Categories
мэдээ нийгэм

Тарвага агнуурыг 3 жилийн хугацаатай хориглов

Тарвага агнуурыг 3 жилийн хугацаатай хоригловБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ. Улмаар 2005, 2006, 2014 онуудад Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын тушаалаар тарвага агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ авсан нь зарим аймагт хийсэн судалгаагаар тодорхой үр дүнгээ өгсөн байна. Устаж үгүй болсон нутагт тарвага цөөн тоогоор үзэгдэх, зарим газарт тоо толгой өсөж байгаа тухай мэдээллийг орон нутгаас ирүүлж байгаа юм. Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийх болсон. Зөвхөн энэ онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр орон нутгийн удирдлагуудын зүгээс монгол тарваганы тоо толгой өссөн талаар мэдээлэл ирүүлэх болсон ч цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурыг хориглох арга хэмжээг бүх нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн авахаар шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *