Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тавантолгой” –д дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар өнөөдөр Төрийн ордны В танхимд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулсан болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн юм.Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдаад томоохон төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Ерөнхий сайд захирамж гаргаад Таван толгойн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан миний бие, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллалаа. Ажлын хэсгийн нарийн бичгээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажилласан.Богино хугацаанд энэ ажлын хэсэг “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүргээ сайн биелүүллээ гэж үзэж байна. Таван толгой төсөл бол Мега төсөл гэдэг ойлголтод тохирно. Олон улсад тэрбум доллараас дээш үнийн дүнтэй байвал Мега төсөлд хамаардаг. Гэхдээ үнийн дүн чухал биш, том гэдэг нь ч чухал биш. Тухайн улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учраас олон нийтийн болон улс төрчдийн анхаарлыг татдаг. Дээд зэргийн хардлага сэрдлэг дагуулдаг, шийдэх эрх зүйн орчин нь төгс болчихоогүй, дэд бүтцийн орчин нь сайн биш, олон оролцогчтой. Олон оролцогчтой гэдэг утгаараа сонирхлын огтолцол, зөрчил ихтэй зэрэг онцлогтой төсөл. Тийм ч учраас энэ мега төсөл хийгдэхээсээ эхлээд хэрэгжиж дуусталаа мэдээллийн ил тод байдлыг заавал шаарддаг тул бид дэлхийн хэмжээнд ямар арга барилаар хэрэгжүүлдэг вэ гэдгийг чухалчилна. Энэ хүрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Ажлын хэсэг www.megаproject.mn цахим хуудсыг нээж, төсөлтэй холбоотой бүх мэдээллийг шуурхай гаргаж эхэлсэн. УИХ-аас шинэ Засгийн газрын бүтцийг батлахдаа томоохон хэмжээний төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд байх нь зөв гэж шийдсэн. Үүнийг би зөв гэж харж байна. Яагаад гэвэл дэлхийд хийгдэж байгаа Мега төслийн гуравны хоёр нь унадаг. Гуравны нэг нь амжилт олж, үр өгөөжөө өгдөг. Өнөөдрийн байдлаар Мега төсөл баялагийг бүтээхээсээ илүүтэй баялагийг устгагч байдаг тул энэ төсөлд болгоомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах гэж бүхий улс орон, компаниуд эрмэлздэг. Тэр эрмэлзлэлээр УИХ энэ төсөлд анхаарч ажиллах хүн томилсон болов уу. Хэрхэн яаж ажиллахаас бүх зүйл хамаарна” гэж ярилаа. Нэг цонхны бодлогын хүрээнд нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж үзжээ. “Тавантолгой”, “Гашуун сухайт”-ын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, “Тавантолгой” Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэхүү орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг шаардлагуудыг тавиад байгаа юм. aТаван толгойн стратегийн хөрөнгө оруулагчаар “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо “гэсэн Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан. Тэд Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2.5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, Засгийн газар хүсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр урьдчилгаа болгож 250-350 тэрбум төгрөгийг урьдчилгаа болгож өгөхийг хэлэлцээрээр шийдэж болох санал өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *