвсэгт хүчний ТХЦК болон 345 бригад, 084, 150 дугаар ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүллээ.

Үйл ажиллагааг нээж ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал “Мод тарина гэдэг хүн байгаль хоёрын хоорондын зохицолд тун эерэг нөлөөтэй ажил. Байгаль эхээс шимтэй бүхнийг авдаг шигээ буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Нэг тэрбум мод тарих ажилд идэвхийлэн оролцох нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, та бидний үүрэг юм. Зүгээр л тариад орхих биш усалгаа, арчилгаанд анхаарах нь хамгийн чухал” гэдгийг онцлов.

Мод тарих ажилд Аргалант сумын Засаг даргын орлогч Б.Ганзориг алба хаагчдын хамтаар нэгдсэн юм. Тэрээр “Өнөөдөр эхлүүлсэн энэ ажил илүү өргөжих учиртай. Цаашид 12 км газарт мод тарихаар төлөвлөсөн байгаа. Засмал зам дагуу мод тарьж, орчны өнгө үзэмжийг сайжруулж байгаа нь манай сум орон нутагт хийж буй нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. Батлан хамгаалах салбарынхан манлайлан оролцож байгаа энэ ажилд бусад албан байгууллага, аж ахуй нэгжүүд идэвхтэй хамрагдаарай” гэж уриалав. Мөн тарьсан модоо арчилж, тордох, эзэнтэй болгох чиглэлд тус сумын ЗДТГ-аас анхаарч ажиллана гэлээ.

Ажилтан алба хаагчдын сэтгэгдлийг хуваалцахад Зэвсэгт хүчний 150 дугаар ахлах дэслэгч Э.Үүрийнцолмон мод тарих хөдөлгөөнд нэгдэх нь цэвэр агаар, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад маш эерэг нөлөөтэй гэж хэлсэн. Дундговь аймгийн уугуул тэрээр ЕБС-д байхаасаа мод тарьдаг болсноор цөлжилтийн эсрэг тэмцэлд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Цаашид ч өөрийн амьдарч байгаа орчинд мод тарьж, байгальд ээлтэй ажил өрнүүлнэ гэсэн юм.

Ангиудын алба хаагчид тус тусын байрлалд мод тарьж, хашаажуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн штабын үйлчлэгч Б.Мөнхцэцэгийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих ажлыг дэмжиж гэр бүлээрээ нэгдсэн гэдгээ илэрхийлж байв. Үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн мод тарьж ургуулсан туршлага байгаа учраас хашаандаа навчит мод сүндэрлүүлэхээр зорьж байгаагаа танилцуулж, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *