Монгол Улсын гурван удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д хүрэл медалийн эзэн боллоо. Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, “Mongolia Open” олон улсын тивийн хошой аварга Т.Түвшинтулга ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр өмнө нь хоёр удаа ДАШТ-д хүчээ сорьсон юм. Тэр энэ удаа 1/16 шигшээд Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Киргизийн Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан. Харин ОХУ-ын бөх шигшээд шалгарч, манай бөхөд дагах барилдаан гарч Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесын Дэлхийн цомд ялсан “Будапешт-2016” ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийд данстай шилдэг бөх гэдгээ харууллаа. Түүний анхны багш спортын мастер П.Чулуунбаатар, одоогийн багш нь гавьяат тамирчин О.Пүрэвбаатар юм.