Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил хэвийн үргэлжилж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу нэг өртөө, зургаан зөрлөг байгуулагдах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд гадаадаас нийлүүлэх материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *