Энэ оны нэгдүгээр сард нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд болох хэсэг залуус наргиж цэнгэж байгаад нэг нь Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас унаж нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгт залуусыг холбогдуулан шалгаж байгаа тухай бид өмнө нь дурдсан. Тэдний байсан байрнаас мансууруулах төрлийн бодис болон хэрэглэсэн байж болзошгүй гаанс олдсон тул тухайн үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авч шинжилгээний хариу гарчээ.
Шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаабөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Хэргийн газарт Э.Намсрай /22 настай/, Б.Цэрэнням /21 настай/, Ж.Гантулга /28 настай/, Ц.Цэрэндорж /22 настай /, Б.Хүлэгт /23 настай/, н.Жамух /22 настай/, Ц.Даваажаргал /28 настай/, Г.Дөлгөөнбаатар /21 настай/, Х.Есүнгэ /22 настай/, Б.Намуун /25 настай/ нарын 21-28 насны 10 эрэгтэй, нэг эмэгтэй байсан юм. Тэд тухайн үед “Мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй, талийгаачийг амиа хорлосныг мэдээгүй, унтаж байсан” гэж мэдүүлсэн байдаг.