Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Тус компанийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсож, үүрэг өгөв.
2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил дуусаж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг гүйцэтгэх бэлтгэлийг эхлүүлжээ.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “ЗТХЯ-наас техникийн комисс томилогдон Зүүнбаян талаас 280 километр замд шалгалт хийж, Улаанбаатар талаас төмөр зам хэмжигч галт тэрэг явуулж үзсэн. Комиссоос замын чанар сайн, балласт багатай байна гэсэн үнэлгээг гаргасан. УБТЗ-ийн ажилчид хоёрдугаар сарын 10-наас Цогтцэций буюу Тавантолгой чиглэлийн өртөөн дээр хоёр сум угсрах, өртөөний замуудыг хайргаар чигжих ажил хийгдсэнээр гуравдугаар сарын 15-наас галт тэрэгний хөдөлгөөн, төмөр замаа нээхэд бэлэн болно.
Үндсэндээ 2019 оны хавар эхэлсэн 416 километр төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, галт тэрэг явах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр зам эвдээд байна гэх шүүмжлэл дагуулдаг “Тавантолгой түлш” ХК-ийн мидлингийн тээвэрлэлт хамгийн түрүүнд хийгдэнэ. Мөн Цогтцэций-Чойр чиглэлийн авто замын нүүрс тээвэр Тавантолгойгоос Зүүнбаян, Сайншанд, Замын-Үүд чиглэлд төмөр замаар явна. Цаашид 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу нүүрсний гарц нэмэгдэх юм” гэв.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан “Манай компанийн ерөнхий захиалагчаар ажилласан Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замын ажил дуусаж байна. Монгол инженерүүд, монголчууд нэгдэж энэхүү томоохон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ. Галт тэрэгний хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Бэлтгэл ажил хангагдсан” гэлээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан.
Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгажээ.