Categories
мэдээ нийгэм

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөл батлагдвал далд бизнес цэцэглэнэ гэв

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой дугуй ширээний ярилцлага өчигдөр МҮХАҮТ-д боллоо. “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвтэй дугуй ширээний ярилцлагад МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбооны гишүүдээс гадна ОХУ, Казахстан, Сингапур зэрэг улсын мэргэжлийн экспертүүд оролцсоноороо онцлог байлаа. Уг арга хэмжээний дараа бизнес эрхлэгчид УИХ болон холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхээр болов.

УИХ-д өргөн барих гэж буй Тамхины хяналтын тухай хуульд жижиглэн худалдаа эрхлэгч, жижиг дунд бизнесийн эрх ашгийг хөндсөн маш олон заалт тусгагдсан гэж ярилцлагад оролцогчид онцолж байсан юм. Бизнес эрхлэгчид 2015 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийг бүрэн хэрэгжээгүй, худалдаа эрхлэгчдийн бизнесийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх олон заалттай батлагдсан гэж шүүмжилж байв.

Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа “ 2013, 2015 онд шинэчилсэн хуулиуд жижиг бизнесийг боомилсон, далд бизнесийг хөгжүүлсэн шийдвэр байсан. Бүр тодруулж хэлбэл уг хуулиар сургууль орчмын 500 метрт тамхи татах бүх цэгийн үйл ажиллагааг хязгаарласан. Шинэчилсэн төсөлд сургууль дээр нэмээд хүүхдийн үйлчилгээтэй холбоотой ихэнх байгууллагыг хамааруулна гэж заасан байна. Энэ заалт хэрэгжвэл ямархуу байдал үүсэх нь вэ гэдгийг тандах зорилгоор бид Улаанбаатар хотыг бүсчлээд зурж үзлээ. Ингээд харахаар нийслэлийн хэмжээнд ерөөсөө л хорь гаруй цэгт тамхи зарах эрх өгөх нь. Улсын хэмжээнд 15 мянга гаруй жижиглэнгийн цэг бий. Үүнээс 900 нь манай холбоонд гишүүнчлэлтэй. Манай гишүүнчлэлээс гээд яривал эдгээр бүсэд хамаарах цэгийн үйлчилгээ байхгүй болчихож байгаа юм. Ингэх нь маш том сөрөг нөлөөтэй. Тамхины хууль бус наймаа өнөөдрийнхөөс ч илүү цэцэглэнэ. Татварын замбараагүй тогтолцоог улам өөгшүүлсэн эрсдэл бий болно. Жижиглэн худалдаа эрхлэгчдэд сөрөг үр дагавар авчрахаар өөрчлөлт хийх гэж байна. Гадны экспертүүд зохистой, зөв өөрчлөлт биш гэдэг дээр санаа оноогоо тодорхой хэллээ” хэмээн ярив. Дугуй ширээний ярилцлагад ОХУ-ын Гайдарын нэрэмжит Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн татварын газрын орлогч дарга Наталъя Корниенко, Ази Номхон далайн аялал жуулчлалын жижиглэн худалдааны холбооны төлөөлөгч Рода Северино, Казахстаны жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Жибек Ажибаева нар оролцсон юм.

Жибек Ажибаева “Тамхитай тэмцэх бол маш чухал асуудал. Танай улсад өнөөлдөр яригдаж буй хуулийн шинэ төслийг харахад олон хориг хязгаарлалтыг тусгажээ. Ямар ч хориг хязгаарлалт нааштай эерэг үр дүн авчирдаггүй. Хээл хахууль, хууль бус үйлдлийг дэвэргэхээс хэтэрдэггүй. Бизнесийнхэнтэйгээ хамтарч хэлэлцэж ярилцаад тодорхой шийдэлд хүрэх ёстой. Казахстаны хувьд бизнеийнхээ төлөөлөлтэй ярилцаж байгаад хориг хязгаарлалтуудаа цуцалсан туршлага бий” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Э.Чулуунбаатар “Тамхины хяналтын тухай хууль 2013 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Гэвч төдийлөн үр дүн гарахгүй байгааг дугуй ширээний ярилцлагын үеэр олон хүн дурдлаа. Тийм учраас манай холбоо болон МҮХАҮТ-ын хамтарсан өргөх бичгийг УИХ, холбогдох эрх бүхий байгууллагад өргөн барихаар боллоо. Тамхи татахгүй газрын тоог хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн хөгжлийн төв, хүүхдийн байгууллага болгож өргөтгөх, тэдгээрээс 500 метрийн радиуст тамхи борлуулахыг хориглох заалтуудыг бидний зүгээс эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын газар нутгийн 90 хувьд тамхины худалдаа хийх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох нь. Худалдаа эрхлэгчдийн орлогод шууд нөлөөлөх нөхцөл байдал бий болно гэсэн үг. Тамхины хайрцагны 50 хувьд хориглосон, сэрэмжлүүлсэн зурагт хуудас наана гэсэн заалт өнөөдөр үйлчилж байгаа. Одоо яригдаж буй шинэчилсэн найруулгын төсөлд 75 хувьд нь наана гэсэн заалт нэмэгдэж байна. Тамхины сав баглаа боодлын үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлнэ. Нөгөө талаар хуурамч тамхины худалдааг цэцэглүүлэх боломж олгох эрсдэлтэй заалт” гэсэн юм.

Дугуй ширээний ярилцлагад оролцогчид тамхийг тусгай автомат машинаар худалдах санал гаргасан юм. Автомат машиныг насанд хүрээгүй хүүхэд ашиглаж болохгүй хэлбэрээр суурилуулах боломжтой гэнэ. Тамхины хэрэглээг бууруулах нь зайлшгүй асуудал, гэхдээ хэрэглээг бууруулах арга зам нь буруу байна гэсэн дүгнэлтийг дугуй ширээнд оролцогч экспертүүд онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *