Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Гэртээ турк хоол хийж идээрэй

“Турк хоолны 7 хоног” арга хэмжээ “Кемпински” зочид буудалд болж байгаа. Туркийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй энэхүү өдөрлөгийн үеэр Бур­ханэт­тин Доган тогооч “Хуримын шөл”, “Тосгоны бөрек” зэрэг хоол хийж сонирхуулсан юм. Тэрээр тус Элчин сайдын яамны тогооч ажээ. Монголд ирэхээсээ өмнө Измир хотын далайн эрэг дээр байх “Beach” зочид буудалд ажиллаж байсан. Мөн Испанийн Барселона хот дахь Туркийн Элчин сайдын яаманд болон 2011-2014 онд хөлбөмбөгийн “Фенербахче” багийн тогоочоор ажиллаж байсан туршлагатай. Мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байгаа Бурханэттин Доган тогоочийн гарын хоолны жор болон хийх аргыг танилцуулъя. Дашрамд сонирхуулахад өнөөдөр Чингэсийн талбай дээр Турк хоолны нээлттэй өдөрлөг болох юм байна.

Хуримын шөл

Хийх арга:

Галаа асаан тогоогоо халаана. Халсан тогоондоо хоёр халбага ургамлын тос хийгээрэй. Тосоо халахаар нэг хоолны халбага цагаан гурил хийж хуурах хэрэгтэй. Сайтар хуурсан хойноо дээр нь 250 грамм ус, сүү хийнэ. Шөл буцлахдаа тодорхой хэмжээгээр өтгөрсөн байх бөгөөд дээр нь 20 грамм үхрийн болгосон мах хийгээрэй. Махны тухайд тогоочийн сонголтоор хониныхыг хийсэн ч болох юм. Бас хоёр халбага болсон цагаан будаа хийгээд хутгана. Мах, будаа хоёроо нэг буцалгаад гаргах үедээ давсыг нь тааруулаарай.

Орц:

100 гр үхрийн бор мах

Хоёр халбага гурил

Гурван халбага наранцэцгийн тос

100 гр сүү, ус

Давс

Тосгоны бөрек

Хийх арга:

Гурилаа бэлтгэхдээ: Хүйтэн усаар гурилаа зуураа­рай. Шанзыг нь бэлтгэхдээ үхрийн татсан мах, нэг ширхэг сонгино, хоёр хоолны халбага ургамлын тос, хоёр хумс сармис, нэг чимх давс хийнэ. Үүн дээрээ өөрийн дуртай хоол амтлагчийг нэмээрэй. Ингээд 400 грамм усанд хийж холих юм.

Гурилаа 50, 50 граммаар хувааж элдэх хэрэгтэй. Элдсэн гурилныхаа голд шанзнаасаа хийгээд өөрийн хүссэн хэлбэрт оруулан чимхэнэ. Бэлэн болсон бөрекэн дээрээ өндөгний шарыг түрхээд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж шаргал өнгө оруулах юм.

Орц:

100 гр үхрийн татсан мах

Нэг ширхэг сонгино

Ногоон, улаан чинжүү нэг, нэг ширхэг

Нэг хумс сармис

Хар перц, цагаан гаа, гоньд зэрэг хоол амтлагч

500 гр гурил

10 гр эсгэгч

10 гр давс

5 гр элсэн чихэр

5 гр наранцэцгийн тос

Амтат коктейл хэрхэн хийх вэ?

Нэрс жимстэй, жигнэмэгтэй коктейл хийхийн тулд зайрмаг, сүү, нэрс, жигнэмэг хэрэгтэй. Холигчиндоо зайрмаг хийгээд дээрээс нь сүүгээ холино. Үүн дээрээ өөрийн дуртай жигнэмэгээс бага зэрэг хийгээд холигчоо ажиллуулаарай. Бэлэн болсон хойно нь бага зэрэг нэрс хийгээд сүүтэй, нэрс­тэй коктейл бэлэн болно.

Хэрэв бананатай коктейл хийхийг хүсвэл хоёр ширхэг банана, хар кофе, хагас аяга жимстэй тараг, 180 грамм сүү, нэг хоолны халбага нунтаг какао, нэг хоолны халбага зөгийн бал бэлдээрэй. Эдгээ­рийг нийлүүлээд холиг­чин­доо хийнэ. Холигчоо хамгийн хүчтэй сэгсэрдэг дээр нь таа­руулж холиход гадил жимстэй коктейл бэлэн болох юм.

Бэлтгэсэн С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *