Categories
мэдээ нийгэм

Тамхины хэрэглээг бууруулахад татварын хатуу бодлого чухал гэж үзжээ

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд ОХУ-аас ирсэн төлөөлөгчид тус улсад 2008 оноос Тамхидалтын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой хэрхэн тэмцэж ирсэн туршлага, гарсан үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус уулзалтыг ЭМЯ болон Фокус судалгааны төв хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-д тамхины хор уршигтай холбоотой судалгаа, аж ахуйн нэгж, байгууллагууд тамхины сурталчилгааг хэрхэн хийж, хэрэгжүүлж байгаа арга технологийн тухай танилцуулсан юм.

ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар олон улсын Тамхины хяналтын суурь конвенцын зарчмыг Монгол Улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажиллаж байгаа юм.

Ольга Кнорре ярихдаа, “2012 онд Монголд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль олон улсын конвенцид нийцсэн сайн хууль болжээ. 2015 онд зарим баар, ресторанд тусгай тамхины өрөөтэй байхаар өөрчлөлт оруулсан байна. Монгол Улс тамхины хяналтын талаар зөв замаар явж байгаа ч тамхины татварыг нэмэх бодлого баримталж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээв.

Түүнчлэн ОХУ-ын хувьд тамхины хэрэглээг бууруулахад татварын хатуу бодлогыг барьсан нь хамгийн зөв арга болсон. Тамхины хяналтын тухай хуулийг 2008 оноос ОХУ-д хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, дэмжлэг, таниулан сурталчлах ажил чухал үүрэгтэй болохыг ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд онцоллоо.

Мөн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хатагтай Ольга Кнорре, ноён Виктор Зыков нарыг хүлээн авч уулзан тамхины хяналтын эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцсон юм. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байгааг сайд тодотгов.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар манай холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д 2004 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийг даган гарсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2012 онд нэгдэн орсон. Улмаар “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 1993 онд анх боловсруулан баталж, 2005, 2012, 2015 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *