Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг хэлэлцэх бүх намуудын төлөөлөл орсон Ажлын хэсгийн хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдсан ч завсарлан үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан.
Цаг хугацаа шахуу байгаагийн дээр бусад намуудтай зөвшилцөж чадаагүй учир УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл үүнийг эсэргүүцсэн МАН-ынхан “ажил хаялт” зарлаж, УИХ-д суудалгүй бусад намуудтай нэгдэн “хар машин”-ыг шатааж, Төрийн ордныг гороолон хэд хоносон билээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч бүх намуудын төлөөлөлтэй уулзан, зөвшилцсөний үндсэн дээр Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх болоод байгаа.
Тиймээс намуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг чуулганаас өмнө нэгдсэн байр суурьт хүрч, зөвшилцөх шаардлага бий болоод буй.
Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар намууд сонгуулийн санал тоолох систем дээр тохиролцоонд хүрсэн, сонгуулийн саналыг хар машинаар тоолоод шаардлагатай гэсэн тойрог дээр буюу сонгуулийн тойргийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллогыг гараар тоолж болно гэсэн зүйлүүд дээр тохиролцсон гэх мэдээлэл байгаа.