Монгол Улсын сайд асан, ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Академич Т.Намжимтай ярилцлаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох талаар яриад нэлээд удлаа. Ярьснаараа бол аль хэдийнэ байгуулагдаад, бүтээгдэхүүнээ гаргаад ирэхээр хугацаа болчихсон. Одоогийн байдлаар таны ярьдаг япончуудтай хамтарсан төслөөс өөр төсөл байгаа юу?
-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох явдал үнэхээр шаардлагатай тулгамдсан асуудал гэдгийг бүгд л мэдэж байгаа. Манайд одоогийн байдлаар Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар бэлтгэгдсэн төслөөс гадна “Сод Монгол” компанийн шугамаар Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриа байгаа дуулдана. Тус компанийн захирал нь Энэтхэгийн банкнаас авахаар зөвшилцсөн нэг тэрбум ам.долларын зээлийг авч, Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барихаар сайд дарга нартай яриад явж байгаа юм байна гэж ойлгосон.
-Дарханы төсөл юунаас болоод урагшлалгүй өдийг хүрчихэв. Юу нь болдоггүй юм бэ?
-Дарханд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл саатаж эдүгээ хүрсэн явдал өнөөгийн тогтолцоо, эрх баригч, төрийн түшээдийн улс эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих сэтгэл, ухамсар, мэдлэг дутсантай холбоотой. Гэхдээ энэ төслийг тодорхой хугацаанд саатуулсан нэг учир холбогдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банкны буцалтгүй зардлын санхүүжилтээр хийгдсэн энэ төслийн ТЭЗҮ-д тусгагдсан графикийн дагуу Дарханд уг үйлдвэрийг Японы тухайн банкны экспортын харьцангуй таатай нөхцөл бүхий зээлийн хөрөнгөөр 2009-2012 онд барьж ашиглалтад оруулах ёстой байсан.
Гэвч манай улсад 2009 онд тохиосон санхүүгийн хямралын улмаас ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орсон, улмаар зээлийн хязгаарлалтын хориг тавигдсан учраас 2012 он хүртэлх хугацаанд баригдах боломжгүй болсон юм.
-Хэрэв тооцоолж байснаараа үйлдвэрээ байгуулчихсан байсан бол ямар ашиг авчрах байсан бол. Тооцоолол байгаа л байх даа?
-Хэрэв Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2012 онд ашиглалтад оруулсан бол жилд дунджаар 1.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 576 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах байсан тооцоо байна. Тэгэхээр өнгөрсөн болон өнөөгийн найман жилийн нийлбэр дүнгээр 12.8 их наяд төгрөгийн Нэмүү өртөг бүтээх, 4.6 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулах боломж алдагджээ. Энэ үйлдвэр маань ашиглалтад орчихсон байсан бол өнөөдөр УИХ, Засгийн газар эдийн засгийн хямрал, хүндрэлийг яаж давах вэ гээд яриад сууж байхгүй л байсан юм. Шинэ Засгийн газар байгуулагдаад есөн сар болсон ч энэ төслийг урагшлуулах ямар ч шийдэл гаргаагүй болохоор бидний алдагдсан боломжийн тооцоо нэмэгдсээр л байна гэсэн үг.
-Гэхдээ энэ Засгийн газар чинь Газрын тос боловсруулах тал дээр тогтоол шийдвэр гаргаад ажиллаад байгаа юм биш үү?
-Сүүлийн үед Засгийн газрын гаргаж байгаа тогтоолыг анхааралтай харж байна л даа. 2017 оны хоёрдугаар сард Энэтхэг улсын банкны нэг тэрбум ам.долларын зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай, гуравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хүрээнд 100 хувь төрийн өмчит компани байгуулах тухай хоёр удаа тогтоол гаргасан байна.
Тэрхүү хоёр тогтоолоор чухам хаана барих асуудлыг шийдээгүй байна. Энэ үйлдвэрийн тухайд байршил тун чухал. Тиймээс байршлын асуудлыг, тэдгээр төслүүдийн ТЭЗҮ, судалгаа тооцоог харьцуульж үзсэний үндсэн дээр төрийн өмчит тодорхой нэр, хаяг бүхий компани байгуулах асуудлыг шийдэх нь зүйн хэрэг болов уу. Сайншандын хувьд ТЭЗҮ байхгүй, судалгаа тооцоо дутмаг байгаа нөхцөлд Дарханы төсөлтэй харьцуулалт хийх боломжгүй байж болох юм.
-Байршил яагаад чухал байдаг, ийм төрлийн үйлдвэрийн байршлыг тогтоодог ямар үндсэн зарчим байдаг юм бэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг регионал эдийн засгийн шинжлэх ухааны арга зүй болон олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг хэв туршлагын үндсэн дээр хоёр зүйлийн зарчим, шалгуурыг баримтлан тогтоодог зүй тогтолтой. Нэг дэх нь нефть боловсруулах үйлдвэрийг олборлодог газарт бус, чухамдаа бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний төв бүст байгуулдаг. Тэгэхээр олборлож байгаа Тамсагт барих нь зөв гэж бодоод байгаа нь буруу ойлголт. Манай улсын бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ногддог учраас үйлдвэрээ энэ бүс нутгийн нэг тулгуур төвд байгуулах ёстой юм. Үүнд Дархан шууд нийцдэг. Харин Сайншанд бол Улаанбаатараас 450 км, Дарханаас 670 км, Эрдэнэтээс 830 км зайтай болохоор бензин шатахууныг хол зайд тээвэрлэх төмөр замд ихээхэн ачаалал, хэрэглэгчдэд зардал, чирэгдэл үүдэх сөрөг талтай болно.
Хоёр дахь шалгуур бол үйлдвэрийн бүхий л шаардлагыг хангах дэд бүтцийн иж бүрэн нөхцөл бүрэлдсэн газарт байгуулдаг. Манай орны бензин шатахууны ойрын ирээдүйн хэрэглээг хангах, жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийн 45 мВт цахилгааны, хоногийн 5000 тонн цэвэр усны хэрэглээг хангах боломжтой, магистрал төмөр зам, авто зам дээр байрладаг төв суурин газар бол Дархан хот гэдгийг төр засгийн эрхэм түшээдэд ойлгуулах нь чухал болсон байна. Сайншандад ийм төрлийн үйлдвэр ажиллуулах эрчим хүчний болон цэвэр усны эх үүсвэр, техникийн байгууламж байхгүй. Ялангуяа усны хэрэглээг шийдэх боломж огт байхгүй.
-Дарханы үйлдвэр баригдвал жилд ямар хэмжээний түүхий тос боловсруулна гэдэг билээ?
-Жилд хоёр сая тонн, хоногт 44 мянган баррель түүхий тос боловсруулахаар ТЭЗҮ-д тусгасан. Энэ хэмжээ манай улсын шатахууны ойрын хэрэгцээг л хангах юм. Түүнээс бага бол хангаж чадахгүй, эдийн засгийн үр ашиггүйгээс гадна дагаад зохих стандартыг хангасан бүтээгдэхүүн гарахгүй байх талтай. Дарханд барих үйлдвэрт Японы нефть химийн үйлдвэрийн мэргэжлийн хамгийн том компани болох Чиёда корпораци, үйлдвэрлэлийн бүрэн циклийн техник төхөөрөмжийг нийлүүлж, барилга-угсралтын ажлыг “түлхүүр гардуулах” нөхцлөөр гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх тохиролцоотой байгаа юм. Ийнхүү Японы техник технологиор барьснаар, олон улсын дээд зэрэглэлийн стандартад тэнцэх, хар тугалга, хүхрийн хорт агуулгагүй бензин шатахуун үйлдвэрлэнэ.
-Дарханы төслийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн байдаг, одоо яригдаж байгаа төслүүд ямар хэмжээнд явж байгаа бол?
-Японы JBIC Банкны боловсруулсан ТЭЗҮ-д Дарханы төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд харьцангуй урт хугацаатай (10 жил), бага хүүтэй (2.39 хувь) экспортын зээл олгохоор тусгасан тохиролцоотой байгаа юм. Мөн Монгол, Японы Засгийн газрын хооронд 2013 онд байгуулсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт (2013-2017) Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны (JBIC) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлж байгуулахаар заасан. Харин Сангийн сайдын саяхны ярилцлагаас харахад Сайншандын төсөлд Энэтхэгийн банкны нэг тэрбум долларын зээлийг ашиглах, мөн Хятадаас нэг тэрбум долларын зээл авах хэлэлцээр явагдаж байгаа юм билээ. Ер нь нэг тэрбум ам.доллар бол манай шатахууны хэрэглээг хангах хэмжээний хүчин чадалтай олон улсын стандартын техник технологитой үйлдвэр болон түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц хадгалах резервуар савны паркийн хамтаар байгуулж дийлэхгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтын гуравны хоёрт хүрэх хөрөнгө л дөө. Сайншандын төслийн хувьд ТЭЗҮ нь хийгдээгүй учраас хаанаас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө нийлүүлэх, хэрхэн барьж байгуулах асуудал тодорхойгүй нь мэдээжийн хэрэг байгаа.
-Энэ үйлдвэрийг барилаа гэхэд түүхий тосоор хангана гэдэг том асуудал шүү дээ. Үүнийг яаж шийдэх вэ. Дарханы үйлдвэрийн хувьд Монголоосоо биш гаднаас оруулах тухай яриад байдаг нь ямар учиртай юм бэ?
-Мэдээж, Монголоосоо олборлосон тосоо боловсруулбал нэн сайн. Гэхдээ Хятадын компанийн манай нутагт олборлож буй газрын тосны 20 гаруй хувь нь Монголынх, үлдэх 80 шахам нь Хятадынх. Хэдийгээр Монголын газар нутгаас гаргаж авсан тос ч гэсэн олон улсын зах зээлийн үнээр авах учраас хилийн гаднаас авч байгаатай адилхан гэдгийг хэн хүнгүй ойлгох учиртай. Зүүн бүсийн Тамсагийн сав газарт хийж байгаа Хятадын Петро Дачин Тамсаг компанийн олборлож байгаа түүхий тос манай шаардлагыг хангах хэмжээнийх байж чадах уу гэдэг хамгийн том үзүүлэлт. Түүхий тосны ашиглах нөөцийн талаас нь авч үзвэл, Тамсагийн сав газарт 40 орчим сая тонн ашиглалтын нөөц тогтоогдож батлагдсан юм билээ. Өнөөг хүртэл олборлосон болон 2020 оныг дуустал олборлох тосыг хасч тооцвол 30 орчим сая тонн буюу арван хэдэн жил л ашиглах түүхий тосны нөөц үлдэх тооцоотой байгаа юм. Бас жилд нэг сая тонн орчим түүхий тос олборлож байгаагаа нэмэгдүүлэх хэдий ч 1.5 сая тонноос хэтрэхгүй гэж мэдэгдсэн учраас жилийн 2 сая тонн түүхий тосны манай хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй. Манайд үйлдвэр байгуулагдлаа ч Хятадын тал түүхий тосоо нийлүүлэх магадлал бага. Учир нь цаанаа улсын үйлдвэртээ урт хугацааны гэрээгээр нийлүүлж байгаа. Манай мэдлийн 20 гаруй хувь гэдэг нь 240-360 орчим мянган тонн шүү дээ.
Бас нэг бэрхшээл байдаг нь тэндээс наашаа тээвэрлэх зам тээврийн нөхцөл байхгүй. Ер нь автозамаар түүхий тос тээвэрлэнэ гэвэл зардал асар өндөр болно, төмөр зам барина гэвэл наад зах нь 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Дамжуулах хоолойны талаар бас яригддаг. Унгарын “EUROIL” компанийн хийсэн урьдчилсан судалгаагаар гэхэд л энэ нь ихээхэн зардал чирэгдэлтэй, төвөгтэй болох нь тогтоогдсон юм билээ. Тээвэрлэлтийн тухайд иймэрхүү шалтгаантай. Нөгөө талаас Тамсагийн түүхий тос нь зуурамтгай бөгөөд царцамтгай. Тийм болохоор түүхий тосны урсах чанарыг сайжруулахын тулд их хэмжээний шингэлэгч бодис буюу нафта, керосин, мөн тосны царцах хэмийг бууруулахын тулд мөн тусгай бодисыг нэмэх шаардлагатай гэсэн тооцоо бий.
-Тэгвэл дотоодоосоо түүхий эдээ авахгүй гэвэл хаанаас авах нь илүү дээр гэж?
-Мэдээж хойд хөрш. Монгол улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд, мөн хоёр улсын холбогдох компаниудын хооронд, түүнчлэн Монгол, Японы холбогдох яам, корпораци, компанийн хооронд буюу гурван түвшинд түүхий тос нийлүүлэх харилцан тохиролцооны баримт бичиг байгуулагдсан байгаа. Дарханд баригдах үйлдвэрийн хувьд Иркутскийн нефтийн компанийн шугамаар нийлүүлэхэд нэг тонн түүхий тосны тээврийн зардал Наушка-Дарханы хооронд 3 ам.доллар хавьцаа байх юм. Хэрэв Тамсагаас түүхий тосыг төмөр замаар тээвэрлэнэ гэж бодвол нэг тонн түүхий тосны тээврийн зардал 30-35 ам.доллар байх тооцоо гардаг л даа. Импортын түүхий тосны тээврийн зардал дотоодынхоос арав дахин хямд болдог. Энэ харьцуулалт тоог харахаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс газрын тос боловсруулах үйлдвэрт дотоодын газрын тосыг ашиглах тухай 2014 онд гаргасан зөвлөмж нь эдийн засгийн тооцоо үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй өрөөсгөл хандлагаар гаргасан буруу үйлдэл юм билээ.
-ОХУ-аас манайд түүхий газрын тос нийлүүлэхгүй гэсэн яриа байдаг. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?
-Зарим хүн зориудаар ийм худал хуурмаг яриа гаргадаг байх. Гэтэл бид нэгэнт албажуулж, бичиг баримт дээр гарын үсгээ зурчихсан. Ер нь олон улсын нийтлэг журмаар өөр хоорондоо дайны байдалтай болж харьцаа нь хурцадсан улс орнууд л нөгөөдөө газрын тос нийлүүлдэггүй жишиг байдгаас өөр тохиолдолд тийм зүйл байдаггүй. Хэрэв тэгж түүхий тос нийлүүлэхгүй юм бол, ах дүүгийн найрамдалт харилцаатай байсан хоёр улсын хоорондын харилцааг хэн гэдэг дарга, сайдын үед ингэтлээ муудуулсан хэрэг вэ гэж хариуцлага ярих хэрэгтэй болох байх. Тэгээд ч ОХУ олон жилийн хүчин чармайлтынхаа хүчинд саяхан Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсон. Ийм орны хувьд Монгол Улсад газрын тос нийлүүлэхгүй гэсэн асуудал байхгүй л дээ.
-Таны хэлж байгаагаар Дарханы төслөөр үйлдвэр баригдахад бүх зүйл бэлэн байгаа гэж та хэлэх гээд байна аа даа. Яг юун дээр гацаад байдаг юм бэ?
-Дарханы үйлдвэрийн техникийн зураг төслийг эцэслэн боловсруулах гэрээг Чиёда компанитай 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан ч уг ажлыг хийх боломж бүрдэхгүй байсаар өнөөг хүрээд байна. Яагаад гэвэл, Японы тал Монголын өнөөгийн Засгийн газар өмнөх бүтэлгүй Засгийн газрын алдааг засч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухайд зөв шийдэл гаргана гэж найдан хүлээж байгаа. Уг нь аливаа зүйл шударгаар шийдэгддэг сэн бол Дарханы төсөл бол бэлэн төсөл. Дарханы төслийн ТЭЗҮ, БОНҮ болон бусад Япон, Монголын талуудын хооронд хийсэн гэрээ хэлэлцээр зэрэг баримт бичгүүдтэй танилцсан зарим сайд, УИХ-ын гишүүд, төр засгийн ажилтнууд “Энэ чинь бэлэн төсөл юм байна шүү дээ, яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бол доо” гэж гайхаж байдаг юм.
Сайншандад барина гэдэг бүтэл муутай, сүүлдээ үр дүнгүй юм болно. Ийм янзаар манай улс 2030 он хүртэл нефть боловсруулах үйлдвэртэй болж чадахгүй нь гэх хүмүүс ч олон байна. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы нээлтийн үгэндээ “Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсон. Дөрвөн жил өнгөрсний дараа, хийж амжаагүйдээ халаглан харамсч суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газрын аль алинд нь тавигдаж байна” гэж хэлэхийг нийтээрээ л сонссон байх. Дарханы төсөл бол яг тийм тамын тогооны үлгэрийн эргүүлгэнд орчихсон байгаа юм л даа.
-Дарханы төсөл Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар хэрэгжих учиртай төсөл. Тэдний зүгээс энэ байдлыг юу гэж хардаг бол?
-Таны асуусан үнэхээр сэтгэл зовоож буй асуудал. Японы Засгийн газар, Монгол Улсыг нефть боловсруулах үйлдвэртэй болгох зарчмын бодлогоор энэ төсөлд хандсан юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчилсан үедээ энэ төслийг хэрэгжүүлэх асуудалд онцгойлон анхаарал тавьсан байдаг. Тэгээд ч хэдэн сарын дараа Монгол, Японы Засгийн газрын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн анхны дунд хугацааны хөтөлбөрт “Японы JBIC банкны болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэн барьж байгуулна” гэсэн зарчмын заалт тусгагдсан байгаа. Энэ төслийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, техникийн зураг төсөл, үйлдвэрийг барьж байгуулах гэрээ, хэлэлцээрийн баримт бичгүүд Японы банк, корпорациудын оролцоотой хийгдсэн, хөрөнгө оруулалтын санхүүжилт, инженер-техникийн ажилтныг сургаж бэлтгэх асуудал бүгд Японы тусламж дэмжлэгтэй шийдэлд хүрсэн юм. Япончууд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн гол асуудлыг шийдэх том бодлогоор Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх шийдэл гаргаж, бэлтгэлийг хангаж ирсэн. Япон бол үргэлж манай том хандивлагч байж ирсэн. Одоогийн хүндрэлтэй үед ч 850 сая ам.долларын буюу ОУВС-гийн амласан мөнгөнөөс бараг хоёр дахин их хэмжээтэй нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Гэтэл манай улсын Засгийн газар, Япон улсын талаас үзүүлж буй энэ тусч үйлсэд нь “хариу” болгож байгаа юм шиг зөрүүлээд Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар бэлтгэгдэж ирсэн “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төслийг хэрэгжүүлэх явдлаас татгалзах явдал гаргаж хараахан боломгүй юм даа.
Та бидний энэ ярилцлагын төгсгөлд онцолж хэлэх зүйл бол Засгийн газрын удирдлага, УИХ-ын эрхэм гишүүд маань газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах байршлын тухайд шударга бус өрөөсгөл хандлагаар үндэслэл тооцоо муутай, улс орныхоо эрх ашигт алдагдал хохирол учруулахаар эндүү ташаа шийдэл бүү гаргаасай гэж залбирах байна.