Categories
мэдээ нийгэм

Таван бөхөөс допинг илэрчээ

Таван бөхөөс допинг илэрчээ зурган илэрцүүд

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран жилийн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж, заал танхимын барилдааны үеэр Допингийн эсрэг үндэсний төвийнхөн Бөхийн өргөө, бөхийн дэвжээдэд ажилладаг болсон.Тэгвэл 2017 оны хугацаанд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрчээ. Энэ талаарМонголын допингийн эсрэг үндэсний төвөөс тодруулахад, мэдээллийг үнэн болохыг батлав. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүйг тайлбарлалаа.Бөхчүүдийн А сорьцын хариуг бөхчүүд болон хариуцсан холбоонд танилцуулах явц үргэлжилж байгаа аж.Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны хугацаанд нийт 35 бөхийг шинжилгээнд хамруулжээ. Тэдний таваас нь зөрчил илэрч байна гэдэг бага тоо биш.Допингийн шинжилгээний дээжийг баяр наадмаар авдаг шинжилгээний адил БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн ба дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд А сорьцыг шинжлүүлсэн байна. Ингээд лабораториос ирсэн хариуг МҮБХ-нд танилцуулсан ба МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд мэдэгдэж эхэлжээ. Хэрэв тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд B сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрийн зардлаар дахин шинжлүүлнэ. Тиймээс энэ процесс хэрхэн өрнөхөөс шалтгаалж, допингийн эсрэг зөрчил илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг олон нийтэд зарлах юм байна.Монголын допингийн эсрэг үндэсний төв Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран ”Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд МҮБХ-той хамтарч ажилласан бөгөөд бөхчүүдийн шинжилгээ хийлгэх зардлыг дээрх төслөөс болон МҮБХ-ноос санаачилсан ”Допингийн эсрэг эв нэгдлийн сан”-гаас гаргажээ.МҮБХ 2016 оны арваннэгдүгээр сард Тэргүүлэгчдийн хурлаараа бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авах тогтоол гаргаж, журам боловсруулсан байдаг. Уг тогтоол нь үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох зорилготой. Өөрөөр хэлбэл, үндэсний бөхчүүдийг барилдааны үеэр бус энгийн бэлтгэлтэй үедээ сэргээш хэрэглэсэн эсэхийг түүвэрчилсэн байдлаар хянах нэг арга гэсэн үг.МҮБХ допингийн эсрэг журмыг хэрэгжүүлэхдээ эхлээд сэргээшийн шинжилгээнд хамруулах шаардлагатай бөхчүүдийн нэрсийг тодруулах нууц санал хураалтыг 2017 оны эхээр явуулж байсан. Энэ нь аль дэвжээний, ямар бөхөөс шинжилгээ авбал зохихыг бөхчүүдээр өөрсдөөр нь сонгуулсан гэсэн үг. Ингэхдээ мөн зарим тохиолдолд Допингийн эсрэг төв шаардлагатай гэж үзсэн бөхөөс шинжилгээ авч байжээ.

Хамгийн их асуудал дагуулж буй, дагуулсаар ирсэн сэдэв бол “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай” юм.

Үндэсний их баяр наадмын хуулинд….,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *