Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Д.Энхбатыг монголчуудын оюун санааны удирдагч байж чадна гэсэн итгэл үнэмшлээр сонголоо

УИХын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) “Ерөнхийлөгчөө захиалъяхэмээх санал асуулга явуулсан. Үүний үр дүнд ХҮНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорсон гэж ойлгосон. Санал асуулга хэдий хугацаанд үргэлжилж, хэдэн хүн тодроод байв?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөн 45 хоногийн хугацаанд үргэлжилж, 20 мянган иргэд саналаа өгсөн. Нийслэлийн бүх дүүрэг,21 аймаг болоод гадаад оронд оршин суугаа монголчууд маш идэвхтэй саналаа өгсөн. Нийтдээ 140 орчим хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал болгосон. Зарим санал өгч байгаа хүмүүс өөрсдийгөө ч санал болгож байлаа. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм. Үүнд Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан.66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан.”Датакомын” Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан.Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсч байна. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлан бид шийдвэр гаргасан. Монголд оюун санааны лидер, гадаад улсад үйл ажиллагаа явуулах, монгол бизнесүүдэд зах зээлийг нь нээж өгөх, залуучуудад итгэл бий болгон сэргээж өгч чадах ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн юм.

Монголчууд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой. Нэг нам эвслээс сонгохоос илүүтэй нийт монголчуудын төлөөлөл байх ёстой. ХҮН, “Зөв хүн Электорат” эвсэл энэ хөдөлгөөнийг зарлахдаа өөрсдийнхөө нам,эвслийн гишүүнийг дэвшүүлье гэж бодохгүй байсан. Яагаад гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч нийт монголчуудын төрийн тэргүүн, эв нэгдлийнх нь баталгаа байдаг.Бид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Цаашид бид хуулийн хүрээнд ажиллана.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат ХҮНд гишүүнээр орох уу?

-Өөр намын харьяалалтай биш учраас ХҮН-ын гишүүнээр элсэж болно. Элсэхгүй байсан ч болно. Өмнө нь дандаа хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд намаа төлөөлөөд байдаг жишиг явсаар өдийг хүрлээ. Угтаа Ерөнхийлөгч ард иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай намын эрх ашиг бол 30 дугаар асуудал. Монгол Улсын эрх ашгаас давсан нам хувь хүн, бүлэглэлийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа одоогийн төрийн тэргүүнийг нам бус хүн байгаасай гэж бид үзсэн. Ерөнхийлөгчөөр сонгогдвол бид монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж чадах, монголчуудыг гадаад зах зээлтэй холбож чаддаг гадаад харилцааны хамгийн сайн мэргэжилтэн байж чадах нэгэн байх шаардлагыг тавина. Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг л бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна. Нэр дэвшигчид бүгд энэ шаардлагыг биелүүлж байгаа.

Танай нам 21 аймагт намын үүрүүдээ байгуулсан уу?

-Бид 21 аймагт намынхаа үүрийг байгуулаад явж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа. 21 аймагт сонгуулийн штабаа байгуулна. Аль болох цахим орчин сошиал сүлжээг ашиглаж сонгуульд оролцох болов уу. Энэ удаагийн сонгууль ковидын нөхцөл байдал хүндрэлтэй цаг үед зохион байгуулагдах нь. Тиймээс иргэдээ нэг газар бөөгнөрүүлэх, цуглуулах, иргэддээ дарамт бухимдал стресс өгөхгүй байхыг хичээнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр бид иргэддээ итгэл найдвар, гэрэл гэгээ өгөхөөр ажиллана. 16 хоногийн турш сонгуулийн сурталчилгаа үргэлжлэхээр нийслэлийн есөн дүүрэг болоод 21 аймгаар явах боломж бололцоо ховор байх болов уу.

С.Ганбаатар гишүүн танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших саналтай байгаагаа илэрхийлсэн юм уу?

-Албан ёсоор саналаа өгөөгүй. Ойр дотныхоо хүнээр танадуулсан зүйл бол бий.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Сонгуультай жил учраас айхавтар том реформын шинжтэй хуулийн төслүүд орж ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдэд таалагдах гэсэн популист байдлаар хуульд хандах гээд байдаг зүйл ажиглагддаг. Тиймээс аль болох реформын шинжтэй хуулийг сонгуулийн өмнө нь батлах нь буруу. Учир нь иргэдэд яавал нэр хүнд олох вэ, хэрхэн саналыг нь авах вэ гэсэн байдлаар хандаад ирэхээр улс оронд хэрэгтэй зөв хууль батлагдахгүй байх эрсдэлтэй. Харин сонгуулийн дараа хэлэлцэж батлах хуулийн төслийг нягт нямбай үзэж хэлэлцүүлэх хэрэгтэй.

Хөл хорио хэр үр дүнтэй болж байна гэж та бодож байна?

-Хөл хорио тогтоогоогүй бол ковидын тархалт улам л хяналтаас гарна. Өнөөгийн нөхцөлд хөл хорио тогтоохоос өөр замгүй. Харин хөл хориотой зэрэгцүүлээд вакцинжуулалтаа хурдацтай өрнүүлэх ёстой. Манайд бэлэн байдал муу байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ч хангалтгүй байна. Одоо ганц найдвар вакцин л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *