Ковидын халдвар авч эдгэрсэн эсэхээс үл харгалзан вакцинд хамрагдахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention-CDC) гэх мэт байгууллагууд зөвлөж байна. Учир нь байгалийн дархлаа дахин халдвар авахаас хэдий хугацаанд хамгаалахыг судлаачид хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд эсрэг биет хүн бүрд харилцан адилгүй байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа билээ. Мөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст халдварлаад эдгэрсэн хүмүүсээс илүү хамгаалалт үүсч байгааг батлан харуулсан судалгааны нотолгоонууд гарсаар байгаа юм. АНУ-ын Кентукки мужид явуулсан судалгаа “Ковид-19”-өөр халдварлаж байсан, вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дахин халдвар авах магадлал вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсээс хоёр дахин өндөр байгааг тогтоожээ. Иймээс “Ковид-19”-өөр халдварлан эдгэрч эсрэг биет үүссэн хүмүүс 90 хоногийн дараа вакцин хийлгэх шаардлагатай гэж мэргэжлийн судлаачид зөвлөж байна.
CDC
Г.АМАРСАНАА