Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Самар, шоколадтай рулет

Орц (Гурван хүний)

Өндөг-таван ширхэг

Элсэн чихэр-3/4 цайны аяга

Гурил-нэг цайны аяга

Какао-дөрвөн хоолны халбага

Самар-350-380 гр

Шоколадны крем-нэг цайны аяга

Масло-3/4 цайны аяга

Карамел-1/2 цайны аяга

Набор-250 гр

Хийх арга

175С хэмд шарах шүүгээг халааж бэлтгээрэй. Өндөгнүүдийг хагалж дээрээс нь элсэн чихрээ хийж автомат холигчоор хөвсгөр цагаан болтол нь холино. Мөн өөр саванд гурил болон какаог хольж шигшиж хийгээрэй. Гурил, какао хоорондоо сайтар холилдсон байх ёстой. Ингээд гурилтай какаогоо бага багаар өндөгний зуурмаг дээрээс хийж хуванцар хутгуураар зогсолтгүй хутгана. Дээрээс нь самрын үйрмэгийг хийж холино. Ингээд шарах шүүгээний тавцан дээр жигд асгаж хийгээд 12-15 минут болгоно. Гаргаж ирээд хавтангаас болгоомжтой хуулж аваад 10-15 минут хөргөөд алчууранд ороож 15-20 минут байлгаж рулетны хэлбэрт оруулна.

Энэ хооронд рулетны амталгаагаа бэлтгэе. Саванд масло, шоколадны крем, карамел хийж холино. Хэрвээ та хүсвэл хатаасан жимс жимсгэнэ, жимсний чанамал зэргийг хэрэглэж болох юм. Масло задартал сайтар хутгаж холиорой. Ингээд рулетны кексээ дэлгэж тавиад дээрх шоколадны кремтэй зуурмагийг жигд нялаад нэг захад нь набор зэрэгцүүлэн өрж тавина. Набор нь шоколадтай, самартай, үзэмтэй ямар ч төрлийнх байж болно. Набортой хэсгээс эхлэн аажмаар жигд хуйлж ороогоод гадна талаас нь мөн зуурмагаар бүрж, самар цацаарай. Ингээд шоколадны кремийг хайлуулж рулетны дээрээс гоожуулан набороор чимэглээрэй. Амтат самартай, шоколадтай рулет бэлэн боллоо.

ГАХАЙН МАХААР ОРООСОН ТАХИАНЫ МӨЧ

Орц (Гурван хүний)

Тахианы мөч-8-10 ширхэг

Гахайн утсан мах-400-500 гр

Давс-нэг цайны халбага

Хар перец-нэг цайны халбага

Хийх арга

Тасалгааны нөхцөлд гэсгээсэн тахианы мөчийг давс, хар перец, халуун чинжүү зэрэг дуртай амтлагчаараа сайтар амтлаад 20-30 минут болгоно.

Гахайн махыг урт нимгэн хэрчинэ. Хэрчсэн бэлэн гахайн мах ашиглаж ч болно. Тахианы мөчийг гахайн махаар ороож шүдний чигчлүүрээр тогтоогоорой.

Гадна талаас нь давсалж амталж болно. 180-200C хэмд халаасан шарах шүүгээнд хийж 30-35 минут болгоно. Дурын хачир болон сүмсээр амтлан идээрэй.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *