Categories
мэдээ нийгэм

Телевизүүдээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг магтсан, захиалгат мэдээлэл зонхилжээ

Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ (ШСТИНХС)-нээс өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцад хийсэн мониторингийн эхний үр дүнг танилцуулав.

Уг сүлжээ нь 2008 онд Нээлттэй нийгэм форумын санаачилгаар байгуулагдсан бөгөөд нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах зорилготой. Сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Глоб интернейшнл, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг томоохон ТББ-ууд нэгдсэн бөгөөд 2008, 2012 оны УИХ, 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад мониторинг хийжээ.

Тус сүлжээнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдөр буюу энэ сарын 06-09-ний хооронд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн таван телевизийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэлд мониторинг хийжээ. Дээрх телевизүүдийг орон даяар цацагддаг, үзэгч олонтой, дөрвөөс дээш жил тогтмол үйл ажиллагаа явуулсан зэргийг харгалзан үзэж сонгосон байна. Сурталчилгаа эхэлснээс хойш таван телевиз нийт 353 цаг 49 минут 52 секундын нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл гаргаснаас 20 цаг 34 минут нь сонгуультай холбоотой байв. Энэ нийт цагийн зургаан хувийг эзэлж буй үзүүлэлт юм. Энэ хугацаанд МҮОНРТ, TV9 болон 25 дугаар суваг, UBS телевиз нэр дэвшигчдэд ижил цаг олгож байгаа бол С1 телевизийн сонгуультай холбоотой нэвтрүүлгийн цагийн 75 хувь нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой байв.

Телевизүүдээр ихэвчлэн захиалгат буюу нэр дэвшигчийг магтсан нэвтрүүлэг гарч байгаа тул сөрөг мэдээлэл харьцангуй бага байгааг Глоб интернейшнлийн удирдлагууд онцлов. Харин төвийг сахьсан болон сонгогчийн боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл харьцангуй бага буюу телевизүүдийн нийт сонгуультой холбоотой мэдээ, мэдээллийн 17-25 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл гаргах шаардлагатай байгааг мониторингийн багийнхан онцоллоо.

Сонгуулийн тухай хуульд заасан “Нэр дэвшигчийн тухай 60 минутаас урт хугацаатай нэвтрүүлэг цацах, мэдээллийн хөтөлбөрт 5 минутаас илүү мэдээлэл гаргахыг хориглох” зэрэг заалтыг зөрчсөн телевиз байхгүй бөгөөд далд сурталчилгаа ч харьцангуй бага байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *