Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талцан хэрэлдэж байхаар үр хүүхдүүддээ үлгэр уншиж өгцгөөе

“Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвчдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар” гэдэг Буддагийн үгийг хэд хоног “мөлжиж” сууна. Энэ үгийг бодох болсон шалтгаан мэдээж бидэнтэй л холбоотой. Талцах нь амархан монголчуудын дунд дөмөгхөн шиг булууны яс шидэхэд хэд хоног хоолны бараа хараагүй өлсгөлөн ноход шиг шаагилдан уралцдаг. Цаад утгыг нь тайлахаас илүүтэй бид цахим сүлжээгээр бие бие рүүгээ эрээ цээргүй довтолж, доромж үгс чулуудаж, хэрүүл маргаан хийх нь даан ч их болсон. Дайрч давшилсныхаа хэрээр өсч дэвждэг бол манайх шиг “мундаг” улс дэлхийд олдохгүй биз. Хэрүүл тулааны олимп болдог бол хэдэн зуугаараа аварга болчихоор байна. Хэн нэгэн рүү халдан довтолж, гутаахдаа арслан барс мэт эрэмгий болж. Үүнээсээ ч сэтгэлийн цэнгэл эдэлдэг болсон нь үнэн аж.

Ямарваа нэгэн зүйлийг туйлшруулахдаа, магтахдаа, муулахдаа хоёр туйлд нь хүртэл савж чадах юм. Тэр хэрээрээ бид хийж бүтээх цаг хугацаагаа алддаг. Үнэндээ булууны яс шидэгчид нь бидний дунд орж “гав гав” хийх биш уулын орой, байшингийн дээврийн хаа нэгтээгээс харсан шигээ бах таваа ханган суудаг. Түүхэндээ ч бид талцаж хуваагдсанаасаа болж дарлагдаж ирсэн ард түмэн. Бид өөрсдийн биеэр үүнийг туулаагүй болохоор мэдэхгүй байгаа юм болов уу даа.

Тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар гэж бичвэрийнхээ эхэнд тодотгосон. Бид бусдын эрхшээлд автаад л байна. Хэн нэгэн рүү давшлахдаа бид ар гэр, үр хүүхэд, аав, ээжийг хамаатуулан адгийн амьтан мэтээр ноцдог. Тухайн хүн буруутай бол түүнийг л шүүмжил. Гэхдээ доромжилж биш.

Түүний өмнөөс гэр бүлийнхэн нь “ял” үүрэх ёсгүй. Компьютерийн гар, гар утасны дэлгэц маажиж талцан хэрэлдэж байхаар үр хүүхдүүддээ үлгэр уншиж өгцгөөе л дөө. Үр хүүхдүүд минь биднийг хэн нэгнийг татан унагахдаа улай үзсэн 15 толгойтой атгаалжин хар мангас гэж харахгүй байгаа. Хаа нэгтээ уншиж өгдөг үлгэрийн баатар, үзэсгэлэнт гүнж л гэж төсөөлж байгаа шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *