Тажикстаны Вахдат хотноо байрлах чанга дэглэмтэй хорих ангийн хоригдлууд бослого гаргасан талаар “www.nytimes.com” сайт мэдээллээ. Уг үйл явдлын улмаас 32 хүн амиа алдсан болохыг тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.
Тус хорих ангид алан хядах “Исламын улс” бүлэглэлд элссэн гэх шалтгаанаар хоригдож буй нэгэн хоригдогч хүйтэн зэвсгээр гурван харгалзагч, таван хоригдлын амийг хөнөөсөн нь бослого гарах шалтгаан болсон гэнэ.
Эрх баригчид бослогыг хүчээр дарж, хоригдлуудыг оргон зайлахаас сэргийлэх арга хэмжээ авахыг шоронгийн удирдлагуудад даалгасан аж.
Харгалзагчид бослого гаргасан хоригдлууд руу гал нээсэн бөгөөд хагас цаг орчим буун дуу сонсогдсон талаар тус шоронд эргэлтээр ирээд байсан иргэд ярьсан байна.
А.МӨНХЗУЛ