Categories
мэдээ нийгэм

Тавантолгойд хамтрах компаниуд саналаа ирүүлжээ

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.
Энэ дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ба Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг компаниудын саналыг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч дуусчээ.
Сонгон шалгаруулалтад Хятадын Чайна Шенхуа энержи, Японы Сумитомо корпораци Энержи ресурс компанийн консорциум болон Пибоди энержи корпораци саналаа ирүүлжээ.
Харин Японы Иточу корпораци болон Японы Сожиц корпораци, “Мицуй”, “Тавантолгой” компани Засгийн газрын тогтоолд заасны дагуу хөрөнгө оруулах бус нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд хамтран ажиллах саналаа ирүүлжээ.
Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент болон өр төлбөрийг хариуцах, 2.5 жилд Тавантолгойн бүсэд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал бий болгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, хоёрдогч улсад коксжих нүүрс борлуулах үүрэг хүлээнэ. Тогтоолд хөрөнгө оруулагчийн 51 хувийг нь нүүрсний салбарт таван жил ажилласан, хувьцааны хяналтын багцыг Монгол Улсын иргэн эзэмшдэг компани байна гэж заасан. Энэхүү шаардлагыг “Энержи ресурс” компани л хангаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *