Categories
гадаад мэдээ

Талибан хөдөлгөөн шинэ Засгийн газрын бүтцээ ойрын үед танилцуулна

Афганистаны Талибан хөдөлгөөн нийслэл Кабул хотыг хяналтдаа авснаас хойш долоо хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Талибан хөдөлгөөн шинэ засаг захиргаа байгуулах яриа хэлэлцээ хийж, Афганистаны иргэд Талибан хөдөлгөөн шинэ засаг захиргааг хэрхэн тогтоох бол гэсэн хүлээлттэй байна.

Талибан хөдөлгөөн наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авч Афганистаны Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнууд улс орноо орхин гарснаар тус улсын албан ёсны засаг захиргаа тарсан.

Өнөөдрийн байдлаар Кабул хотын зах худалдааны байгууллагууд эргэн нээгдэж, хүмүүсийн өдөр тутмын амьдрал тодорхой хэмжээнд хэвийн байдалдаа орж эхэлж байна.

Гэхдээ Кабул хотын ихэнх дэлгүүр, бүх банк хаалттай байна. Иргэдийнх нь олонх нь гэрээсээ гарахгүй, нөхцөл байдал хаашаа эргэхийг харзнасан байдалтай байгаа юм байна.

Харин улс орноосоо дүрвэх гэсэн олон мянган хүн Кабулын нисэх онгоцны буудалд цугласан хэвээрээ байна. Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яам бямба гарагт түгшүүр зарлаж, аюулгүй байдлын үүднээс шинэ заавар очтол нисэх онгоцны буудалд ирэхгүй байхыг тус улсад оршин суугаа иргэддээ зөвлөсөн байна.

Талибан хөдөлгөөний хоёрдугаар удирдагч Муллах Абдул Гани Барадар Кандахар хотоос энэ баасан гарагт нийслэл Кабулд ирсэн байна. Түүнийг шинэ Засгийн газар бүрдүүлэх яриа хэлэлцээг тэргүүлнэ гэж ажиглагчид таамаглаж байна.

Талибан хөдөлгөөн ойрын хэдэн долоо хоногт багтааж шинэ Засгийн газрын бүтцийг танилцуулахаар төлөвлөж байгаа гэж тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээллийг “Ройтерс” агентлаг иш татан мэдээлжээ.

Харин Афганистаны ард түмний дунд айдас түгшүүр улам нэмэгдэж байгаа юм байна. Талибан хөдөлгөөн 1996-2001 оны хооронд улс орныг хянаж байх үедээ исламын шашны хатуу дүрэм журам тогтоож, хүний эрхийг зөрчиж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *