Categories
мэдээ цаг-үе

Т.Хүрэлбат: Б.Содномдаржаагаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авахдаа ТЕГ-ынхан бичлэг хийсэн байна лээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Удахгүй Улсын дээд шүүхэд дээрх хэрэгтэй холбоотой шүүх хурал болно. Анхан, давж заалдах шатны шүүх хурлын талаар болон сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Шүүхийн шийдвэрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гээд байгаа хэргийг улсын нууцад хамааруулах асуудал байгаа юм уу гэдгийг бидний зүгээс холбогдох газруудад давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө удаа дараа тавьсан. Өмгөөлөгчийн зүгээс “Энэ хэргийг улсын нууцаас гаргахгүй юм байна. Хавтаст хэрэгт улсын нууцад хамаарах зүйлс авагдсан байна” гэж бидэнд хэлсэн. Бидний хувьд улсын нууцад хамаарах зүйлсийг нууц чигээр нь үлдээе. Хамгийн гол нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гээд гурван хүнийг бариад ирчихсэн байгаа. Монголын ард түмэнд улсын нууцад хамаарах хавтаст хэрэгт авагдсан зүйл сонин биш. Хамгийн гол нь энэ гурван хүн үнэхээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн нь үнэн юм уу гэдэг нь чухал. Хүний амь нас хөнөөсөн үү, үгүй юү гэдэг асуудал тэр төрийн нууц гээд байгаа зүйлд ямар ч хамаагүй зүйл. Бидний хувьд Монголын ард түмэнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар С.Зориг агсны амь насыг үнэхээр хөнөөсөн юм уу эсвэл хэлмэгдээд байгаа юу гэдгийг харуулахыг хүсч байсан. Гэвч бидний тавьсан саналыг хүлээж авахгүй, үгүй гээд байгаа юм. Давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрсний дараа Ж.Сандагсүрэн гээд прокурор телевизээр энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ярьж байна лээ. Ерөнхийлөгчөөс ирсэн албан бичиг үзүүлж байсан. Тэр албан бичигт танай удирдлагаас гаргасан саналын дагуу гэж эхэлж байна лээ. Тэгэхээр ТЕГ Ерөнхийлөгчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар санал гаргасан болж таараад байна. Төрийн нууцын тухай хуулийн 21.4-т заасныг үндэслэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн төрийн нууцтай холбоотой хэсгийг журмын дагуу ил болгоно уу гэсэн байгаа юм. Гэтэл Ж.Сандагсүрэн гэж прокурорын яриад байгаа зүйл нь юун төрийн нууцад хамаарах вэ. Зүгээр л тэгж алсан, тэгж хутгалсан гэх асуудал яригддаг. Хэн ч харсан тэр яриад байгаа зүйл нь төрийн нууцад ямар ч хамааралгүй зүйл биз дээ. Энэ бүгдээс харахад төрийн нууц гэсэн нэрийн дор өмгөөлөгчийг үг дуугаргахгүй, хүчээр энэ хэргийг гурван хүнд үүрүүлж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

-Ж.Сандагсүрэн прокурорын хийсэн мэдэгдэлд гэмт хэрэгтнүүд хэргээ хүлээсэн бичлэг хүртэл үзүүлсэн. Б.Булганыг хуулийн дагуу гэрчээр оролцуулаагүй гэж ярьсан?

– Прокурор Ж.Сандагсүрэн, Б.Булганыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гэрчээр орох боломжгүй гэдгийг хэлсэн. Гэтэл Б.Булганыг энэ хэрэгт огт хамаагүй юм байна гээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байгаа. Гэтэл Ж.Сандагсүрэн прокурорын гаргаж ирсэн баримт ярианд хэрэг гардаг өдөр гэмт хэрэгтнүүд Б.Булгантай юм яриад гэрт нь сууж байсан. Гэрт нь хоол идэж тамхи татсан, будаатай аяганд тамхиныхаа ишийг хийсэн гэж яригдаад байгаа. Тэгвэл хэн ч харсан энэ хэрэгт Б.Булган хамаатай болж таарч байгаа биз дээ. Ж.Сандагсүрэн прокурор Б.Булганыг гэрч байлгахгүй байх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.1-т гэрч гэж хэргийг харсан, үнэн зөвөөр харсан хэрэгт холбогдолгүй хүнийг хэлнэ гээд тодорхой заачихсан байдаг. Гэтэл Б.Булганыг яагаад гэрчээр аваагүй юм бэ гэхээр энэ хэрэгт холбогдуулж шалгасан гээд байдаг. Тэгсэн холбогдуулж шалгаад хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Тэгэхээр дахиад энэ хэрэгт холбогдолгүй болчихоод байгаа биз дээ. Тэгэхээр Б.Булган гэдэг хүн гэрч хэвээрээ байгаа гэсэн үг шүү дээ. Хэн ч харсан маш тодорхой асуудал. Хэргийг шалгаж байгаа хууль хяналтынхан энэ хэргээс юуг нь ялгаж аваад, юуг нь шалгахгүй үлдээгээд байгаа юм бэ. Эндээс эхлээд бөөн эргэлзээ, ойлгомжгүй байдал харагдаад байна.

-МҮОНРТ-ийн мэдээгээр Ц.Амгаланбаатар “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн. Тэдний ванны өрөө нь тийм байсан” гээд маш тодорхой ярьсан. Мөн Б.Содномдаржаа ч үйлдсэн хэргийнхээ талаар ярьж байгааг бичлэгээр харуулж байсан шүү дээ?

-Ц.Амгаланбаатар гэдэг хүний ярьж байгаа зүйлсийн талаар Ж.Сандагсүрэн прокурор “Тухайн үеийн нөхцөл байдлыг сэргээж шалгахад хэний ч мэдэхгүй ванны өрөөний засвар хийж өөрчлөгдсөн байгааг хэлсэн” гэж яриад байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хэний ч мэдэхгүй асуудал биш шүү дээ. 20 гаруй жил ванныхаа өрөөг засахгүй айл гэж байхгүй. Дээрээс нь аймшигт хэрэг гарсан газарт засвар өөрчлөлт хийхгүй байгаад байна гэж байх уу. Энэ бол хэний ч мэдэхгүй асуудал биш. Ингээд л эхнээсээ худлаа болж таараад байгаа байхгүй юу. Мөн Ц.Амгаланбаатарыг нэг газарт аваачаад яриулаад байгаа. Тэгвэл бичлэг хийсэн газар нь Б.Булганы өрөө гэдгийг хэн батлах юм. Үүнийг ганцхан прокурор батлаад яриад байна. Б.Содномдаржааг 2015 оны наймдугаар сарын 31-нд барьж хорьсон. Ингэхдээ долоо хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй таг дарчихсан. Түүний ар гэрийнхэн долоо хоногийн дараа л Төв аймгийн мөрдөнд хорьсон байна гэдгийг олж мэдсэн байдаг. Үүний дараа өмгөөлөгч авах гэж нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хооронд Б.Содномдаржаагаас байцаалт авсан байдаг. Тагнуулынхан өмгөөлөгчгүй байцаалт авахдаа юу л бол юуг хэлүүлж чадна шүү дээ. Ж.Сандагсүрэн прокурорын хэрэг авагдсан баримт гээд байгаа юм. Тэр баримт бүхий бичлэг дээр өмгөөлөгч огт харагдахгүй байгаа биз. Уг нь хуулийн дагуу өмгөөлөгч хажууд нь сууж байхад хэрэгтэй холбоотой мэдүүлэг авах ёстой. Тэгсэн харанхуй өрөөнд ганцааранг нь дарамталж байгаа бичлэг хийчихсэн байдаг. Шударга, ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй. Үүнийг хэргийн баримт болгож байгаа бол прокурор энэ асуудал дээр тайлбар хийх ёстой. Яагаад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсныгаа баримт болгоод байгаа юм. Ийм ноцтой асуудал байгаад байна. Энэ хэргийг хурдхан илрүүлсэн болоод маш хурдан хаах сонирхолтой хүмүүсийн жүжиг гэдгийг шууд хэлмээр байна. Үнэхээр л баримт дэлгэж байгаа бол шүүх хурал дээр хэрэгт холбогдоод байгаа хүмүүс хохирогчийн өмгөөлөгч, өөрийнхөө өмгөөлөгч, шүүгч нарын өмнө хэргээ хүлээж байгаа бичлэгийг л олон нийтэд харуулчих л даа. Шүүх хурал дээр үйлдсэн хэргийнх нь талаар яриулдаггүй. Тэгсэн мөртлөө тусгай өрөөнд өмгөөлөгчгүй суулгаж байгаад хийсэн бичлэгээ үзүүлээд байдаг нь их сонин байгаа юм. Энэ хэргийн шүүх хурлыг хаалттай хийгээд байгаагийн цаад сонирхол нь маш хурдан шүүхээр оруулаад хэргийг хаах. Ийм л сонирхол энэ хэргийн ард нуугдаж байна.

-Ам зураг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай адилхан байсан.

-Ам зургийг Б.Булганы хэлснээр дахиад шинээр зуруулчихсан байгаа юм. Тэр зураг нь 1998 онд хэрэг гарахад огт байгаагүй. Тухайн үед байхгүй байж байгаад яагаад гэнэт гараад ирдэг юм. Хэрэг гарсны дараа гэмт хэрэгтнүүдийн ам зураг гээд намхан өндөр хоёр хүний гараар зурсан хар зураг анх гаргаж, олон нийтэд дэлгэж байсан. Гэтэл сүүлийн үед гаргаж ирээд байгаа зураг нь хөрөг зураг шиг маш тодорхой адилхан зураг байна лээ. Тэр адилтгаж харуулаад байгаа зураг нь манай дүүгийн 1988 онд Дорноговь аймгийн Хөгжимт бүжгийн театрт шинэ жилээр авахуулсан зураг байсан. Гэтэл хэрэг гарахаас арван жилийн өмнө авахуулсан зурагтай, одоогийн гаргаж ирээд байгаа зураг хоёр усны дусал шиг адилхан байгаа биз дээ. Үнэн хэрэгтээ ТЕГ-ынхан манайд нэгжлэг хийхдээ бүх зургийг хурааж аваад явсан. Тэгээд энэ зургийг харуулж байгаад л зуруулчихсан байдаг. Түүнээс хэрэг гарсны дараа ам зургаар зуруулсан зураг биш гэдгийг хэлмээр байна. Энэ хэрэгтэй холбоотой өөр нэг асуудал нь захиалагчтай гэх асуудал байгаа. Ямар толгой нь хамуурчихсан нөхөр 16 настай хүүхэд, гурван хүүхэдтэй хүүхэн, арьс шир цуглуулдаг залуу, малчин хүнээр хүн алуулах юм бэ. Тэр хэд нь С.Зориг агсныг хөнөөх, ямар шаардлага хэрэгцээ байсан болж таарч байна вэ. Зүгээр л нэг хүн энийг хөнөөгөөд өгөөч ээ гэхээр нь дөрвөн талаас цуглараад төрийн сайдыг хөнөөсөн болж байна уу. Эдийн засгийн хөшүүрэг байсан тохиолдолд ямар ч хүн ноцтой хэрэг үйлдэнэ биз дээ. Тэгэхээр захиалагч нь мөнгө төгрөг өгсөн юм уу, гэхээр 17 жилийн турш энэ дөрвөн хүний нэгнийх нь ч амьдрал өөдөлж дээшилсэн зүйл байхгүй шүү дээ. Манай дүүгийн амьдрал байх байхгүйн зовлон дунд өнгөрсөн. Нэг ч удаа үнэтэй зүйл авчихсан байхыг нь хараагүй. Гэр бүлээрээ шатаж амь насаа алдсан залуу ч гэсэн зэс, гууль худалдаж аваад цааш нь борлуулж амьдралаа болгодог байсан. Ц.Амгаланбаатар ээжийгээ амьд байхад нь гэрээ хүнд зараад зогсож байсан хүн. Хэрэв хүний амь нас захиалгаар хөнөөгөөд мөнгө авсан бол тэд ядуу тарчиг амьдрахгүй байсан биз дээ.

-Гэр бүлийн дөрвөн хүнийг гэрт нь шатаасан хэрэгт холбогдоод байгаа?

-1998 онд Цагдаагийн даргаар ажиллаж байсан Д.Мөрөн гэдэг хүн энэ хэрэг гарсны дараа Засгийн газарт мэдээлэл хийсэн байдаг. Гэмт хэрэгтнүүд хоорондоо шоронгийн хэл яриагаар ярьж байсан гэж хүртэл хэлсэн байдаг. Гэтэл одоо шалгагдаж байгаа хүмүүс шоронгийн яриагаар ярих хүмүүс биш байсан. Гурван хүүхэд гаргасан эмэгтэй, 16 настай хүүхэд, зэс гууль цуглуулдаг залуу, хөдөө малын өвс тэжээл гээд явж байсан залуу хэргийг үйлдсэн гээд байгаа. Ийм хүмүүс шоронгийн яриагаар ярих уу. Тухайн үед хоёр хүн хэрэг үйлдсэн гээд ам зураг гаргасан байдаг. Гэтэл одоо дөрвөн хүн болчихоод байна. Гэтэл энэ хэргийг сүртэй болгож, энэ хүмүүсийг аймшигт алуурчин гэж олон нийтэд ойлгуулахын тулд цахилгааны асуудлаас болж гэр бүлээрээ шатсан айлыг энэ хүмүүс хөнөөсөн болгож байна. Галын шинжээчийн гаргасан дүгнэлтээс баримт бүх зүйлс тодорхой байдаг. Прокурорын ерөнхий газрын дарга М.Энх-Амгалангаас асуумаар байгаа юм. 2006 онд Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн гаргасан галын дүгнэлтийг та юу гэж үзэж байгаа юм. Яагаад бүхэл бүтэн галын дүгнэлт нь байсаар байхад бүр Засгийн газрын хуралдаан дээр худлаа ярьж байгаа юм. Дээрээс нь энэ хэрэг улсын нууцад хамаарах хэрэг гээд байхад яагаад нууц задруулсан юм бэ. Эдгээр асуултад албан ёсоор хариулахыг шаардаж байна.

-Ц.Амгаланбаатар шоронгоос гар утас ашиглаж мессэж бичсэн гэх асуудал байдаг. Үүнийг хууль хяналтынхан шалгасан уу?

-Энэ асуудлыг огт шалгахгүй байсаар өдий хүрч байна. Шоронд байгаа Ц.Амгаланбаатарт хэн утас өгсөн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын утасны дугаарыг хаанаас олж авсан. Айлган сүрдүүлж мессэж бичих болсон шалтгаан юу юм бэ гээд энэ талаас нь хөөх зүйл их байдаг. Шоронд гар утас битгий хэл баргийн юм оруулж болохгүй биз дээ. Манай дүү рүү Ц.Амгаланбаатар бичиж байсан зүйлсээр өнөөдөр хэрэг мөрдөгдөж, шүүх хурал нь болж байна. Ц.Амгаланбаатар гэдэг хүн зургаадугаар ангийн боловсролтой, мессэж бичих чадваргүй хүн. Ц.Амгаланбаатараар мессэж бичүүлээд туршаад үзэхэд асуудал тодорхой болно. Мөн манай дүүгийн хүүхэд Эрдэнэт хотод тийм өнгийн хувцастай, хаана явж байгааг шоронд байгаа Ц.Амгаланбаатар яаж мэдээд байгаа юм. Үүнийг шалгаж тогтоох ёстой. Тэгэхээр мөрдөн байцаалт худлаа, дээрээс нь прокурорууд нь цаанаасаа үүрэг даалгавартай зүйл хийсэн гэдэг нь маш тодорхой байгаа. Хэрэв тийм биш юм бол үүнийг шалгаж тогтоох ёстой биз дээ.

-Та бүхэн Т.Чимгээтай давж заалдах шатны шүүх хурлын дараа уулзсан уу?

-Уулзсан. Ар гэрийнхэн нь бүгд уулзсан байгаа. Уулзахаар уйлаад л байдаг юм. Надад “Би хүн алаагүй. Хүн алаагүй гэдгээ бодохоор л эндээс гараад явчихмаар байна” гэж хэлээд уйлсан. Миний дүүгийн хувьд хилс хэрэгт гүтгэгдэж хэлмэгдээд маш хэцүү байдалтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *