МҮХАҮТ-ын дэргэдэх Франчайзингийн зөвлөлийн дарга, Олон улсын франчайзингийн холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхчулуунтай ярилцлаа.
-мҮхаҮТ-ын дэргэд Франчайзингийн зөвлөл шинээр байгуулагджээ. Монголд шинээр нэвтрүүлэх франчайзыг зохицуулна гэж ойлгож болох уу?
-Франчайзингийн зөвлөлийн талаар ярихаас өмнө франчайзинг гэж юу болох, яагаад манайд хэрэгтэй байгаа суурь шалтгаанаас нь эхлээд ярья. Монгол Улсын нийгэм, эдийн засаг 90-ээд оноос хойш хөгжөөд байгаа юм шиг, хөгжихгүй ч байгаа юм шиг нөхцөл байдалд байгаа. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээр нь маш өндөр өсөлттэй харагдаад байдаг. Тэгсэн хэрнээ яг энэ хөгжил хүмүүс наалдаж байна уу. Иргэд яагаад бухимдалтай байгаа юм, яагаад нүүрс түлээд байна, яагаад нийслэл хот шороон дунд байна вэ. Энэ хөгжил мөн үү. Япон, Солонгосууд яагаад үүнээс өөрөөр хөгжөөд, иргэд нь тав тухтай амьдраад байна вэ. 2012 оноос бидний хэсэг залуус Монгол Улсын хөгжлийн гарц юу байж болох талаар судалгаа хийж эхэлсэн. Хэд, хэдэн салбарт хийлээ. Уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хийхэд аль нь ч Монгол Улсын хөгжлийн гарц биш байсан. Харин бидэнд өөр нэг онцлог байна. Монгол Улс хүн ам цөөтэй ч үндэсний онцлогтой ард түмэн. Чөлөөтэй сэтгэдэг, ямар нэгэн хууль дүрэм, загварт баригддаггүй. Америкчуудтай харьцуулж хэлье л дээ. Америк хүн дэлхийн хаана ч бизнес хийж чаддаг. Тэргүүлэгч гүрэн гэдэг утгаараа иргэд нь хүртэл өөртөө итгэлтэй байдаг. Тэд юу ч хийж чадна гэсэн дотоод итгэл үнэмшилтэй.
Яг үүнтэй адил монгол хүнд ч “Бид дэлхийн талыг эзэлж явсан” гэсэн омогшил байдаг юм билээ. Ийм хүн ам цөөтэй, зах зээл багатай мөртлөө сэтгэхүй өндөртэй ард түмэнд хөгжлийн гарцын нэг нь франчайз байж болохоор байгаа юм. Франчайз гэж аль нэг улс орны хил хязгаарт баригдахгүйгээр бизнес эрхэлж ашиг олж болох боломжийг хэлдэг.
-Монголд гадны улсуудын брэндийн франчайз нэлээд ороод ирчихсэн. Үүнээс бид ашиг олохыг хэлээд байна уу, эсвэл…
-Аль, аль нь. Франчайз гэдэг тухайн нэвтрүүлж улсад менежмэнт, ноу хау, туршлага, нэр хүнд өгдөг. Үл хөдлөх, үйлдвэр, хүний нөөц, худалдаа, түүхий эд, бараа материалыг толгой компани гаргадаггүй. Тухайн дотоодын худалдан авагч бүгдийг нь гаргадаг. Гэтэл тухайн орны зах зээлээс орлогоосоо хамгийн багадаа 10-15 хувийг эрх олгогчдоо өгдөг. Монголд тиймэрхүү брэндүүдийг амжилттай хөгжүүлж чадвал доллар олох боломж бүрэн байна. Солонгосын гадаад худалдааг дэмждэг төрийн агентлаг Kotra гэхэд жилд 5000 франчайз бүтээгдэхүүн бүртгэж авдаг. Монгол ч франчайз бүтээгдэхүүн олон улсад гаргах боломжтой. Гэхдээ нэг хувь хүн, компани дангаараа гаргахад хэцүү. Тийм учраас холбоо, зөвлөл байх ёстой. Үүнийгээ бид байгуулчихлаа. Франчайз олон улсын зах зээл дээр гарахад брокер диллерүүд шиг хүмүүс ажиллаж байдаг. Дэлхий даяар хэдэн арван мянган хүмүүс энэ салбарт ажилладаг юм байна. Биткойн зардаг шиг. Ердөө л эрх худалдаалдаг гэсэн үг. Тиймээс үүнд нэвтрэхийн тулд холбоогоор дамжаад явбал харилцан хамтын ажиллагаа хийх боломжтой. Одоо Монголын хувийн хэвшлүүд нэгдэх цаг нь болчихсон. Гадны зах зээлд гарах цаг нь болсон. Энэ нэгдлийн нэг нь Франчайзингийн зөвлөл юм.
-Франчайз хийхэд эрсдэл бий юу?
-Байдаг. Жишээ нь, бидний өргөн хэрэглээний бараанаас эхлүүлээд жижиг дунд үйлдвэрийн бүгдийнх нь орлогыг хамдаг. Өрсөлдөх чадварыг байхгүй болгодог өндөр эрсдэл байдаг. Хаа сайгүй нээгдэж байгаа өргөн хэрэглээний худалдааны брэндүүдэд гэхэд зургаа, найман нэрийн дэлгүүрүүд орлогоо булаалгаж байгаа. Тэгсэн хэрнээ бидний ууж байгаа нэг аяга кофе, идэж байгаа тахианы нэг мөч, бэлэн гоймонгийн мөнгөний тодорхой хувь нь гадагшаа гарч байдаг. бид үүнийг анзаардаггүй. Уг нь монгол хүн бүр гадаадын ямар нэгэн үйлдвэрийн хувцсаас эхлээд маш олон зүйлийг хэрэглэдэг. Тэр бүрт чинь гадагшаа доллар урсч байдаг. Харин бид үүн шиг дотоод руугаа доллар оруулж ирдэггүй. Тийм учраас доллар оруулж ирэх франчайз брэндийг бий болгох ёстой юм.
-Тухайлбал?
-“Говь” байна. “Гоо”, “Марал” зэрэг брэндүүд ч байна. Эдгээрийг гадагшаа франчайз брэнд болгоод гаргах бүрэн боломж байна. Үйлчилгээний нэг брэнд амжилттай явахад үйлдвэрийн салбар хөгждөг. Тодорхой жишээ хэлье. Солонгосын “Caffe bene” 2009 онд байгуулагдсан. 10 жилийн дотор дэлхий дээр 3000 орчим салбартай болчихлоо. 1200 орчим нь Америкт байна. Бод доо. 3000 салбарын кофены аягыг хангахын тулд цаасан аяганы үйлдвэрлэл хөгжинө. “Sturbucks”-ын нэг жилийн цаасан аягны хэрэглээ гэхэд нэг тэрбум 600 сая гэж байгаа. Энэ бүхнийг дагаад маш олон үйлдвэрлэл хөгжиж байдаг.
-Манайд одоогоор гадны хэчнээн франчайз үйлчилгээ нэвтрээд байна вэ?
-Хэдэн мянгаар тогтохгүй.
-Яагаад вэ?
-Франчайз бүхий л салбарт байдаг. Оюуны эрх шилжүүлэх тухай шүү дээ. Маш өргөн хүрээтэй.
-Цаашид ямар брэндүүд орж ирэх бол?
-Хүн бүр ямар ч брэнд оруулж ирэх эрх нь чөлөөтэй байгаа. Гол нь хууль эрх зүйн орчин дутмаг байгаа учраас монголчууд ашиглуулаад байна. Уг нь манайд нэвтрээд байгаа хоол, худалдааны сүлжээ салбарт нь зөрүүлээд Монголын нэг брэндийг “Сүү” компанийн сүү, эсвэл “Говь”-ийн бүтээгдэхүүнийг худалдаалах ёстой.
-Тэгж худалдаалах боломжтой юу?
-Хаалттай. Үүнийг л хууль эрх зүйн орчны хамгаалалт гээд байгаа юм. Би нэг брэнд бүтээгээд АНУ-ын зах зээл дээр гаргалаа гэж бодъё. Арав дахин илүү татвар төлнө. Гэтэл би АНУ-д бүртгэлтэй франчайзингийн салбар өөрийн улсдаа оруулж ирвэл АНУ-д 10 дахин бага татвар төлнө. Бид АНУ-д зөндлөө л хөрөнгө оруулалт хийж өгч байна. Фэйсбүүкийн хэрэглээгээрээ гэхэд Азид тэргүүлж байна. Энэ чинь цаанаа маш их мөнгө. Зөрүүлээд бид нэг брэндийг АНУ-ын зах зүээл дээр гаргах гэж оролдоход10 дхин өндөр татвар төлөх нь. Ингэж тэд зах зээлээ хамгаалж байгаа юм. Хятад ч ялгаагүй. Орос ч хамгаалалттай. Европ хамгаалалттай. Манайд бол ямар ч хамгаалалт байхгүй. Хэн дуртай нь оруулж ирнэ.
-Гадны сүлжээ брэндийг ямар нөхцөлөөр оруулж ирж байна вэ. Дээр та орлогынхоо 10-15 хувийг өгдөг гэв үү?
-Олон улсад 7-8 төрлийн франчайзингийн эрх худалдаж авдаг сайт байдаг. Тийшээ хандаад гэрээ байгуулаад авчихаж болдог. Яг энэ нөхцөлд худалдан авагч монголчуудыг хамгаалах,франчайзингийн талаар тэдэнд мэдлэг олгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Франчайзингийн гэрээ нь дотроо хатуу, уян хатан гэж хоёр хуваагддаг. Эрх шилжүүлэгч байгууллага хатуу заалтыг эхний ээлжинд санал болгодог. Ийм, иймзаалтуудыг хатуу мөрдөх ёстой гэдэг. Бизнесийнхээ онцлог, эрхийг хамгаалж байгаа хэлбэр мөн. Гэхдээ ямар тохиолдолд гэрээний нөхцлийг өөрчлүүлж болдог талаар монголчууд мэдлэгтэй болох хэрэгтэй. Ядаж л зөвлөгөө авдаг газартай байх ёстой. Солонгосын “Kotra” гэхэд өөрийнхөө улсын франчайзинг гаргахын тулд эрх шилжүүлэн авахаар хандсан хүнд бүх үйлчилгээг нь үзүүлдэг. Би Монголд кофены салбарыг нь нээе гээд очиход надад орчуулагч өгч байгаа юм. Хэлний асуудалгүй боллоо. Гэрээ байгуулахад хуулийн хүн хэрэгтэй гэхэд англи хэлтэй хуульч бэлдээд өгчихдөг. Кофе шоп нээхэд Монголын зах зээл ямар бол гэхэд нь эдийн засгийн тагнуулын түвшинд бэлтгэсэн мэдээллийг өгдөг. Монгол Улсын кофены хэрэглээ ийм хэмжээтэй, тийм улс орнуудаас орж ирдэг. Төчнөөн компани өрсөлддөг. Таны бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой компаниуд нь энэ. Захирлуудынх нэр хаяг, утас энэ байна. Шаардлагатай бол уулзуулж болно гэх жишээтэй. МҮХАҮТ-ын дэргэдэх Франчайзингийн зөвлөл иймэрхүү түвшний үйлчилгээ үзүүлдэг болохыг зорьж байна.
-Франчайзингийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх явцад алдаа дутагдал гарсан тохиолдолд толгой компани хариуцлага хүлээдэг үү. Жишээ нь, манайд “KFC”-гийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүс хордох тохиолдол удаа дараа гарсан?
-Хариуцлага хүлээхгүй. Тэр бүх стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахыг тухайн орны эрх худалдан авагч л хариуцдаг. Эрх шилжүүлж байгаа хүмүүс ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дээр хатуу гэрээтэй холбоотой нэг бодит жишээ хэлэхийг хүсч байна. Монголын нэг компани гадаадын франчайз бүтээгдэхүүнийг оруулж ирэхээр 2.5 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Зөвхөн эрхийг нь авахын тулд. Ямар нэгэн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваагүй, туршлагагүйтсэнээс болж маш хатуу гэрээ хийгдсэн. Эрх шилжүүлэгч байгууллагаас гэрээнд шарсан төмсийг зөвхөн тогтсон нэг чиглэлд харуулж байрлуулах ёстой. Өөр тийшээ харуулбал нэг сануулга өгнө. Үүнийг нь хянаж байдаг. Үүн дээр нэг сануулга авчихсан. Өдөрт тутмын орлого нь 20 мянган ам.доллараас дээш байх ёстой гэсэн байгаа юм. Гэтэл өдөр бүр ийм орлоготой байхгүй. Орлогоо нэг өдөр алдангуут хоёр дахь сануулгаа авсан. Одоо гурав дахь сануулга дээрээ явж байгаа. Эрх шилжүүлэн авах гэж таван тэрбум төгрөг зарцуулснаас гадна үл хөдлөх хөрөнгө гаргасан, баахан ажилчид бэлтгэж цалинжуулсан гээд нэмээд маш их зардал гаргачихсан байгаа. Гэтэл тэдгээр заалтаас болж хөрөнгө оруулалтаа дахиад нэг сануулга авахад алдахад бэлэн байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчны асуудал чухал байгаа юм. Хууль эрх зүйн орчин суурь нь байхгүй учраас дотоодын франчайзингийн эрх худалдан авагч нөхөд маань хаана, хэнд хандахаа мэддэггүй. Адаглаад дагнасан хуульч алга. Хуульчаас гадна туршлагатай хүн хэрэгтэй. Энэ тохиолдолд иймэрхүү маягийн франчайзингийн луйвар явагддаг. Монголчууд ч өртөх магадлал өндөр.
-Шинээр байгуулагдсан Франчайзингийн зөвлөл дотоодын зах зээлийг хамгаалах гээд байгаа юм шиг. Гэтэл дандаа гадны франчайзингийн захирлууд нэгдсэн байх юм. Тэд та бүхний энэ зорилгыг биелүүлж өгөх үү?
-Хэрэв бид хэтэрхий хаалттай болчихвол нөгөө нөхөд бас хаалттай болчихно. Тийм учраас харилцан ашигтай байх ёстой. Монголд яг одоо харилцан ашигтай биш, нэг талын ашиг аваад байна. Яагаад гадны захирлууд оролцож байна вэ гэхээр бид дотоодын зах зээлийн хууль эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай. Тэртэй тэргүй өчнөөн олон брэндүүд цаашдаа орж ирнэ. Хэр их олон гадны брэнд орж ирэх тусамд Монголын доллар гадагшаа гарна гэсэн үг. Гол нь франчайзыг хориглох тухай яриагүй, Монгол Улсын франчайзингийн салбарт эрх зүйн орчныг бий болгоё.Жижиг дунд үйлдвэр эрхлэгч, брэнд бүтээж байгаа залуусыг дэмжье. Олон улсын зах зээл дээр гарах гарцыг нээе. Нэг компани нэг хувь хүн чадахүй юм билээ. Засгийн газар ч чадахгүй. Дундаас нь цавчаа хийгээд алга болгоно. Харин Монголын томоохон бизнес эрхлэгчдийг, эрх худалдан авагч болон зарж байгаа нөхдүүдийг боломжоор нь хангая гэж байгаа юм. Эрх зүйн боломж, мэдээлэл содлилцох боломж, мэдлэгээ хуваалцах боломжоор нь хангаж чадвал Монголоос франчайз бүтээгдэхүүн гадагшаа гарч чадна. Гаднаас орж ирж байгаа франчайз бүтээгдэхүүнээс ч дотооддоо ашиг олох боломж бүрдэх юм.
Б.ЭНХЗАЯА