Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар нэртэй ХУЛГАЙ

Нийслэл хот татвартай
болох нь гэсэн мэдээ, сураг сонсогдож хүмүүс өөр хоорондоо энэ талаар ярилцаж байлаа.
Ямар учиртай татвар юм бол гэлцэж гайхах нь гайхаж, дэлхийн хотуудаар явж юм үзэж,
нүд тайлсан нь мэддэгээ бусдадаа тайлбарладаг байв. Нийслэл хотын албан татварын
тухай хууль гэдгийг ард түмэн огт өөрөөр ойлгож, хүлээж байсан.

Барууны томоохон хотуудад
нийслэл рүүгээ тоос тортогтой, хар утаа баагиулсан сарампай тэрэг оруулахаас татгалзаж,
тухайн хүн нийслэлийн иргэн биш бол тодорхой хэмжээний хураамж төлж нэвтэрдэг журамтай
байдаг. Америк, Европын зарим хотуудад амьдрахад тухайн иргэнд санхүүгийн чадамжийг
нь харж байж нийслэлийн иргэн болох зөвшөөрөл олгодог хууль бий. Энэ нь юу вэ гэхээр,
энэ хот бол нийслэл хот шүү, хүссэн хүн болгон ирж амьдраад байдаггүй, амьдрахаар
болбол тодорхой хэмжээний шалгуур шаардлагыг хангасан байх ёстой гэсэн босго тавьж
байгаа ойлголт. Нийслэлээ улс орныхоо нүүр царай гэж үздэг. Энэ утгаар нь Улаанбаатарын
татвар бол утаа хаялсан, будаг нь ховхорсон, стандарт хангахгүй хуучин машинтай
эсхүл ажил мэргэжилгүй, амьжиргаагүй, нийслэлийн хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс
болох нөхөд, ер нь хотод амьдарчих чадамжгүй хүмүүс, айлуудад тавьсан улаан шугам.

Ер нь тийм нэг унхиагүй,
ажил гэхээр хөдөлдөггүй, бэлэн хоол тусламж горьдож өдрийг өнгөрөөдөг, “Эднийх хөдөөдөө
л байж байхгүй дээ. Хотод юугаа хийж ирдэг байна, ажил төрөл хийдэггүй мөртлөө юугаараа
голоо зогоодог айл вэ” гэгдэхээр хэцүүхэн айлуудад, мөн хотын соёлыг уландаа наалдсан
бохь мэт л үздэг хүмүүст “Ажил төрөлтэй бай, Улаанбаатар хот чинь дүрэм журамтай,
замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын урдуур дайрч болохгүй, гарцаар л гарч бай” гэсэн
шаардлагыг татвараар дамжуулан тавих байв.

Улсын нийслэл арай
өөр статустай л даа. Тухайн нийслэл өөрийн гэсэн дотоод журамтай. Тэрийг нь нийслэлийн
иргэн болгон нь биелүүлж амьдардаг. Москва, Бээжин, Токио, Сөүл хотын иргэн гэхээр
цаанаа л нэг өөр, донжтой, эрхэмсэг улсууд алхаж харагддаг. Биеэ авч яваа байдал
нь тэр хүнийг угаасаа л хотод төрж өссөн боловсон нэгэн байх гэсэн сэтгэгдэл үлдээдэг.
Түүн лүгээ Улаанбаатар хотын татвар нь ийм орчинг бий болгож, эрхэмсэг иргэдтэй
болгох юм байх гэж төсөөлж байв. Нөгөө талаар хотын замын хөдөлгөөнд хүлээцтэй боловсон
оролц, шүлсээ хаа хамаагүй битгий хая, гэр орон, орон сууцандаа архидаж, шуугиан
битгий үүсгэ, шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл битгий жолоод. Хэрвээ энэ бүгдийг
биелүүлэхгүй бол татвар авч, цаашид энд амьдрах эсэхийг чинь шийднэ шүү гэсэн ухвартай
хариуцлага руу хүний анхаарлыг хандуулсан хариуцлага, үүрэг шаардсан хууль эрхзүйн
баримт бичигтэй болох нь гэж хүлээж байсан сан. Ингэж хүлээж, харж, найдвар тавьж
байтал үүнээс нь эсрэг хууль гарлаа.

Гаднаас ирсэн, гадуур
хооллосон хүмүүсийн түрийвчнээс зууралдсан, урьж залж авчирсан зочин, гийчний тавагтай
хоолноос хумсалсан, найрлаж цэнгэж байгаа хүмүүсийг “холгох” татвар нэртэй хулгайн
хуультай болчихлоо.

Дээр үед дээ, Дөчин
мянгатын овгорууд гэх хотын залуус байлаа даа. Хотод ирсэн хөдөө, гадааны залуучуудын
мөнгийг дээрэмддэг бүлэг хүмүүс. Тэд дээрэм хийхдээ их хэмжээний мөнгө авахгүй.
Гурав, тав, арван төгрөг хавьцаа л дээрэм хийнэ. Бас халаасыг нь сэгсрүүлж байгаад
задгай зооснуудыг нь авчихна. Хэдийг авчихвал сэргийлэгчид дуудагдахаа, яаж дээрэм
хийвэл колонд явчихгүйгээ мэдэх учир тэгж бага багаар мөнгө дээрэмдэнэ. Яахав хөдөө
гадаанаас ирсэн залуус, оюутнууд дээрэмдүүлж байна ч гэж бодохгүй. Эд ингэдэг л
юм байх даа гээд хээгүй зангаараа яваад өгдөг ч дахиж тэр хавиар өнгөрөхийг хүсэхгүй,
эсвэл нүдэнд нь харагдахгүй газраар явахыг хичээнэ. Тэд дээрэмдүүллээ гэж гомдол
гаргаж ч мэдэхгүй. Овгорууд дээрэм хийхдээ хууль хяналтынхны хараанд өртчихгүйгээ
мэдэх учир ийн шимэгчлэн дээрмээ хийсээр л байдаг. Үүнийгээ яагаад ч юм вариантлах
гэдэг байж. Вариантлах гэхээр тухайн үеийнхэн санах биз. Их дэлгүүрийн араар явж
байгаад хулигаануудад муухай вариантлуулаад кино үзэж, мороожон долоох гэж байсан
мөнгөө дээрэмдүүлчихлээ гэж ирээд л ярьдаг хөөрдөг байлаа, тэр үеийнхэн.

Яг л тэрэн шиг вариантлах
үзэгдэл одоо цагт манай Улаанбаатар хотод гарч ирлээ. Тэгэхдээ хуулийн зөвшөөрөлтэйгөөр
шүү. Хотын удирдлагууд гадна дотнын улсууд, гайгүй хоол идэж, гадуур наргиж цэнгэж
яваа залуус, Монголд аялах далимдаа ресторан, буудлаар үйлчлүүлж буй жуулчдыг варианталж
байна.

Харахад хэнд ч их
мөнгө гэж мэдэгдэхгүй, анзаарагдахгүй нэг хувиар шүү. Дусал дуслаар цуглах нэг хувиуд.
Нэг хувийн татвар, таны амьдралд нэг их нөлөөлөхгүй ээ. Энэ чинь хотын татвар шүү
дээ гэх боловч цаагуур нь мөнгөний тоолуур цахилж эхэллээ. Иргэд ч үүнийг тийм ч
их анзаарахгүй байгаа болохоос биш цаанаа унаж байгаа мөнгө нь асар их шүү. Ийм
л маягаар татвар нэртэй хулгай, луйварт мэхлүүлээд гурав дахь өдөртөө амьдарч байна,
бид.

Нэг хүнээс мянган
төгрөг гуйж зээлж авахын оронд мянган хүнээс нэг, нэг төгрөг дээрэмдчихвэл хэн ч
дээрэмдүүллээ гэж орилохгүй, дээрэм хийлээ гэж үзээд цагдаа ч ирэхгүй. Мянган төгрөгтэй
болох ийм амархан байж шүү, вариантлаад л.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *