Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаачийн нэг нь “Ажлын залуу маань химийн бодист хордоод хараагүй болчихлоо” хэмээн өмнө нь ярьж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламж, Түүхий үлдэцийн насос станцын барилгад энэ сарын 16-ны өдрийн 15:20 цагийн орчимд ноцтой осол гарсан. Уг ослын улмаас улсын харьяа байгууллагын дөрвөн иргэн ажлын байрандаа амь насаа алдаж найман иргэн хийнд хордож Цэргийн төв госпиталд хүргэгдэн эмчлэгдэж байгаа ажээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилладаггүй, хамгаалах хувцас, тоног төхөөрөмж хангалтгүй зэргээс шалтгаалж гарсан ослын талаар бид сурвалжиллаа. Өмнө 2014 онд Төв цэвэрлэх байгууламжид хоёр иргэн амь насаа алдаж байжээ.

Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэж 24 цагийн турш ажилладаг инженерийн байгууламж юм. Тус байгууллага 170 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Энэ сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид ямар нэгэн томоохон засварын ажил хийгдээгүй юм байна. Өдөр тутмын засвар үйлчилгээг ээлжийн инженер, механик инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүд удирдаж явуулж байжээ. Өдрийн 15:00 цагийн орчимд засварын бригадын засвар үйлчилгээгээ гүйцэтгэх явцад насос станцад хий ялгарсан байна. Хүчтэй ялгарсан хийний улмаас шатнаас доош хоёр метрт байрлах хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордож амь насаа алдсан байна. Ослын газарт хоолойгоор их хэмжээний лаг цацарч байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Хордсон иргэдийг аврахаар таван ажилтан насос станцруу нэвтэрсэн боловч хортой хийнд муужирч буцаж гарч иржээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж аврах ажиллагаа явуулсан байна.

Төв цэвэрлэх байгууламж, Түүхий үлдэцийн насос станцын хийд хордсоны улмаас А.Болдхуяг, М.Баяржаргал, Т.Алтансүх, Б.Түвшинтөгс нарын 32-42 насны дөрвөн иргэн амь насаа алдсан юм. Харин тэднийг аврахаар насос станц руу орсон таван иргэнийг Цэргийн төв госпиталд хүргэсэн байна. Одоогийн байдлаар тус эмнэлэгт найман иргэн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Тэднээс химийн ямар бодист хордсон талаар шинжилгээ авч байгаа гэнэ.

Бид ослын улмаас амиа алдсан иргэний эгч У-тай ярилцсан юм.

-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Таны дүү Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг байсан гэсэн. Ослын тухай мэдээллийг анх хаанаас сонссон бэ?

-Үнэхээр хүнд байна. Өчигдөр (энэ сарын 16-нд) 16:00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн хэлтсээс утасдаж энэ муухай мэдээг дуулгасан. Сонссон даруйдаа Төв цэвэрлэх байгууламж руу очиход биднийг дотогш нь ч нэвтрүүлэхгүй, цагдаагийн хамгаалалтад авчихсан байсан. Өглөө гэрээсээ яараад гарсан дүүгээ дахиж харахгүй гэж бодохоор итгэж өгөхгүй юм.

-Таны дүү тус байгууллагад анх хэзээ ажилд орсон юм бэ?

-Миний дүү сая Цагаан сарын дараа л Төв цэвэрлэх байгууламжид ажилд орсон. Тус байгууллагад хоёр сар гаруй ажиллаад л бидэнд ийм харамсалтай явдал тохиолдлоо. 90 хүрч байгаа аавд нь бид юу гэж хэлэх вэ. Яс хавталзах юм.

-Талийгаач гэр бүлтэй байсан уу. Хэдэн хүүхэдтэй байв?

-Гэр бүлтэй. Эхнэр нь бага насны гурван эрэгтэй хүүхдийн хамт өрх толгойлоод үлдлээ. Миний дүү ар гэрээ авч явж байсан юм шүү дээ. Эхнэрийнх нь сэтгэл хямарч байхааг харахаас л нүд халтирах юм. Гурван хүүхдийн эцгийн амь насыг хариуцаж хортой нөхцөлд ажиллагаа явуулж байж хариуцлагатай ажиллах ёстой биз дээ. Олон иргэдийн амь нас, ар гэрийг хариуцаж байж ажил эхлэхийн өмнө тэр тоног төхөөрөмжөө сайтар шалгах үүрэгтэй. Хариуцлагыг нь би Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжаас нэхэж байна.

-Онц хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хэр хангаж ажилладаг байсан юм бол. Дүү тань энэ талаар ярьж байсан уу?

-Ажилд ороод хоёр сар л болж байсан. Дагалдангаар ажиллаж байх хугацаандаа их оройтож, нүд нь улайж, царай нь цонхийж цайсан амьтан ирдэг байсан талаар эхнэр нь хэлж байсан. Тэр химийн хортой хий нь тодорхой хэмжээнд ялгардаг байсныг үгүйсгэхгүй шүү дээ. Хамгаалалтын хувцас хэрэглэл нь шаардлага хангахгүй байгаа талаар удирдлагууддаа мэдэгдэж байсан гэсэн. Хүрэлцээ тааруу байсан юм шиг байна лээ.

-Өмнө нь Төв цэвэрлэх байгууламжид тохиолдож байсан ослуудын талаар та мэдэж байсан уу?

-Ороод удаагүй байхдаа “Ажлын газрын залуу маань химийн бодист хордоод хараагүй болчихлоо” гэж хэлж байсан. Энэ бол удирдлагуудын хайхрамжгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Ер нь тэгээд Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ийм л хариуцлагагүй болчихсон. Ийм хортой нөхцөлд ажил явуулахад хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан инженерүүд удирддаг биз дээ. Ажил эхлэхийн өмнө тэр хий алдсан насосыг нь шалгах үүрэгтэй. Тухайн өдөр инженер нь байсан ч юм уу, үгүй ч юм уу. Байсан бол ажил үүргээ хангалттай хийгээгүйгээс шалтгаалж дөрвөн хүн нас барчихаад байна. Төрийн байгууллагынхан өндөр цалин амлаж, дүүг минь ажилд авсан. Үнэхээр харамсалтай байна. Ажиллах нөхцөл нь хүнд байхын зэрэгцээ энэ байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байна гэв.

Ослын талаар Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн дотор горимонд нь оруулна. Төв байгууламжийг үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тусгай горимд оруулсан. Мөн осол гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох байгууллагууд, ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Үүний дараа Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргана. Энэ орчин яалт ч үгүй хурц хэлбэрийн хордлогын нөхцөл үүссэн байгаа учраас хуулийн байгууллага ажиллах бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй байна. Энэ орчинд онцгой байдлын газрын хяналтан дор хэмжилт хийж, дахин осол гарахаас сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан, гэрээт нэг ажилтан хордож эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Тухайн орчинд ажиллаж байсан хүмүүсээс гурван хүн нэмж эмнэлгийн байгууллагад очсон. Эмнэлэгт нийт найман хүн эмчлүүлж байна. Бид цаг тухай бүрт нь мэдээллийг хүргээд явах болно” гэж мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *