Categories
мэдээ нийгэм

Тарваганы цөс, хүн махыг түүхийгээр нь идсэнээс болж нас баржээ

Туулайн зүрх халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг ойлголт хүмүүсийн дунд ам дамжин яригддаг. Үүнийг орчин үеийн анагаах ухаан хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч таны эрүүл мэндийг хохироож, улмаар үхэлд хүргэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв анхааруулж байна.

Учир нь саяхан Хөвсгөл аймагт нэгэн иргэн тарваганы цөс, хүн мах, элгийг түүхийгээр нь идсэнээс нас барсан. Мөн өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж хүн өвчилжээ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Д.Баярдулам “Бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь хүний бие махбодид, тэр дундаа ямар нэгэн өвчин эмгэг туссан үед хэрэглэх нь тустай гэдгийг анагаахын шинжлэх ухаан одоог хүртэл батлаагүй байгаа. Гэтэл ходоод өвдвөл чонын ходоод сайн, адууны гуур идэх нь хоолойн хорт хавдар, бүдүүн гэдэсний хямралын үед тустай, яргуй идсэн гөрөөсний халуун цус уух нь биеийн дархлааг сайжруулдаг гэх зэргээр иргэд ам дамжин ярьдаг. Зарим нэг нь бүр ингэж хэрэглэхийг бусдадаа зөвлөдөг. Харамсалтай нь энэ маягаар өвчнөө анагаах гээд бие нь улам хүндэрсэн, бүр нас барсан тохиолдол гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 20-нд Хөвсгөл аймагт тарваганы элэг цөс, хүн махыг түүхийгээр нь залгисан гэж байгаа юм. Гэтэл үүнээс хойш хоёр гурав хоногийн турш халуурч байгаад 24-нд эмнэлэгт хүргэгдэж ирээд, төд удалгүй нас баржээ. Задлан шинжилгээгээр талийгчийн ясны чөмөгнөөс тарваган тахлын нян илэрсэн учраас үхлийн шалтгаан нь тарваганы элэг цөс, хүн махыг түүхийгээр нь идсэнээс болсон гэдэг нь ийн баталгаажсан. Бас өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж өвчилж байсан удаатай. Ер нь зэрлэг амьтдын махыг түүхийгээр нь идэж, цусыг нь түүхийгээр уувал бруцеллёз өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь ямар ч амьтны цус амин дэмээр баялаг, тэжээллэг байдаг тул ямар ч төрлийн өвчин үүсгэх нян үржих таатай орчин болдог. Тиймээс энэ төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлийг тэр чинээгээр нэмэгдүүлдэг. Иймээс иргэд ам дамжсан ярианд итгэн өвчнөө эмчлэх бус харин халдвар авч, улмаар амь насаа алдаж болзошгүйг анхааруулж байна” гэсэн юм.

М.УУГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *