Categories
их-уншсан туслах-ангилал

Татвар нэмэх бол адгийн шааруудын хийдэг арга барил

Эрх баригч Монгол ардын нам найман төрлийн татвар нэмэн элгээрээ харуулдсан эдийн засгаа ямар ч сэхээгүй болгож, ард иргэдийнхээ амьдралыг бүр мөсөн сөхрүүлэхээр улайран зүтгэцгээж байна. Найман төрлийн татвар гэдэгт нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэх, хос хөдөлгүүрт буюу приус автомашины татварыг 50 хувиар нэмэх, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авах, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах, архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээс татвар нэмж авах, төрийн албан хаагчийн цалинг хасах, хүүхдийн мөнгө болоод оюутны тэтгэлгийг олгохгүй байх зэрэг багтаж байгаа юм. Ийнхүү улс орны үнэт баялаг иргэдийнхээ халаас руу аймшиггүйгээр хар савраа шургуулж, төсөв хүнд байна, улсын данс улайлаа хэмээн нүдээ бүлтгэнүүлэн нийгмийг цочролд оруулах нь тэр.

2016 оны төсвийн тодотголд оруулж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн татвар нэмэх асуудлыг Ардын намын бүлэг өнгөрөгч баасан гарагт нууц хуралдаанаа хийж байж шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээр хадгаламжийн хүүгээс татвар нэмж авах, сарын цалин нь 2.5 саяас дээш төгрөгтэй иргэдээс 25 хувийн татвар авахаар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авахаар, хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгохоор, архи, дарс, тамхины онцгой албан татварыг тус тус нэмэгдүүлэхээр боллоо. Мөн төсөвт өртөг, санхүүжилт нь нэмэгдсэн обьектуудад улсын төсвөөс нэг ч төгрөг хялайлгах боломжгүй гэж мэдэгдэв. Ардын намын засаг ингэж ард түмнээ татварын дарамтаар ноёлон, жинхэнэ ёсоор нь “цусыг нь сорж” эхэллээ.

Мөнгө олж, баялаг бүтээж, эдийн засгийн эргэлт бий болгож байгаа хүмүүсээ төр засаг нь татвар нэрээр шулж мөлжинө гэдэг хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Энэ бол адгийн шааруудын хийдэг ганц ажил, арга барил. Цагдаатай, армитай, татварын албатай төрд иргэдээ шулах шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Улсын төсөв хүнд байгаа нь хэнд ч тодорхой. Аль ч засгийн үед сөхөгдөж, хурцаар яригддаг асуудал мөн биз дээ. Түүнд барьц алдаж гүйлдээд, хэн нэгэн нам эвсэл, хувь хүнийг буруутгаад, гоншгоноод байх нь төрийн жолоо атгаж, өндөр хариуцлага үүрсэн нөхдөд үнэндээ утгагүй. Төсөв хүнд байгаа нөхцөлд хэмнэлтийн горимд шилжих нь зүйн хэрэг л дээ.

Харин Ардын намын нөхөд ямар ч хэмнэлтийг хийгээгүй хэрнээ шууд ард түмнийхээ халаас руу улайм цайм гараа шургуулна гэдэг арай хэтэрсэн асуудал болж байна. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг энэ байх шүү. Үнэхээр л хэмнэх гээд байгаа юм бол наад захын жишээ гэхэд улс төрийн бялуу хуваалт болсон дэд сайдынхаа албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй. Өмнөх засгийн үед одоогийн эрх баригч намынхан яаж орилолдож байж дэд сайдуудыг албан тушаалаас нь буулган, санаа амарч байлаа. Ард түмэн мартаагүй байгаа. Тэгэхээр одоо 13 яамныхаа дэд сайдуудыг эхний ээлжинд ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй байна. Ер нь тэгээд Жасрай гуайн ач охиныг, Очирхүүгийн хүүг дарга сайд болгож сургахын тулд татвар нэмж, ард түмнийхээ нуруунд улам л хүнд ачаа үүрүүлнэ гэдэг маань зөөлхөн хэлэхэд ёс суртахуунгүй зүйл юм. Аливаа юмны наад цаад учрыг ойлгодог хэнд ч гэсэн уг асуудал тодорхой харагдаж байгаа. Хуучин дарга даамлуудынхаа үр ач, зээ нарыг цалинжуулахын тулд ард түмнээсээ татвар нэмэх нэрээр мөнгө луйвардах нь шударга бус гэдгийг захын хүн хэлээд өгнө. Татвар нэмснээр 2017 оны төсвийн орлого 500 тэрбумаар нэмэгдэнэ гэж Сангийн сайд хэлнэ лээ. Улс төрийн албан тушаал болох дэд сайдуудыг байхгүй болговол жилдээ хичнээн төгрөг хэмнэхийг улсын мөнгөний бодлогыг барьж байгаа нөхөд тооцож үзсэн үү.

Өмнөх засгийн үед нэг дэд сайд сардаа 4-4.5 сая төгрөгийн зардалтай гэх тоо баримтыг гишүүд хэлж байсан. Дэд сайдын сарын цалин 1.4 сая, түүн дээр нэмээд унаа машин, шатахуун, утас, туслах, жолооч гээд зардлууд нэмэгдээд тав орчим сая төгрөг болдог байна. Гадагшаа дотогшоо томилолт, албан уулзалт гээд бас л мөнгөн дүн нэмэгдээд явах нь мэдээж. Ингээд бүх сайдын урсгал зардлыг аваад үзвэл жилдээ тэрбум гаруй төгрөгийг хэмнэж болох нь гэсэн тооцоо харагдаж байна. Нэг жилд тэрбум гаруй төгрөгийг хэмнэнэ гэдэг бол том тоо. Тиймээс Ардын намынхан ард түмнээ шулах гэж улайран зүтгэхийн оронд, хүүхэд багачуудыг ялгаж салган мөнгө өгнө гэж тэнэглэхийн оронд, ардчилсан чөлөөт нийгэмд иргэдийнхээ хадгаламж руу шууд гараа шургуулахын оронд эхлээд ядах нь ээ, дэд сайдын асуудлаа цэгцэлчих. Дараа нь төрийн дээрмээ явуулахад бага ч гэсэн нүүр бардам байхаа бодсон нь дээргүй юу.

Татвар нэмэхийг Ардын намын тулхтай гишүүд дэмжихгүй байгаа. “Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдгээ боль” гэж Ц.Нямдорж хэлсэн бол Ө.Энхтүвшин “МАН ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч болохгүй ээ. Эдийн засаг, нийгэм хүндрэлтэй байна. Үүнээс гарахын тулд зөв бодлогоор зүтгэх ёстой. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах тухай хууль оруулж ирж байгаа. Монголын нийгмийн шимэгчид болсон хүмүүс гэж тэднийг ард түмэнд ойлгуулах уу” гээд 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авахыг эрс эсэргүүцсэн.

“Эдийн засаг хямарчихсан, орлого муудчихсан үед бид татвар нэмэх биш ажлын байр олныг бий болгох, татвар төлөгчийн тоог нэмэх чиглэл рүү явах хэрэгтэй. Өнөөдөр дийлэнх иргэд цалингийн, тэтгэврийн зээлтэй байна. Ийм эмзэг үед иргэд рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Компаниуд банкны хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа. Өнгөрөгч оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байх. Бодит байдал ийм байхад татвар нэмбэл яах вэ. Гал руу бензин хийсэнтэй адил” гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдсэн.

Тухайн улс орон татвараа нэмснээр эдийн засаг сэргэх бус улам мөхөл рүүгээ явж сүйрч дуусдгийг дэлхийн орнуудын түүх бэлээхэн гэрчилдэг. Алдарт “Форбэс” сэтгүүлийг эрхлэн гаргагч Стив Форбэс болон Элизабэт Эймз нарын “Биднийг капитализм л аварна” бүтээлд энэ тухай маш тодорхой өгүүлсэн байдаг.

Тухайлбал, “Илүү хүмүүнлэг нийгэм байгуулъя гэвэл татварыг нэмэх нь зөв гэдэг нь маш буруу ухуулга. Хэт өндөр татвар нь ажил бизнест санхүүгийн торгууль ногдуулж, эрүүл эдийн засагтай байх боломжийг хааж орхидог. Татвар их байх тусам эдийн засгийн аливаа үйл ажиллагааны өртөг нэмэгддэг. Өртөг нэмэгдэхийн хэрээр тэрхүү эдийн засгийн үйл ажиллагааны тоо багасдаг. Улмаар эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулж татвар төлөгчдийн тоог цөөрүүлж хуучин татвар төлөгчдийн татвар ногдох орлогын хэмжээг улам багасгадаг” гэж өгүүлсэн нь бий. Энэ бол зүгээр ч нэг хүний хэлсэн үг биш. Дэлхийн улс орнуудын туулж ирсэн замналаас үүдсэн томьёолол, гаргалгаа юм.

Одоогоос бараг 400 жилийн өмнө англид торго, дарснаас дөрөв дахин их татвар авбал хааны сан өснө гэх бодлого явагдаж, өмнөхөөсөө дөрөв дахин бага орлого олсон тухай жишээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан. Хүн төрөлхтөн ингэж татвар нэмээд эдийн засаг сөхөрч, эдийн засгийн эмгэг буюу их хямрал нүүрлэдгийг амьдралынхаа туршид баталж, нотолсоор ирсэн. Эл бүгдийг засаг барьж, зайсан сууж байгаа нөхөд л мэддэггүй, мэдсэн ч өнөөдөр болж байвал хамаагүй гэх хүнийрхүү сэтгэлээр хүйтэн хөндий хандаж байгаа нь харамсалтай. “Манай улстөрчид дотор нэг тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгийг нааш цааш нь бодож чадах хүн байхгүй. Цаашлаад арав, хорин их наяд төгрөг болбол бүр ч байхгүй” гэж эдийн засагчид ил цагаан хэлж байна лээ, хөөрхий.

“Бизнесийн идэвхжил тааруу, санхүүжилт зогсчихлоо. Татварын бодит дарамт өндөр байна. Татварын реформ болоод бизнесийн орчны шинэчлэл огт хийгдсэнгүй. Ийм үед татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй” гэх эдийн засагч, судлаач, шинжээчдийн үй олон санал, сэтгэгдэл хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр сүүлийн хэд хоногийн туршид гарч буйг ард түмнээ шулах гэсэн адгийн шааруудын арга барилаар улайран зүтгэгчид ер нь анзаарч байгаа болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *