Categories
мэдээ цаг-үе

Т.Ган-Эрдэнэ: Маршал Х.Чойбалсан шилийг цайрдаж толь хийх, нүүрсийг нэрээд нефть гаргах даалгавар өгч байсан

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Саяхан болж өнгөрсөн ЭЕШ-д химийн хичээлээр шалгалт өгсөн төгсөгчдийн оноо хангалтгүй байсан талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Залуу үеийнхний мэдлэг, чадвар салбарын хөгжилд чухал нөлөөтэй болов уу?

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын химийн дүн тааруу байгаатай санал нийлнэ. Математикт, физикт ч тааруу дүнтэй өгсөн байна лээ. Энэ бол туйлын харамсалтай мэдээ. МУИС жил бүр химийн олимпиад зохион байгуулдаг. Мөн дунд сургуулийн сурагчид, дээд сургуулийн оюутнууд химийн олон улсын олимпиадад оролцож эхэлсэн. Энэ бол оюутан, сурагчдын химийн боловсролыг дээшлүүлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Эдгээр уралдаан тэмцээнд оролцож байгаа цөөн тооны оюутан, сурагчид сайн дүн үзүүлдэг, сайн оролцдог ч нийтээрээ ийм сул байгаа нь бүр харамсалтай байгаа юм. Ер нь хими хөгжихгүйгээр улс орон хөгжихөд хэцүү. Бид одоо химийн том аж үйлдвэргүй ч энэ салбартаа мэдлэгтэй, чадвартай байх нь хамгийн чухал. Ирээдүйд химийн том, жижиг үйлдвэрүүдтэй болох нь гарцаагүй. Үүнд одооноос бэлдэх хэрэгтэй. Химийн ангийг төгсч байгаа хүүхдүүд судалгааны байгууллага, үйлдвэрийн лаборатори, эсвэл технологи боловсруулдаг газарт, эмнэлэг, сургуульд ажилладаг. Манай химийн мэргэжил эзэмшиж төгсөж байгаа хүмүүст ажлын байр хангалттай байдаг юм билээ. Хэрэв сайн мэргэжилтэн бэлтгэгдээд байвал манай орны химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашигладаг ажлуудын үр дүн дээшилнэ гэсэн үг. Чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ ч үр дүнтэй болно, бүх шатны сургуулиудын багшлах боловсон хүчин ч чадалтай, чадвартай болох сайн талтай. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ерөнхий түвшин муу байгаа нь үнэн боловч мэргэжилтэн болоод их, дээд сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь харьцангуй сайн чадвартай, мөн зорилготой байгааг хэлэх ёстой. Нөгөө талдаа жишээлбэл эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан бид өөрсдөө тэр хүүхдүүдийн хүсэл сонирхол, ур чадварыг дээшлүүлэх хэмжээний багаж, тоног төхөөрөмж, сайн чанарын урвалж бодисоор хангаж чадахгүй байгаа нь бас нэг харамсалтай явдал болно. Манай улсын хувьд шинжлэх ухаандаа зарцуулдаг мөнгө бага. Бидний хэрэглэдэг урвалж бодис тааруухан, муу талдаа. Ер нь түүхий эд муу байвал бүтээгдэхүүн муу байна гэдэгтэй адилхан шинжлэх ухааны салбарынхан тухайлбал бид бас бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.Ингэж сайн эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх ажлыг сайжруулах гэхээр өнөө л хөрөнгө санхүүжилтийн асуудал гараад ирдэг юм л даа. Гэхдээ хамгийн гол зүйл бол энэ салбарт бэлтгэгдэж байгаа залуу үеийнхэн мэдлэгтэй, чадвартай байвал салбарын болон улс орны хөгжил тэр хэрээр дээшилнэ.

-Химийн шинжлэх ухааныг амьдралд ойртуулж ойлгуулъя гэвэл та юу гэж тайлбарлах бол. Мэдээж бидний өдөр тутмын амьдралын бүхий л үйл явц, хэрэглээ химитэй холбоотой?

-Химигүйгээр хүний амьдралыг төсөөлшгүй. Та бидний идэж, ууж, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс химитэй холбоотой. Хими бүхэлдээ бараг туршилтын шинжлэх ухаан. Өнөөдөр Монгол Улсын химичид бид амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийг судалж, найрлага, бүтцийг тогтоогоод дараа туршилтын үр дүндээ үндэслэн тэдгээрийг ашиглах технологи боловсруулах чиглэлийн судалгааны ажил хийдэг улс. Монгол Улсад орчин цагийн химийн шинжлэх ухааны үүсэл саяханых. Нэг сонин жишээ дурдахад Маршал Х.Чойбалсан шилийг цайрдаж толь хийх, нүүрсийг нэрээд нефть бүтээгдэхүүн гаргах даалгавар өгч байсан гэсэн үг яриа байдаг. Яг системтэйгээр судалсан он жил бол 1961 оноос ШУА-ийн харьяанд Химийн хүрээлэн байгуулагдсан үеэс эхтэй.

-Химийн талаарх энгийн иргэд хамгийн анхан шатанд ямар мэдлэгтэй байх ёстой вэ?

-Одоо үед манайх сонин хэвлэл, радио телевизээр бараа материалыг сурталчилахдаа химийн найрлагагүй гэдэг. Энэ бол худлаа зүйл. Угтаа бид болон бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйл Менделеевийн үелэх системийн 100 гаруй элементээс бүрдсэн байдаг. Харин хүний эрүүл мэндэд хортой, байгаль орчинд халтай бодис ороогүй гэж хэлбэл өөр. Бас ургамлын гаралтай бүтээгдэхүүн сайн гэдэг. Ургамал чинь дотроо хортой нь ч олон. Тэр болгоныг хэрэглэж болохгүй. Дээр хэлснээр химигүй зүйл гэж байхгүй тул яалт ч үгүй энэ талаарх зөв ойлголттой байх нь чухал.

-Яг зөв. Усны тухайд бас янз бүрийн ойлголт байдаг. Цэвэршүүлсэн ус эрүүл мэндэд сайн гэж үзэж байхад нөгөө талд эрдэс минералтай ус илүү гэх юм. Үүний ялгааг хэлж өгөхгүй юу?

-Усыг цэвэршүүлэх ёстой. Гэхдээ цэвэршүүлсэн усан дотор хэрэгтэй эрдэс минерал зайлшгүй байх шаардлагатай. Тэр бүхнийг нь шүүчихвэл зүгээр нэрсэн ус болчихно. Ийм ус хүн удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Уснаас бид хэрэгцээтэй эрдэс бодисуудыг авч байх ёстой. Манай орон бол харьцангуй цэвэр устай орны тоонд ордог.

-Манайх нефтийн үйлдвэр барьж эхлээд байна. Бас нүүрсний томоохон ордуудыг ашиглаж байгаа. Эдгээр нь химийн салбартай салшгүй холбоотой биз?

-Ер нь химийн үйлдвэр хөгжиж байж улс хөгждөг юм гэнэ лээ. Манайд бол химийн үйлдвэр хэрэгтэй. Химийн аж үйлдвэрийн гол түүхий эд бол нефть, нүүрс. Манай хүрээлэн дээр ч энэ талын судалгаа хийдэг. Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй орон. Нүүрсийг хийжүүлж, шингэрүүлэх асуудалд анхаарч байна. Нүүрсийг угаах гэдэг чинь баяжуулалтын нэг хэлбэр. Угаасан нүүрс түлэхэд л одоогийнхоос хамаагүй бага утаа гарна.

Манай засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулж байгаа нь химийн аж үйлдвэр бий болоход бас нэг том алхам. Би түрүүн хэлсэн химийн тэр дотроо полимерийн химийн үйлдвэрийн гол түүхий эд бол нефть гэсэн. Тийм учраас нефть боловсруулах үйлдвэрээс дагалдан гарах завсарын бүтээгдэхүүн ашиглаад олон бүтээгдэхүүн хийж болно. Жишээлбэл асфалть, хуванцар, резин гэх мэт.

-Тухайлбал, танай хүрээлэн ямар шинэ бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай хүрээлэн олон лабораторитой. Бид чиглэл чиглэлээрээ судалгаа хийж байна. Манай судлаач эрдэмтэд олон улсын магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлдэг. Энэ бол нэг үзүүлэлт. Нөгөө талд хими амьдралд ойрхон учраас технологийн судалгаа хийдэг. Инновацийн бүтээгдэхүүн гаргадаг гэсэн үг. Жишээ нь, нүүрсний химийн лабораторийнхон гэхэд гумины бордоо хийсэн. Нүүрс бол органик түүхий эд. Манай оронолон жил эрдэс бордоо хэрэглэсэн. Гэтэл энэ нь тийм ч сайн үр дүнтэй арга биш болоод байгаа. Хөрсөө хэт их давсжуулснаас соёололт, ургалтад муугаар нөлөөлөх болсон. Тиймээс нүүрсээр бордоо хийх нь илүү тохиромжтой. Мөн нүүрснээс гаргаж авсан бүтээгдэхүүнээр цэвэрлэх байгууламж, жорлонгийн үнэрийг дарж байгаа. Манай хүрээлэнд Технологийн инкубатор гэсэн нэгж байдаг. Энэ инкубаторт ЭМ технологи ашиглан микроорганизм агуулсан биобордоо хийж байна. Түүнээс гадна арьс ширнээс коллагены гидролизат гарган авч байгаа. Үүнийг гоо сайхан, хүнс, эмчилгээний зориулалттай биологийн идэвхт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашигладаг. Арьс, яс, холбогч эдийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, ус хумсны ургалтыг сайжруулах үйлчлэлтэй биологийн идэвхт бүтээгдэхүүний үндсэн болон нэмэлт түүхий эд болгон ашиглах боломжтой.

-Дэлхийн химийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаас дурдаач?

-Энэ бол асар том сэдэв. Жишээ нь, би уураг судалдаг хүн. Хими, анагаахын шинжлэх ухааны салбарт олгодог Нобелийн шагналтны олонх нь уураг судлаач нар байдгийг сонирхуулж хэлмээр байна. Суут эрдэмтэн Энгельс “Амьд биесийн оршин тогтнох үндэс нь уураг” гэж хэлсэн байдаг. Та бидний бие организмд байгаа бүхий л урвалыг уураг зохицуулдаг. Энэ зохицуулалт алдагдахаар хавдар, бусад элдэв өвчин гарч байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухааны хэрэглээний талын жишээ дурдахад химийн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан болон бусад олон шинжлэх ухаантай хамтын хөгжилийг ашигласан томоохон ололт амжилтын үр дүнд 3D принтингээр эд эрхтнийг ч хэвлэдэг болоод байгааг хэлж болох юм. Элэг, зүрх, бөөр принтерлэнэ гэж үзэж байгаа юм билээ. Энэ нь ч биелэх байх гэж би итгэдэг. Өнөөдөр Израилийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэхэд хулганы зүрхний хэмжээний зүрх хэвлэчихээд байна. 3D принтинг сэдвээр ШУА дээр манай Монголын эрдэмтэн судлаач нар саяхан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай залуус 3D принтингээр юм юм л хэвлээд эхэлсэн байна. Энэ бол том ололт.

Б.ЭНХЗАЯА

Б.АМИНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *