Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Хэн нэгэн даргын үүсгэсэн хонгилоор дамждаггүй байх зарчмыг Шүүхийн тухай хуульд оруулж чадсан

-МАНАЙ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ БИД МОНГОЛЧУУДЫГ НЭГТГЭХ

УДИРДАГЧИЙГ Л ШАЛГАРУУЛЖ, СОНГОХ БОЛОМЖИЙГ АРД ТҮМЭНД ӨГНӨ-


УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Үнэхээр Засгийн газар огцрох хэмжээнд асуудал даамжрав уу. Ямар нэгэн улс төр яваад байна уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хууль бус зүйл хийж байгаа болохоор цаашид Засгийн тэргүүний ажлаа хийх боломжгүй боллоо гэж мэдэгдлээ. Харин Төрийн тэргүүн нь чуулганд орж ирээд Ерөнхий сайдаа, ажлаа битгий өг өө гэлээ. Засгийн тэргүүн нь хариуцлагаа хүлээе гэж байхад хэрэггүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Миний хувьд Ерөнхий сайдыг муу ажилласан гэж үзэхгүй байгаа хэдий ч УОК-ын хувьд эргэж буцсан олон шийдвэр гаргаж, алдаа гаргасан нь үнэн гэдгийг хэлмээр байна. Харин Төрийн тэргүүний хувьд ямар нэг хууль бус зүйл байгааг Засгийн тэргүүн илэрхийлж, УИХ-ын сул гишүүн болсны дараа уг асуудлыг хөндөнө гэснийг хүндэтгэн үзээд Засгийн тэргүүнээс огцрох хүсэлтийг дэмжлээ.

-Уржигдар залуучууд уоК-ыг огцрохыг шаардаж талбай дээр жагссан. Үүнийг та хэрхэн харж байна?

-Энэ өдөр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүний хувьд би байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. УОК-ын даргыг огцруулж шинэ жишиг тогтоох хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэх ёстой. Ингэж байж нийгэм аяндаа зөв болж, эрүүлжинэ. Урт хугацаандаа бидэнд хэрэгтэй гэсэн агуулгаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

Мөн өдрийн үдээс өмнө гадаадад гацсан монголчуудын асуудлыг яаралтай шийдвэрлэх, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг шаардсан асуулгыг Ерөнхий сайдад тавьсан. Би Хан-Уул дүүргийн 25 мянган иргэний саналыг авч гарч ирсэн УИХ-ын гишүүний хувьд цөөнх байна уу, олонх байна уу үл хамаарч мөн олон залуучуудын итгэлийг тээж яваа, нийгэмд гэрэл гэгээ гарахад чиглүүлэх үүрэгтэй гэж боддог хүний хувьд “Энэ асуудалд парламент маш яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Коронавирусийн эсрэг байгуулагдах Түр хороо (Коронавируст халдвар)КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг гэж бий. Ганцхан Түр хороотой шүү дээ. Ганцхан тэр сувгаар хариуцлага тооцдог мэдээлэл өгдөг. Тэр Түр хороог яаралтай хуралдуулаач ээ гэсэн хүсэлт тавьсан. Үүнийгээ парламентаар ярьдаг байя. Гарсан чиглэлээ Засгийн газарт өгдөг байя” гэсэн. Харамсалтай нь чуулган дээр микрофоноо хаалгасан.

Уржигдрын (2020.01.20) цуглаан маш их эрч хүч өгсөн, ирээдүйг гэрэл гэгээтэй харагдуулсан жагсаал боллоо гэж хувь хүнийхээ үүднээс дүгнэж байгаа юм.Хэдийгээр талбай дээр очиж залуучуудтай хамтарч эсэргүүцлээ илэрхийлмээр байсан ч аль нэгэн нам, улс төрийн хүчин үүнийг хийж байгаа юм шиг харагдах вий гэсэн болгоомжлол байсан. Танай сониноор дамжуулж өчигдрийн (2020.01.20) жагсаалд оролцсон залуучуудад талархал илэрхийлмээр байна. Энэ бол бидний барьж байгаа зарчим юм. Өөрөөр хэлбэл, та нам байна уу, нам бус байна уу үл хамаарч нийгэмд оролцох дэд бүтэц нь ХҮН байя. Яг энэ утга санаа өчигдрийн (2020.01.20) хэн нэгнээс хамаарахгүйгээр залуучууд өөрсдөө хүссэн үедээ эвлэлдэн нэгдэж, маш соёлтойгоор тайван жагсаалаар шийдвэр гаргагчдад маш том сануулга өгснөөр харагдлаа. Нийгэмд ийм тохиолдол дахиж үүслээ гэхэд хэн нэгний шахалт, зохион байгуулалтгүйгээр хүрч ирээд эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж нийгэмд том доргилт үүсгэж, эрх мэдэлтнүүдэд их том нөлөөлөл байгаа юм байна шүү гэж мэдрүүлсэнд үнэн зүрхнээсээ талархаж байна. Яг ийм органик байдлаараа цааш цаашдаа жагсаал цуглаан явбал эрх мэдэл авсан улс төрийн хүчнүүд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог, илүү хүнээ дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг, ажилладаг болно. Ингэх нь Монгол Улсад хэрэгтэй гэж харж байна.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Ингэхдээ маш олон хэлэлцүүлэг хийсэн, давхардсан тоогоор гурван сая иргэнээс санал авсан гэж ажлын хэсэг мэдээлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас бусад хуулиудыг энэ өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх, Үндсэн хуулийн тайлбарыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бусад хуулиуд бол Үндсэн хуулийн тайлбар байдаг гэж хуульчид ярьдаг юм билээ. Энэ агуулгаар тухайлбал, Ерөнхийлөгчид өрсөлдөх хүний шаардлага Үндсэн хуульд тов тодорхой туссан. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хүн зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгогдоно гэж цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн зохицуулалт байна. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлэх юм бэ гэхээр 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлнэ гэж баталсан. Үүнийг дэмжиж УИХ шийдвэрээ гаргаж, Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч баталгаажуулж гарын үсгээ зурсан. Үндсэн хууль салаа утгаар тайлбарлагдах ёсгүй. Нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт орсон бол түүнд нь нийцүүлж салбар хуульд тусгах ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрөгч арван хоёрдугаар сарын (2020.12) сүүлээр хэлэлцсэн. Тэр үед энэ тухай зохицуулалтаа тов тодорхой тусгаач ээ гэдэг байр суурийг би илэрхийлсэн. Тухайлбал, Өмнөх Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хүн 45 настай байх шаардлага тавигдсан байсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа үүнийг 50 болгож өөрчилсөн. Мөн сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан, Монгол Улсын уугуул иргэн байх ёстой гэж тов тодорхой заасан. Харин зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэдэг энэ заалт дотор “урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй иргэн байх” гэсэн шаардлага агуулагдаж байгаа юм. Үүнийгээ тодотгож өгөөч ээ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс энэ заалтад хамаарагдахгүй. Энэ заалтаар зөвхөн нэг удаа зургаан жилээр гэж байгаа. Тиймээс зургаан жил дээд хязгаар байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа энэ заалтаа салаа утгаар ойлгох боломжгүйгээр тов тодорхой тусгаж өгөөч ээ гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь тусаагүй. Үүнийг тодорхой болгохгүй бол эрх зүйн тодорхойгүй байдал үүсч, хууль дээдлэх, эрх зүйт төрийн зарчим алдагдаж байна гэсэн агуулгаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Үндсэн хуулийн Цэцээс хариу ирсэн үү?

-Би Монгол Улсын иргэний журмаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Үүнийг Цэц 30 хоногийн дотор хүлээж аваад маргаан үүсгэх эсэхийг хэлэлцэх ёстой. Үүсгэх байх гэж найдаж байна.

-“Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалт 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилээр бус зургаан жилээр ажиллана, Ерөнхийлөгчийн сонгууль ч 2023 онд болно гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна л даа…?

-Маш тодорхой хэлье. Өмнөх Үндсэн хуулийн зохицуулалтаар бол дээд хязгаар нь найман жил буюу дөрвөн жилээр хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж болох заалт байсан. Одоогийн зохицуулалтаар дээд хязгаар нь зургаан жил болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс тухайлбал, Ц.Элбэгдорж гэдэг хүн хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, найман жил ажилласан. Дахиад зургаан жил гэвэл 14 жил болох гээд байгаа биз дээ. Тиймээс өмнөх Үндсэн хуульд заасан дээд хязгаар болох найм жил, одоогийн Үндсэн хуулийн зургаан жил гэдэг заалтыг зөрчих гээд байгаа юм.

-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд?

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жил ажиллаад нэмээд зургаан жил ажиллах юм бол нийт 10 жил болох гээд байна шүү дээ. Гэтэл өмнөх зохицуулалтын дээд хязгаар найман жил байсан бол одоо зургаан жил болж өөрчлөгдсөн гэж сая дээр хэллээ. Тэгэхээр өмнөх Үндсэн хуулиа ч, нэмэлт өөрчлөлт орж хүчин төгөлдөр үйлчилж байгаа одоогийн Үндсэн хуулиа ч аль алийг нь зөрчих гээд байгаа юм. Тиймээс зарим хүмүүс гаргалгаа гаргаж ирж байх шиг байна. Одоогийн Ерөнхийлөгчид шууд хоёр жилийг нь нэмээд өгчихье. Тэгэхээр өмнөх Үндсэн хуулиа ч тэр, нэмэлт өөрчлөлт орсон шинэ Үндсэн хуулиа ч зөрчихгүй байх юм биш үү гэдэг гаргалгаа гаргаж ирээд байх шиг байна. Би хуульч хүн биш эдийн засагч хүн. Эдийн засгийн асуудлыг маш сайн мэднэ. Гэхдээ би хуулийн асуудалд иргэн хүний хувьд, мөн хууль тогтоогчоор ажиллаж байгаа хүний хувьд хангалттай анхаарал хандуулах чадвартай. Дээрээс нь ХҮН олон сайн хуульчдын багтай. Манай хуулийн багийн ярьж байгаагаар хоёр жилээр сунгах боломжгүй гэж байгаа юм. Зарчмын нэг зүйл байна. Юу вэ гэхээр хэрвээ хууль тогтоогчид, эсвэл Ерөнхийлөгч өөртөө зориулж хууль баталж, батлуулаад бүрэн эрхийн хугацаагаа сунгаад байвал сонгууль, ардчилал ямар хэрэгтэй юм. Ард түмний бүрэн эрх яах вэ? Одоогийн МАН сонгуулийн хугацааг дөрөв ч гэдэг юм уу, эсвэл 10, 20 жилээр хойшлуулж хойд, өмнөд хоёр хөршийн нөхдүүдтэй адил системээр явж болно. Тэр тохиолдолд ардчилсан сонгууль, арчилсан төр засаг, парламентын ардчилал, бидний эрх эрх чөлөө байхгүй болно шүү дээ. Тийм биз. Тиймээс үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Ер нь хууль бус. Энгийн хүний нүдээр харсан ч гэсэн бидний хамгийн эрхэмлэж явах зүйл нь эрх чөлөө, тусгаар тогтнол. Үүнийг хамгаалж явах зүйл нь парламентын ардчилал. Үүнийг бэхжүүлэх зүйл нь ардчилсан сонгууль шүү дээ.

-Та ХҮН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. ХҮН-ын дарга байх хугацаандаа ямар ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна?

-ХҮН-ын даргаар ажиллаач ээ хэмээн намын хамт олон санал нэгтэйгээр энэ үүрэг даалгаврыг надад өгсөн. Үүнийг би эрх мэдэл, ямба гэхээсээ илүү ажил, ачаа, үүрэг гэж хүлээж авч байгаа. Ер нь ХҮН-ын онцлог нь эрх барьж байгаа намууд шиг хатуу гишүүнчлэлтэй, олон байшин барилга, эд хөрөнгөтэй нам биш. Энэ ганцхан өрөөнд л манай нам үйл ажиллагаагаа явуулдаг юм шүү дээ. Цалин, хангамжгүй зөвхөн олон нийтийн төлөө зуун хувь ажилладаг нам.

Хоёрдугаарт, нам гэдэг бол бодлогын институци байх ёстой. Тиймээс ХҮН улс төрийн салбарт илүү шинэ жишиг тогтоох нь бидний үүрэг гэж үздэг. Тиймээс намын даргын хувьд баримтлах 10 тулгуур бодлогоо зарласан. Мөн ХҮН ямар зарчимтай байх вэ гэдэг гурван зарчмаа тов тодорхой зарласан. Түүнийг та бүхэн нэг хараарай. Ерөнхийд нь тухайлж хэлбэл, хатуу гишүүнчлэлийг дэмжихгүй, хязгаарласан. Дарга төвтэй бус дэмжигч төвтэй, бодлогын нам байна. Бодлого судалгаанд үндэслэсэн шийдвэр гаргана. Шийдвэр гаргалтын тухайд манай намын бүтэц маш сонин шүү дээ.

Намаас гаргасан шийдвэрийг намын дарга ярьдаг болохоос биш намын дарга тэр хязгаараас хальж болдоггүй. Тиймээс нэг хүний нам бус институциональ нам байна. Дараагийн зүйл нь, цахимжсан нам байна. Зарим намууд их зовлонтой шүү дээ. Тухайлбал, намын их хурал хийх, гишүүдийн оролцоог хангах, одон медиалаар хангах, баахан оффис түрээслэх гээд. Тэгвэл бид үүнээс илүү бодлогын нам байна. Ингэхдээ олон хүмүүсийн үзэл бодлыг авч төрийн бодлогод тусгах боломж нь юу байна вэ гэхээр технологи. Тиймээс илүү цахимжсан, гишүүдийнхээ бүртгэлийг блокчейнд хийгээд явъя, хэн нэгэн өөрчлөхөөргүй байхаар зохицуулсан. Мөн аливаа шийдвэр гаргалт дээр гишүүд болоод дэмжигчдийнхээ саналыг цахимаар авдаг байя гэж байгаа юм. Энэ нь маш богино хугацаанд, хямд зардлаар хүмүүсийн оролцоог бий болгодог технологийн давуу талыг бид бий болгохгүй юм бол хэн ашиглах юм бэ. Бусад намууд ч бас ийм жишигтэй байгаасай.

-Намын даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн бэлдэж байна. Яаж оролцох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай дөрвөн намаас тус бүр нэг нэр дэвшигчийг дэвшүүлэх эрхтэй. Үүний нэг нь ХҮН буюу “Зөв хүн электорат” эвсэл. Бидний барьж байгаа байр суурь юу байна гэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сонголтгүй сонгууль болсон. Цагаан сонголт хийж байсан. Энэ удаа бид ард түмэнд сонголттой сонгуулийг өгнө гэж байгаа юм. Бүтэн жил үүнийг ярьсан. Үүндээ ч хатуу байр суурьтай байна. Бид “Ерөнхийлөгчөө захиалъя” гэсэн цахим санал асуулгыг гишүүд, дэмжигчдийнхээ дунд нээлттэй явуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ямар үндсэн шаардлагатай байх юм бэ гэдгийг гаргаж тавина. 3.4 сая монголчуудыг нэгтгэж чаддаг, манлайлж чаддаг, мөн дэлхийн 200 гаруй улсад очиж яриа, хэлэлцээр хийж чаддаг, Монгол Улсын нэр хүндийг өргөж, таниулж, зах зээлийг нь нээж чаддаг маш сайн нэг номерын дипломатч байх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн гэхээсээ илүү оюун санааны удирдагч нь баймаар байна. Монголчуудыг нэг зүг рүү харуулж чаддаг, худлаа ярьж, хулгай хийдэггүй зөв хүн баймаар байна.

Ийм хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлага байгаа юм. Энэ шаардлагыг хангаж байгаа хэн ч байсан, аав тань байна уу, өвөө тань байна уу, хашааны тань хүн байна уу, хамт ажилладаг хамтрагч, нутаг усны тань хүн байна уу гэдгээс үл хамаарч нэрийг нь өгөөч ээ гэж байгаа юм. Тэднээс бид сонгон шалгаруулалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, заавал ХҮН буюу “Зөв хүн электорат”эвслийн гишүүнчлэлгүй байсан ч хамаагүй. Манай намынх, нам бус гэдгээс хамаарахгүйгээр бид монголчуудыг нэгтгэх удирдагчийг л шалгаруулж, сонгох боломж, сонголтыг нь ард түмэнд өгнө. Энэ шинэ жишгийг Монголын улс төрд оруулж ирж байгаа юм.

-УИХ-аар Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсад бизнес эрхлэхэд хамгийн эхлээд үг хэлэх, бизнесээ эрхлэх эрх чөлөө нь нээлттэй байх ёстой шүү дээ. Гэтэл үүнийг нухчин дарж байгаа нэг айхавтар салбар нь хууль, шүүхийн байгууллага байсан. Үүнийг өөрчлөх ёстой гэдэгт ХҮН хатуу байр суурьтай байдаг. Хувь хүний хувьд ч тийм байр суурьтай байдаг. Тиймээс энэ хуулийг санаачлагчдын нэг нь би. Мөн дээрээс нь шүүхийн шинэчлэлийг хийхгүй бол болохгүй, хэн нэгэн даргаас хамааралтай байдаггүй, иргэн байна уу бизнес эрхлэгчид нь байна уу үл хамаарч иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар өөрийн асуудлыг яриулдаг, хэн нэгэн даргын үүсгэсэн хонгилоор дамждаггүй, хэн нэгэн эрх мэдэлтэнд хахууль өгч асуудлаа шийдүүлдэггүй байх зарчмыг Шүүхийн тухай хуульд оруулж чадсан гэж ойлгож байна. Үндсэндээ улс төрөөс ангид байх, улс төрийн эрх мэдэлтэй нэг, хоёр субьектээс хол байлгах, аль болох хуулийн хүрээнд ажилладаг бие даасан шүүхийн системийн дэд бүтцийг бий болгох нь бидний зорилго гэж харж байгаа юм. Бидний зорилго магадгүй 100 хувь үр дүндээ хүрээгүй байж болно. Гэхдээ томоохон өөрчлөлт шинэчлэл хийж байгаа.

Нэг жишээ хэлэхэд, ХҮН үүссэн цагаасаа эхлээд нэг бус удаа сонгуульд орж чадахгүйд хүрч, дан хууль шүүхийн байгууллагын цавчаан дунд явж ирлээ. Хамгийн энгийн жишээ гэхэд ердөө гуравхан сарын өмнө орон нутгийн сонгуульд ХҮН-ыг оруулахгүй гэдэг нэг шүүгчийн шийдвэр гарсан. Та бүхэн санаж байгаа бол 14-хөн хоногийн сонгуулийн сурталчилгааны хугацааны найман хоногт нь шүүхийн гадаа жагссан. Нөгөө шүүх нь шийдвэрээ цуцлахад сонгууль аль хэдийнэ дундаа орчихсон байхад бид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байсан. Ард түмний 10-20 хувийн дэмжлэгтэй, бүхэл бүтэн улс төрийн намыг сонгуульд оруулахгүй байхад юун хувь хүн бизнесүүд. Хэрвээ Монголд арчилсан сонгууль байхгүй, залуучууд нь нэгдэж сонгуульдаа орж чадахгүй бол ардчилал байхгүй шүү дээ. Тиймээс бид жагсаж эрхийнхээ төлөө тэмцсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *