Нийслэлийн 10 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эх, багш нартайгаа 5 градусын хүйтэнд нурсан барилгын гадна өнөөдөр жагслаа.
Эдгээр 2-6 насны хүүхдүүд шинэ цэцэрлэгээ дөрвөн жил хоног тоолон хүлээжээ. УИХ-аас 2013 онд актлагдсан уг барилгыг шинээр барих асуудлыг нухацтай эргэж харахыг хүсэж байгаа аж.
Тархины саатай болон дауны хам шинжтэй, давхар согогтой хүүхдүүдэд сэргээн засах цогц үйлчилгээг хүргэдэг тус цэцэрлэгийн барилгыг 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нурааж, шинэ цэцэрлэг барихаар болжээ.Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдүүд өөрсдийн цэцэрлэггүй, Баянзүрх дүүргийн 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн ангид хуваагдан явж байна. Уг нь нэг анги хөгжлийн бэрхшээлтэй 6-8 хүүхэдтэй байх ёстой байтал одоо хоёр бүлгийн 40-50 хүүхэд явж байгаа аж.
Тухайн цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын харьяанд байх үед тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төслөө 2014 онд гаргаж баталгаажуулжээ. Удалгүй БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгон өөрчилж, өөрийн харьяандаа авахаар болжээ. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Харин ирэх оны төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргаж, ХХ-аар тусгай цэцэрлэгийг шинэ барилгыг 120 биш 250 хүүхдийн багтаамжтай барих саналыг салбарын яам нь гаргажээ. Хуучин барилгынх нь талбайд 250 хүүхэд багтах боломжгүйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, сувилан, сургах олон улсын стандартад нийцсэн тохижилттой цэцэрлэгийг барихад 5,3 тэрбум төгрөг шаардлагатай ажээ.
Нийгмийн ажилтан С.Энхбат хэлэхдээ: “Цэцэрлэг барих өртөг нь 5,3 тэрбум төгрөг. 280 хүүхэд хүлээж авах, хүүхдийг хөгжих нөхцөлөөр хангасан цэцэрлэг барихад ямар үндэслэлээр 2,5 тэрбум төгрөг тусгасныг мэдэхгүй байна. Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед үүнийг эргэж хараач.
2,5 тэрбум төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон, стандартад нийцсэн цэцэрлэг барьж чадах уу. Улсын төсөв батлагдчихвал баригдах боломжгүй болох байх. Барилга барилгүй таван жил царцчихаад байж өнөөдөр дахиад ийм байдалтай улсын төсөвт суугдах гээд байна” гэлээ.
Эцэг эхийн төлөөлөл Б.Мөнхчимэг хэлэхдээ: “Бид дөрвөн жил 58-р цэцэрлэгт хүүхдээ тэвэрч аваачиж өгдөг. 10 дугаар цэцэрлэгтээ өдөр бүр хүүхдүүддээ хөдөлгөөн заслын эмчилгээнд оруулдаг байсан бол одоо долоо хоногт хоёр удаа оруулж байна. Цэцэрлэгээ л хурдан барьж өгөхийг хүсэж байна” гэв.