Categories
мэдээ улс-төр

Татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 16 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн татварын тухай дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. 1990 оноос хойш татварын хуульд нийтдээ 232 удаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн өөрчлөлт, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлтүүд байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулаад байна гэж үзсэн байна.

Мөн зарим салбарын хууль тогтоомжоор татварын харилцааг зохицуулж, агуулгын хувьд давхардал үүсгэж байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулан хүнд суртлыг бий болгож татвар төлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Ингэснээр дээрх Аж ахуйн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *