Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өмнө нь төсөвт тодотгол хий гэх шаардлагыг олон эдийн засагчид тавьж байсан. Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр хамгийн анх манай эдийн засгийн клуб төсөвт тодотгол хий гэх зүйлийг хэлж байлаа. Цар тахал урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо, тиймээс яаралтай төсөвт тодотгол хийх шаардлагатайг хэлж байсан юм. Төсвийн тодотгол хийх үндэслэл нь 2020 оны сонгуульд зориулж маш их хэмжээний хөрөнгө оруулалт орон нутгуудаар хийхээр болчихсон. Төсөвт 3.7 их наяд төгрөг тусчихсан байсан. Үр ашиггүй цемент цутгахаа болиод үүнийхээ хоёр их наядыг хэмнэчих. Дуусаагүй, үргэлжилж байгаа бүтээн байгуулалтуудаа явуулаад харин шинэ бүтээн байгуулалт хэрэггүй ээ гэсэн юм. Тэр эх үүсвэрээ ажлын байр бий болгох, ажлын байраа хамгаалах, монгол хүний орлогыг хамгаалах асуудалд чиглүүлээч гэсэн юм. Одоо хүртэл энэ байр суурин дээрээ байгаа. Хэдийгээр сонгуулийн дараа төсвийн тодотгол хийж байгаа ч гэсэн мэдээж төсөвт тодотгол хийх нь зөв. Аль болох нэг ч хүний орлогыг алдахгүй байх нь зүйтэй. Харамсалтай нь, орж ирсэн төсөл хүлээлтээс зөрчихлөө. Нөгөө л барилга байшингаа барих, сумын төвд 1-2 км зам барих, олон шаардлагагүй Соёлын төв барих зэрэг нь ороод ирж байна. Сум болгонд соёлын төв бариад тэнд ашиглалт байна уу гэхээр байдаггүй. Аймгийн соёлын төвүүд ч ашиглалтгүй. Саяхан бид Дархан, Эрдэнэтээр явахад Дарханы соёлын төв ямар том бүтээн байгуулалт вэ. Гэтэл ашиглалт юу ч байхгүй. Жилдээ хоёр гуравхан удаа арга хэмжээ зохион байгуулдаг байх. Урсгал зардал цахилгаан дулаан, харуул хамгаалалт зэрэг асар үр ашиггүй. Бүтээн байгуулалтын эсрэг байгаа юм биш. Барилга байшин ашиглалтад орсныхоо маргаашнаас дандаа зардал үйлдвэрлээд явдаг. Төсвийн зардлыг автоматаар өсгөдөг. Энэ жилийн төсөв урсгал зардал дээрээ нэлээд тэлчихсэн орж ирж байгаа. Дандаа бид халамжийн бодлогоор яваад байх юм уу. Аль эсвэл ажлын байрыг бий болгох чиглэлээр ажиллах юм уу. Улсын төсвийг харахаар ажлын байрыг бий болгох чиглэлээр хөрөнгө туссангүй. Зүй нь ЖДҮХС-даа мөнгөө тусгаад бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг гаргаж өгөх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд зээлийн хүүгээ буулгаад эхэлчихсэн. Жишээ нь, АНУ 0-0,25 хувьтай, Итали хүүгүй зээл, Япон 1-2 хувийн хүүтэй зээл олгож байна. Засгийн газар нь төсвөөсөө дэмжлэг үзүүлээд байгаа юм. Тэр нь ходоод руу нь биш ажлын байраа хамгаалсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг, зээл, урамшуулал өгдөг жишгээр явж байна. Харамсалтай нь манай төсөв дээр ийм зохицуулалтууд орж ирсэнгүй.

-Цар тахлаас шалтгаалсан манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь ойлгомжтой. Цаашид ер нь эдийн засгийн нөхцөл байдал хэрхэхээр байна вэ. Эдийн засгаа дэмжсэн, тэлсэн ямар бодлого шаардлагатай гэж үзэж байна?

-Манай улсын эдийн засаг агшчихсан. Эхний хоёр улирал дарааллаад хасахтай гарсан. Хоёр улирал дараалаад эдийн засаг хасах гарах юм бол хямрал гэдэг. Тэгэхээр онолын болоод бодит байдал дээр бид хямарчихсан байна. Дээрээс нь уул уурхайн орлого тасарчихсан. Төсвийнхөө орлого 2-3 их наяд төгрөгийн тасалдалтай явж байна. Энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой зүйл. Манай улсын эдийн засгийн онцлог нь хоёр дахь хагас жилдээ орлого нь орж ирдэг. Тэгэхээр энэ жилийн эцэс гэхэд эдийн засаг агшсан гарах буюу хямарчихсан байдалтай байх нь. Тиймээс шинэ Засгийн газар өмнөх хөрштэйгөө маш хурдан яриа хэлцэл хийх хэрэгтэй. Магадгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадах эсэхдээ тулахыг үгүйсгэхгүй.

-УИХ “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Зээлийн хүү манайд хэдий хугацаанд бодитой буух боломжтой вэ?

-Зээлийн хүү буурах боломжтой. Би энэ ажлын хэсэгт нь ороод ажиллая гэж бодож байгаа. Зээлийн хүүг бууруулдаг үе нь энэ. Мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого, төсвийн бодлого явуулах ёстой. Одоо уначихаад байна. Энэ үед зээлийн хүүг бууруулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмдэг, мөнгөний нийлүүлэлтийг нэмдэг, хүмүүсийн ажлын байрыг хадгалж авч үлддэг, орлогыг нь тасалдуулахгүй байх бодлого явах ёстой юм. Засгийн газар энэ чиглэлийн дагуу явахаар байна уу, аль эсвэл сонгуульд зориулсан бодлого явуулах нь уу. Тэгвэл маш хүнд байх нь ойлгомжтой болно. Монгол Улсын зовлон дараалсан олон сонгуультай болчихоод байна ш дээ. Их хурлын сонгууль, орон нутгийн сонгууль, ирэх жилээс Ерөнхийлөгчийн сонгууль байна. Ажил хийдэггүй, сонгуульд зориулж популист амлалт өгдөг. Үр ашиггүй баахан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Үүнийгээ больё гэж байгаа юм. Зээлийн хүү өнөө, маргаашгүй буурна гэхэд хэцүү. Гэхдээ дунд хугацаандаа бууруулах боломжтой. Үүний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилла гэх шаардлагыг Засгийн газар, Монголбанкинд ч өгнө. Би өөрөө нэлээд тулж ажиллана.

-Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах тухай яригдаж байгаа талаар та хэлж байсан. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг батламжилж ирсэн байдаг. Одоо чуулганаар хэлэлцэгдэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ямар байр суурьтай байгаа вэ. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа юм бол?

-Ардчилал гэдэг Монгол Улс цаашдаа амьд байх, тусгаар байх, оршин тогтнох үндэс нь гэж хардаг. Бид ардчиллыг дэмждэг. Ардчиллыг хамгаалахаас өөр аргагүй. Тиймээс парламентын ардчиллаа хамгаална, бэхжүүлнэ, хөгжүүлнэ. Нөгөө талаар орон нутгийн удирдлага үүнтэй холбоотой. Хэн нэгэн дарга дээрээс нь томилоод явдаг биш иргэд нь Засаг даргаа сонгодог, иргэд нь төсвийнхөө, хөгжлийнхөө асуудалд оролцдог, саналаа өгдөг байж үр ашиггүй систем устана. Хуулийг ийм үзэл баримтлалаар явуулах боломжгүй. Иргэд нь хот, сумынхаа Засаг даргыг өөрсдөө сонгодог байх хэрэгтэй. Хэн нэгэн нам биш. Эрх барьж байгаа намын дарга биш. Орон нутгийн сонгуулиас өмнө ийм том реформын шинж чанартай хуулийг оруулж ирээд хэлэлцүүлнэ гэвэл цаг хугацааны хувьд боломжгүй. Сонгуульд оруулсан хууль хийгээд байвал улс орны ирээдүй, орон нутгийн хөгжлийн асуудлыг дараа дараагийн асуудал гээд орхиж байгаатай адил. Гэтэл орон нутгийн реформ бодит амьдрал дээр нэлээд практик баймаар байгаа юм. Бид цаашид 21 аймаг, 330 сумтайгаа явах юм уу. Цаашдаа үр өгөөжийг нь хэрхэн дээшлүүлэх юм. Хүн амын төвлөрөл үүсч байж эдийн засаг тэлнэ. Хүчээр Засгийн газраас санхүүжилт хийгээд явахаар төсөв дандаа алдагдалтай гардаг. 330 суманд ямар ч бизнес байхгүй. Тэнд төрийн албан хаагчдын цалин дээр тогтдог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж олон жил ярьснаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Аймаг, сумдыг нэгтгэх хэрэгтэй. МАН ажлын байр хаана хийж байна гэхээр дандаа орон нутгийн барилгын ажил хийж байгаа компаниудаа хэлээд байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт та шүүмжлэлтэй хандаж байсан. МАН сонгуульд орохдоо амласан мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаагүй гэж ойлгох уу?

-МАН Засгийн эрх авахдаа баахан амлалт өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх гурван бичиг баримтыг бүх зүйл заалтаар нь харьцуулж үзлээ. Жишээ хэлэхэд, МАН-ын мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулна гэж байгаа юм. Ядуурал одоо 30 хувьтай байна. Үүнийгээ үндсэн чиглэлдээ 2025 он гэхэд ядуурлыг 20 хувьтай болгоно гээд заачихсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ядуурлыг тууштай бууруулна гэсэн байгаа юм. Тоо байхгүй. Дөрвөн жилийн үйл ажиллагаа илүү тодорхой байх ёстой. Тоотой, хугацаа нь тодорхой ёстой. Түүнчлэн улсын хэмжээнд ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг нэг ээлжтэй болгоно гээд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгачихсан. Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр энэ тухай огт заагаагүй. Мөн мөрийн хөтөлбөр дээр нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ гэсэн байгаа. Гэхдээ үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ямар ч заалт байхгүй. Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа хариуцлагатай баймаар байна. Энэ мэтчилэн хэрэгжих ажлууд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан байх ёстой биз дээ. Цаашид бид Сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө ач холбогдол өгч, түүнийгээ тойроод мэтгэлцдэг жишиг тогтоох шаардлагатай. Үүнийг энэ Засгийн газар эхлүүлээд яваасай гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *