Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Т.Оргилмөнх: “Зэвүүн яриа”-г хийсэн нь өөрөө зэвүүн алхам байсан

“Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнхтэй ярилцлаа.

-“Зэвүүн яриа” нэвтрүүлэгт уригдсан зочдоос хамгийн түрүүнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач гэжасуудаг. Тэгвэл энэ удаа Т.Оргилмөнх гэдэг хувь хүнийг уншигчдад танилцуулвал?

-Намайг Тайванбаатарын Оргилмөнх гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуульд сурч байгаад 8-р ангидаа гарчихсан.Түүний дараа “Сити” их сургуулийн жүжигчний ангид нэг жил сурч байтал SBN телевизээс ажлын санал ирээд түүнээс хойш энэ салбартай холбогдсон. Тэрнээс хойш ажилласаар яваад сургуулиа төгсөж чадаагүй гэсэн үг.

-“2020 онд их сургуульдаа эргээд суралцаж, боловсролдоо анхаарах зорилго тавьсан” гэж ярьсан байсан. Зорилгоо биелүүлж амжив уу?

-Харамсалтай нь чадсангүй ээ. Хорь, хорь гэдэг он чинь хориод л байх юм. \инээв\ Их дээд, сургуульд суръя гэсэн зорилготой байсан ч цар тахлаас болоод хойшлогдчихлоо.

-“Зэвүүн яриа” нэвтрүүлэголон үзэгчтэй, тэр хэрээрээ олон ч хүнд шүүмжлүүлдэг.Олны хэл амыг үл тоон, 4 жил тасралтгүй нэвтрүүлгээ бэлтгэхэд юу нөлөөлсөн бэ?

-Анх 2016 онд Д.Сарангэрэл захирал намайгТок шоу хийгээч” гэж санал болгож, хамтдаа ярилцаад энэ нэрийг өгсөн. Хүмүүсийн надад өгсөн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх юмсан гэдэг бодол маань миний өдийг хүртэл тууштайяваа шалтгаан болов уу. Өөрөө чажилдаа дуртай болохоор хийхэд урамтай. Хэрвээ “Зэвүүн яриа” нэвтрүүлгээ хийж эхлээгүй бол ялгаагүй урлагийн салбартажиллаж яваа байх.

-Анх “Учиртай урилга” нэвтрүүлэгтэй төстэй, санаа авсан болов уу гэж олон хүн харддаг байсан?

-Тухайн үед ярилцлагын төрлийн олон ток шоунууд гардаг байсан. Угаас жанр нь адилхан болохоор тэгж бодогдсон байх. Миний нэвтрүүлэг нэгдүгээрт асуулт бэлддэггүй, тухайн үеийн мэдрэмжээрээ ямар ч эвлүүлэг, засваргүй хүрдэг гэдгээрээ ялгаатай.Тухайн зочны олон нийтэд дэлгэдэггүй далд зүйлийг яриулах зорилготой байдгаараа бусдаас өөр. Тиймдээ ч хар масс ихтэй.

-Нэвтрүүлгийн дараа сөрөг сэтгэгдлүүдээр булуулж, олон нийтэд үзэн ядагдсаны дараа юу бодогддог вэ. Нэг үеэ бодоход сэтгэлзүйн хувьд дархлаатай болсон боловуу?

-Гэнэтийн таагүй юм орж ирэхээрхүн сэтгэлээр унадаг. Хэдэн жилийн өмнө би цаг агаарын нэвтрүүлэг хөтөлж байгаад “5 минут алхлаа, гадаа хүйтэн байна. Оюутан бол харин алх, алх” гээд хэлчихсэн юм. Тэр үед буюу 2016 онд анх удааолон мянган хүнд сошиалаар муулуулж, доромжуулахад эвгүй санагдаж байсан. Тэдэн дундаас таньдаг царайгаа харах л муухай юм билээ. Гэхдээ би үр дүнгээ харчихсан болохоораливаа доромжлол, шүүмжүүдэд эмзэглэдэггүй. Одоо ч муулуулсаарявна. Саяхан найз бүсгүйтэйгээ хөгжилтэй байдлаар дасгалын тайлбар уншсан хөнгөхөн бичлэг дээр хүртэл харлуулах хүмүүс байна. Тэр болгон дээр тайлбар хийгээд хэрэлдээд явахыг хүсдэггүй.Намайг ч яахав, хайртай хүнийг минь доромжлох ёстой хэцүү санагддаг юм байна.

-Ярианыхаа тактикийг урьдчилан бэлддэг үү. Хүмүүсийн тэр бүр дэлгэдэггүй хувийн чанартай зүйлсийг яриулчихсан байдаг.

-Манай гэр бүлийнхэн бүгд яриасаг хүмүүс байдаг. Ярилцахын хувьд маш олон тактик бий. Би өөрөө бодож олсон ч юм уу, угаас байсан ч байж магадгүй олон тактик гаргаж байсан. Эхний арван минутад тухайн хүний өөрийгөө танилцуулж байгаа байр байдлаас нь характерийг нь тодорхойлдог. Энэ хүнийг магтах уу эсвэл бага зэрэг хатгавал юм гарах уу гэдгийг ярилцаж байх хугацаандаа харж байгаад асуудаг.

-Нэвтрүүлэгтээ урихыг хүсдэг болон хэзээ ч урилга авдаггүй зочин хэн бэ?

-Урилга ерөөсөө авдаггүй гэвэл реппер Gee. Маш олон хүмүүс Gee-г оруулаач гэж санал тавьдгийн дагуу 2 жил уйгагүй залгасан. Реппер Цэцээг орохоос өмнө “Нэвтрүүлэгт оролцоно” гэдэг байсан.Цэцээг орсны дараа “Хоёулаа суугаад гуравдагч хүний талаар ярьж байгаа нь таалагдаагүй болохоор орохгүй ээ” гэсэн. Одоогийн байдлаар оруулахыг хүсч байгаа хүн гэвэл Батмөнх гэдэг хүнтэй л ярилцаж үзмээр байна. Сошиал медиа дээр гэр бүлийнхээ талаар пост оруулдгаар нь хүмүүс мэдэх байх. Яагаад гэхээр тэр хүний өөрийгөө өндрөөр үнэлсэн байгаа байдал надад их сонирхолтой санагдаад байгаа.

-Дандаа олны танил хүмүүсийг оролцуулдаг байж байгаад Хосбаяр гэдэг бөөг урьж ярилцсан нь их сонирхолтой дугаар болсон байсан?

-Хосбаярыг орсноос хойш надаас бараг таван мянган хүн утасны дугаарыг нь асуусан.

-Нэвтрүүлгээсээ ямар нэг ашиг олдог уу?

-Ер нь манайх ашиг олдоггүй. Төлбөртэй зочин авдаггүй болохоор айхавтар ашиг олоод, мөнгөний төлөө явсан зүйл байхгүй ээ.

-Реппер Энэрэлийг оролцуулсан дугаарын дараа та хоёрын дунд үүссэн асуудлын талаар нэг хэсэг шуугиад өнгөрлөө.Энэ асуудал түүгээр дууссан уу?

-Бид хоёр ерөөсөө харьцдаггүй. Би яагаад тэрийг ярьсан бэ гэхээр эрэгтэй хүмүүсийн хоорондын маргааныг сүртэй асуудал гэж боддоггүйд байгаа юм. Тэр үед инээгээд, тэсээд өнгөрсөн. Тэр нь ч надад эмзэглэмээр зүйл шиг санагдаагүй. Хүн уураа гаргахад тэвчээд өнгөрөх хэрэгтэй гэдэг талаас нь тэнд яримаар байсан. Энэрэл ч надтай дахиж холбогдоогүй, хэн хэн нь тэр асуудлыг дахиж сөхөөгүй.

-Урьсан зочидтойгоо дараа нь дайснууд болчихдог гэжбайсан. Нэвтрүүлэгт ороод танд дургүй болсон олон хүн байдаг уу?

-100 гаруй зочдын 70, 80 нь надад дургүй шүү (инээв). Яагаад гэхээр нэвтрүүлэгтээ эвлүүлэг хийдэггүй болохоор хасуулъя гэж олон хүн залгадаг байсан. Ярихгүйгэж бодож байгаад гэнэдээд ярьчихдаг. Дараа нь надаас гадна зочин бас муулуулах үе байна. Ялангуяа Чариот гэж бүсгүй “Miss Universe” тэмцээнээс шударга бусаар хасагдсан учраас намайг оруулаад өгөөч гэсэн санал өөрөө тавиад орсон. Тухайн газраа шүүмжлэх гэж байгаад эсрэгээрээ өөрөө шүүмжүүлсэн дугаар байдаг. Орсон хүнийх нь буруу болж дууссан учраас тэр хүннадад нэлээд дургүй байх.

-Тэгвэл “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн зочдоос хамгийн таалагдсан нь хэн байсан бэ?Шударга, баггүй ярьсан хүнийг нэрлэ гэвэл?

-Миний хувьд хамгийн гүндүүгүй ярьсан, надад таалагдсан зочин гэвэл Сэлэнгэ гээд ах байсан. 16 жил шоронд суугаад гарч ирсэн тэр ах нэг тийм хүндэлмээр санагдсан. Бүтэн цагийн нэвтрүүлэгт нэг суусан байрлалаараа дуусан дуустал суусан. Дээр миний хэлсэн шиг уурандаа алдаа гаргасан, тэр бүхнээямар ч баггүй бүх зүйлийг үнэнгээр нь ярилцсан. Тэр дугаар маш олон хүнд нэг хормын уураа тэвчих нь ямар чухал болохыг ойлгуулсан байх гэж би хувьдаа боддог.

-9911-тэй дугаар барих ньхүний үнэлэмж гэж боддог гэсэн байсан. Тэр дугаараа одоо барьж байгаа юу?

-9911-тэй дугаараа би зарсан. Тодорхой хэмжээнд үнэ өсгөж зарсан. 9911 зах зээл дээр хамгийн багадаа 30-40 сая төгрөгний ханштай байна. Тэгэхээр миний хувьд гангараа гэхээсээ илүү үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар нь худалдаж авсан.

-Нэвтрүүлгээсээ гадна өөр ажил, бизнес эрхэлдэг үү?

-Маш олон зүйл хийдэг, алдаж онож үзсэн. Энтертаймент үйл ажиллагаа зохион байгуулдаг жижиг компанитай.Удахгүй найз бүсгүйтэйгээ хамтраад влог хийх бодолтой байгаа.

-Таны өмнөх найз бүсгүйдээ зориулсан бичлэг цахим орчинд тавигдаж мөн л шуугиад өнгөрч байсан. Одоо та жинхэнэ хайртайгаа учирсан гэж боддог уу?

-“Жинхэнэ хайртайгаа учирсан цагт бусадтай нь яагаад болоогүйгээ ойлгоно” гэдэг үгийг одоо л мэдэрч байна даа. Бүтээе гэсэн ч бүтдэггүй өөр хүмүүс байдаг бол цаанаасаа бүх зүйл нь зориулагдсан гэмээр хүн гэнэт гараад ирдэг юм байна. 2020 он хэцүү жил байгаа ч хайртай бүсгүйтэйгээ учирсан болохоор миний хувьд хамгийн дурсамжтай, нандин жил болж байна. Манай найз бүсгүйн байгаа байдал, зорилго мөрөөдөл тэр бүхэн нь надад маш мундаг санагддаг. Эр хүн ээж шигээ бүсгүйг хайдаг гэдэг шиг бүх зүйлээрээ ээжтэй минь төстэй санагддаг. Би эцсийнхээ жинхэнэ хайрыг олсон гэж боддог.

-Найз бүсгүйтэйгээ яаж танилцсан бэ?

– Бид хоёр их сонин ойрхон зөрөөд л яваад байсан байна лээ. Хоёулаа нэг сургуульд байсан мөртлөө тэр үед танилцаагүй. Бид хоёрыг найз маань танилцуулсан. 7-р сарын 10-нд анх учирснаас хойш 4 сар гаруй үерхэж байна. Бусад хүний хувьд бага хугацаа байж болох ч бидний хувьд нэг хүн шиг болох хангалттай хугацаа өнгөрсөн гэж бодож байгаа. Манай хүн фитнессийн багш. Би хайртай хүнийхээ бүх зүйлийг дэмжихийг хүсдэг.

-Ойрын зорилго болон хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Бид хоёр хоёулаа ээж, аав амьтай бүлсэг байдаг нь нандин санагддаг. Би их энгийн зүйл мөрөөддөг. Ирээдүйд олон үр хүүхэдтэй болоод энгийн өвчин зовлонгүй тэгш дүүрэн амьдрах бол миний хамгийн том мөрөөдөл. Ээж аавыгаа хажуу талын байрандаа амьдруулаад ч юм уу тэдэнтэйгээ ямагт ойрхон байна гэж боддог. Бие биенийхээрээ орж гарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадсан дулаахан гэр бүл байхыг хүсдэг. Энэ л миний зорилго.

-Ярилцлагын төгсгөлд таны амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам юу байсныг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Миний хувьд хийсэн зэвүүн алхмууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдсөн байдаг. “Зэвүүн яриа”-г хийсэн нь өөрөө зэвүүн алхам байсан. Одоо бол амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам бол миний хайртай бүсгүй. Ганц бие амьдралаас эргэлзээгүйгээр гэр бүл зохиох итгэлийг энэ бүсгүй надад бэлэглэсэн.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *