Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр Японы Тоттори хотноо Мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өөрөөсөө доод зиндааны монгол сүмоч Таканоива А.Баасандоржийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмтээсэн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Харүмафүжи их спортоо орхин, саяхан зодог тайлсан билээ.
Хэрэг мандсаны дараа Японы Сүмогийн холбоо зөрчил гаргасан Харүмафүжи аваргыг 500 мянган иенээр торгосон. Тухайн үед Таканоива А.Баасандорж хоёр тэмцээн өнжихөөс гадна өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Эдүгээ 28 настай Таканоива Токиогийн дүүргийн шүүхэд хандаж, 34 настай Харүмафүжи аваргаас сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, замын зардал гэхчилэн нийт 24,31 сая иен буюу 211 мянган ам.доллар нэхэмжилсэн талаар “The Asahi Shimbun” мэдээлжээ.
Таканоивагийн хувьд дээрх мөнгийг хоёр сарын өмнө нэхэмжилсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард хоёр талын өмгөөлөгчид уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй аж.